Search

Гепатит В вирусийн халдвараас сэргийлэх вакцин аутизм үүсгэдэггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1538

Ерөнхий агуулга

Гепатит B вирусийн вакцин аутизм үүсгэдэг гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сүүлийн үеийн өргөн цар хүрээтэй хэд хэдэн судалгаанд вакцин болон аутизм хооронд холбоо хамааралгүй болохыг дүгнэсэн.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 08 дугаар сарын 07-нд Khulan Ruchira (архивласан хувилбар) гэх нэртэй Facebook хаяг гепатит В вирусийн эсрэг вакцин аутизм үүсгэдэг тухай мэдээлэл түгээжээ. Постод тайлбарласнаар “Төрөх эмнэлэгт тарьдаг В гепатитын вакцин нь аутизм үүсгэж байна. Хөвгүүд илүү өртөмхий байгаа нь эр бэлгийн гормонтой нь холбоотой юм байна” гэсэн ба вакцины улмаас хөвгүүдийн дааварт өөрчлөлт оруулдаг тухай дурджээ. Тус постыг нийт 313 реакц, 36 сэтгэгдлээр идэвхжүүлж, 372 удаа цааш түгээсэн байна.

Вакцин аутизм үүсгэдэг тухай батлагдаагүй ойлголт нь 1998 онд нийтлэгдсэн Британийн судлаач Эндрю Вэйкфилдийн судалгаанаас үүдэлтэй бөгөөд тэрээр 12 хүүхдийг хамруулсан жижиг судалгаандаа арга зүйн болон шинжлэх ухааны судалгааны алдаа гаргасан учир түүний судалгааг эргүүлэн татаж байжээ. Уг судалгааг хүлээн зөвшөөрөгдөөгүй ч вакцин аутизм үүсгэдэг гэх ойлголт өргөн тархаж, хуурамч мэдээллийн үндэс болсон байна. Харин хожим томоохон хэмжээний судалгаанууд уг агуулгыг үгүйсгэж, вакцин болон аутизмын хооронд холбоо байхгүйг харуулжээ.

Хэдийгээр 2010 онд интернэтэд нийтлэгдсэн “Эрэгтэй нярайн В гепатитын вакцинжуулалт ба аутизмын оношилгоо, NHIS 1997-2002” судалгааны үр дүнд гепатит В вирусийн эсрэг вакцин хийлгэсэн эрэгтэй нярай вакцин хийлгэсэн эсвэл хожуу хийлгэсэн хүүхдүүдээс 3 дахин илүү аутизм тусах эрсдэлтэй гэж дүгнэсэн нь тус төрлийн вакцин нь аутизм үүсгэж болох тухай үндэслэл болсон энэхүү судалгаа нь хангалттай хэмжээнд дүгнэлт хийх арга зүй ашиглаагүй байна.

Тус судалгаанд вакцин хийлгэсэн аутизмтай болон аутизмгүй хүүхдийн тоо хэт зөрүүтэй байсан ба судалгааны асуулгыг эцэг, эх асран хамгаалагчаас нь авсан байна. Энэ нь асран хамгаалагчид буруу санах, санахгүй байх, мэдээлэхгүй байх (recall bias) эрсдэл үүсгэж болзошгүй. Судалгааны үед ямар нэгэн өвчин туссан хүн өвдөөгүй хүнээс илүү мэдээллээ санах хандлагатай байдаг (recall bias) учир мэдээлэл орхигдох, гажуудах, судалгааны үр дүн үнэн бодитой гарахгүй байх магадлалтай байна. Жишээлбэл, хүнд өвчин туссан хүн өөрт тохиолдсон үйл явдал, идсэн хоолыг илүү санах, мэдээлэх хандлагатай байдаг бол өвдөөгүй хүн санахгүй байх тохиолдолд судалгаанд оролцогч талуудын мэдээлэл бүрэн бус, чанаргүй гарах юм.

Сүүлийн жилүүдэд хийгдсэн илүү өргөн хүрээний, судалгаануудад гепатит В вирусийн эсрэг вакцин болон аутизм хооронд хамаарал байхгүй гэж дүгнэжээ.

