Search

Японд “коруги массажаар нүүрний ясыг жижгэрүүлнэ” гэх хуурамч сурталчилгаанд хариуцлага тооцож байжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1537

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гавлын ясны массажаар нүүрний хэмжээг багасгана гэх агуулга бүхий сурталчилгааны пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Массаж, бариагаар гавлын ясыг жижгэрүүлэх боломжтойг харуулсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй бөгөөд Японд ийм хуурамч сурталчилгаа хийсэн газруудад хариуцлага тооцож байжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сарын 28-нд Саран Нүүрний Иог ба Гуаша сургалтын төв хуудаснаас гавлын ясны бариа, массажны зар бүхий гавлын яс жижигхэн болж буй мэт дүрслэлтэй бичлэг нийтэлжээ. Бичлэгийг нийт  37 сэтгэгдлээр идэвхжүүлж, 137 удаа цааш түгээжээ. Тус постод  “Нүүр жижигсгэх  япон массаж. Биеийн яснаас гадна гавлын ясанд өөрчлөлт орж тэлж нүүр томорч унжиж хөгширдгийг та мэдэх үү? Бас засаж болдгийг та мэдэх үү?… Нас ахиад ясны зай завсар тэлсэн, олдмол далийлттай хүсүүст тохирно. Ясны байдлаас хамаарч үр дүн харилцан адилгүй. Насны хязгаар 18-65” гэх агуулгыг дурдсан.

“Саран нүүрний иог ба гуаша сургалтын төв” хуудаст оруулсан постуудад гавлын ясны бариа нь коруги гэх япон бариа хэмээн тайлбарлажээ. Коруги массажний тухай хайхад Японы хэд хэдэн сайтад коруги массажны үйл ажиллагаа явуулдаг газрууд хуурамч, төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн тухай мэдээлэл илэрцээр гарч ирлээ.

Тухайлбал, Японы хэрэглэгчийн асуудал эрхэлсэн газраас ясны массажаар нүүрний хэмжээг багасгана хэмээн төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн Токиод төвтэй гоо сайхны хиропрактикийн нийгэмлэгт залруулах арга хэмжээ авахыг шаардсан тухай Nikkei мэдээллийн сайтад 2013 онд  мэдээлжээ.  Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт тухайн нийгэмлэг барианы өмнөх болон дараах зургийг баталгаа болгон харуулсан ч агентлагаас “иллэг нь нүүрний хэмжээг богино хугацаанд багасгаж болох ч яс багасаж, хэлбэр өөрчлөгдөх, урт хугацаанд үр дүнтэй байна гэсэн нотолгоо байхгүй” хэмээн мэдээлжээ.

2019 онд Токио хотын  захиргаанаас “Зүй бус төлбөр болон төөрөгдүүлсэн сурталчилгаа”-ны тухай хуулийг зөрчсөн 2 салонд тусгай захирамж гаргаж, цаашид төөрөгдүүлсэн сурталчилгаа хийхгүй байх зааварчилгаа өгсөн байна. Тус компаниуд коруги массажны үйлчилгээ явуулдаг байсан ба гавлын ясны буруу байрлалыг засаж, нүүр жижгэрүүлнэ гэж үр дүнг дөвийлгөн худал сурталчилжээ.

Мөн 2016 онд коруги массажны үйлчилгээ үзүүлдэг 9 аж ахуй нэгж “Зүй бус төлбөр болон төөрөгдүүлсэн сурталчилгаа”-ны тухай хуулийг зөрчиж хуурамч сурталчилгаа явуулсан хэргээр Японы хэрэглэгчийн асуудал эрхэлсэн газраас тушаал гаргасан тухай мэдээлжээ.

Японы гоо сайхны газрын хуурамч сурталчилгааны талаарх мэдээ (автомат орчуулга ашиглав). Эх сурвалж: Никкей

Гоо сайхны мэс засалч доктор Кацуяа Такасу “…нүүрний ясыг засаж, жижгэрүүлэх массаж нь худал бөгөөд хүмүүст огт санал болгохгүй… Мөн гавлын яс нь тархийг хамгаалж байдаг. Ясыг зөвхөн мэс заслаар багасгах боломжтой ба энэ нь амь насанд аюултай том хэмжээний мэс засал байдаг… “ хэмээн хэрэглэж болохгүй, татгалзах гоо сайхны аргуудын тухай ярилцлагадаа дурджээ.

Шалгасан хаяг нь Японы гавлын ясны бариа нь нүүрний ясны байрлалыг засаж, нүүр жижигрүүлнэ гэх мэдээллийг түгээсэн. Гэвч Японы хэрэглэгчийн асуудал эрхэлсэн газраас коруги массажны үйлчилгээ явуулдаг газруудад  хэт дөвийлгөсөн хуурамч сурталчилгаа хийсэн хэмээн захирамж гаргасан байна.

Нүүр, толгойн массаж нь нүүрний булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулж, жижигхэн болсон мэт харагдуулдаг ч энэ нь ясны байрлалыг өөрчилж, нүүрийг жижигхэн болгохгүй. Массаж, бариагаар гавлын ясыг жижгэрүүлэх боломжтойг харуулсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Гавлын ясны массажаар нүүрний хэмжээг багасгана гэх агуулга бүхий сурталчилгааны пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document