2025 оны зургаадугаар сарын 9-нд Булаг Pharmacy нэртэй хуудаснаас “Дасгал, өлсгөлөн, хэт хөлсөө гартал хичээллэхгүйгээр биеэ өөрчлөхөд Sumifun Arm Slimming Cream танд тусална. Энэхүү үр дүнтэй гарын тураах тос нь арьсны гүн давхаргад нэвтэрч, илүүдэл өөх тосыг задалж, шатаахад нөлөөлнө. Унжсан арьсыг чангалж, хэлбэржүүлэн галбиртай болгож өгнө. Хорт бодисыг гадагшлуулж, арьсыг цэвэр, гэрэлтсэн болгоно” гэж нийтэлсэн байна. Уг пост 710 реакц, 2100 гаруй сэтгэгдэл цуглуулж, 338 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд буй тосыг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад, гаднын худалдааны сайтуудад “гарын суларсан арьсыг чангалж, өөх шатааж, тураах тос” гэсэн тайлбартай байршуулжээ. Тус бүтээгдэхүүний гарал үүсэл, орц найрлагын талаар нээлттэй мэдээлэл ховор ч Ebay худалдааны сайтад тайлбарласнаар олон төрлийн ургамлын ханд, гоо сайхны нэмэлт бодисууд агуулагджээ. Гэвч тэдгээр нь өөх шатааж, турахад шууд нөлөө үзүүлдэггүй бодисууд байна. Тухайлбал, Menthol буюу мэнтил нь мята (mint) төрлийн ургамлын навчнаас гаргаж авдаг органик нэгдэл юм. Уг нэгдэл нь ус, тосонд уусахдаа амар бөгөөд түрхэх үед сэрүүцүүлж, тайвшруулан, чангарсан мэт мэдрэмж өгдөг ч өөх шатаахад ямар ч нөлөөлдөггүй байна.
Мөн тус гарын өөх шатаах тосны үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа илэрсэнгүй. Өөрөөр хэлбэл уг бүтээгдэхүүн нь өөх шатааж, тураах төрлийн найрлага агуулаагүй, шинжлэх ухааны хүрээнд судлагдаагүй, баталгаагүй бүтээгдэхүүн байна.
“Тураах” нэрийдлээр олон төрлийн баталгаагүй бүтээгдэхүүнийг борлуулах үзэгдэл нэмэгдэж байна. Тэдгээр бүтээгдэхүүн нь бүрэн батлагдаагүй тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд хэт сайшаан магтсан, хуурамч бүтээгдэхүүнийг шууд худалдан авахаас татгалзаарай.
Жин хасах, биеийн хэлбэрээ өөрчлөхөд зориулагдсан тос, наалт, эм гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүний талаарх мэдээллүүд сүүлийн үед эрчээ авч байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн “өөх хайлуулна”, “арьсны доорх өөхийг багасгана”, “цусны эргэлтийг идэвхжүүлж, хаван буулгана” гэх зэргээр сурталчилдаг. Гэвч тэдгээрийн ихэнх нь бүрэн батлагдаагүй, шинжлэх ухааны судалгаа дутмаг, үр нөлөөгүй байх нь бий.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас тураах зориулалттай худалдаалагдаж буй зарим бүтээгдэхүүнд зөвшөөрөгдөөгүй эм, хориглосон орцууд агуулагдсан байсныг лабораторийн шинжилгээнд үндэслэн мэдэгдсэн байдаг. Энэ нь зарим төрлийн тураах бүтээгдэхүүн нь хүний эрүү мэндэд хор хөнөөлтэй байж болзошгүйг сануулж байна. Учир нь тураах бүтээгдэхүүн нь ихэвчлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж тооцогддог тул шинжилгээнд хамрагдаагүй байх нь түгээмэл бөгөөд зах зээлд буй бүх бүтээгдэхүүнийг шинжлэх боломжгүй байдаг гэдгийг тус байгууллага дурджээ. Түүнчлэн, 2014 оны нэгдүгээр сард АНУ-ын Холбооны Худалдааны Комиссын шалгалтаар зарим тураах бүтээгдэхүүн нь маркетингийн үйл ажиллагаандаа хуурамч сурталчилгаа хийж байсан нь батлагдаж, холбогдох байгууллагуудад нийт $34 саяын торгууль ногдуулсан байна. Тэдгээр нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй амлалт өгсөн сурталчилгаагаар хэрэглэгчийг мэхэлж байжээ. Иймд аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө үүсэж болох эрсдэлийг тооцож, сайтар шалгаж байгаарай.
Үүнээс дүгнээд үзэхэд гарын өөх хайлуулж, тураана гэх уг тос нь гарал үүслийн мэдээлэл хомс, баталгаагүй бүтээгдэхүүн байна. Учир нь тус тосны найрлагад агуулагдаж буй орцууд нь өөх шатааж, турахад шууд нөлөөгүй, арьс арчилгаанд түгээмэл ашигладаг бодисууд байна. Мөн олон улсын байгууллагуудаас энэ төрлийн бүтээгдэхүүн нь ихэвчлэн шинжилгээнд хамрагдаагүй, бүртгэлгүй байдгийг сануулжээ.