2014 онд нийтлэгдсэн “Вакцинууд аутизмтай холбоогүй: Тохиолдлын хяналт ба когортын судалгааны нотолгоонд суурилсан мета-шинжилгээ” судалгаанд 1 сая 200 мянга гаруй хүүхдийг хамруулсан таван когорт судалгаа, 9920 хүүхдийг хамруулсан тохиолдлын хяналтын судалгааг хамруулан судалжээ. Судалгааны үр дүнд вакцин нь аутизмтай холбоо хамааралгүй болохыг онцолсон байна. Мөн цаашлаад улаан бурханы вакцин, тимеросал, мөнгөн ус бага зэрэг агуулсан вакцин нь аутизмтай үүсгэдэггүй гэж дүгнэжээ.

АНУ-ын Үндэсний Анагаах Ухааны Академиас 2012 онд гаргасан “Вакцины сөрөг нөлөө: нотлох баримт ба учир шалтгаан” судалгаа нь хэдэн мянган судалгаа, клиникийн тайлан зэргийг нэгтгэн, шинжилгээ хийсэн өргөн хүрээний судалгаа юм. Тус судалгаанд насанд хүрэгчид болон хүүхдүүдэд хийдэг хоолойн сахуу, улаанууд, гепатит Б вирусийн эсрэг, томуу, хүний папиллома вирусийн эсрэг (ХПВ) гэх мэт 8 төрлийн вакциныг судалжээ. Өмнө хийгдсэн хэдэн мянган судалгаа болон клиник тохиолдол, бүртгэлд үндэслэн эдгээр вакцины ховор тохиолдох гаж нөлөө болон хүнд, хөнгөн өвчлөл үүсгэж байгаа эсэхийг нягталсан байна. Үүний нэг нь аутизм үүсгэдэг эсэхийг судалсан ба судалгааны баримтууд вакцин болон аутизмын хооронд холбоо байхгүйг харуулжээ.

2025 онд нийтлэгдсэн “Хөнгөн цагаан шингэсэн вакцин ба хүүхдийн архаг өвчин: Үндэсний хэмжээний когортын судалгаа” судалгааг Дани улсад 1997 оноос 2020 оны хооронд хийсэн ба 1997-2018 оны хооронд төрсөн 1 сая 200 мянга гаруй хүүхдийг хамруулж, аутизмын спектрийн эмгэг, анхаарлын дутагдал-гиперактив эмгэг зэрэг мэдрэлийн хөгжлийн, харшлын, аутоиммуни гэх мэт 50 гаруй өвчлөлийн тохиолдлыг хянан судалжээ. Судалсан хэд хэдэн вакцины нэг нь гепатит в вирусийн эсрэг вакцин юм. Судалгааны үр дүнд вакцинд агуулагдах хөнгөн цагаан нь аутоиммун өвчин, харшил, аутизм зэрэг 50 орчим архаг өвчин тусах эрсдэлтэй ямар ч холбоогүй болохыг тогтоожээ.

Пенсильванийн биотехнологийн төвийн дэргэдэх Гепатит В сангийн албан ёсны сайтад гепатит В вирусийн эсрэг вакцин нь аутизм үүсгэдэггүй болохыг мэдээлсэн.

Мөн Калифорнийн их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Питер Чин-Хонг “Гепатит В-ийн вакцин аутизм үүсгэдэг эсвэл эрсдэлт хүчин зүйл болдог гэсэн нотолгоо байхгүй” хэмээн ABC News мэдээллийн сайтад өгсөн яриандаа дурджээ.

Шалгасан мэдээлэлд гепатит В вирусийн эсрэг вакцин үүсгэдэг гэж мэдэгдсэн боловч энэ нь судалгаагаар батлагдаагүй ба сүүлийн үеийн өргөн цар хүрээтэй хэд хэдэн судалгаанд вакцин болон аутизм хооронд холбоо хамааралгүй болохыг судлан дүгнэснийг харж болохоор байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Гепатит B вирусийн вакцин аутизм үүсгэдэг гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document