Search

“Тураах бугуйвч” гэх баталгаагүй бүтээгдэхүүний талаар хуурамч хаягаас сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1536

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“HOUKEA соронзон ион энерги бугуйвч” гэх өөх шатааж, тураах бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас админ удирддаг баталгаагүй хуудаснаас шинжлэх ухаанаар нотлогдоогүй, үр дүнгүй бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээж, сэжиг бүхий линкээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 9-нд Ouhoe nail fungus spray нэртэй хуудаснаас “HOUKEA соронзон ион энерги бугуйвч” гэх өөх шатааж, тураах бүтээгдэхүүний талаар бичлэг нийтэлсэн байна. Уг пост 1700 гаруй реакц, 2500-аад сэтгэгдэл цуглуулж, 664 гаруй  удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглалаа. 

Хаягийг шалгах аргыг ашигласан нь 

Тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Ouhoe nail fungus spray гэх хуудас нь 2024 оны есдүгээр сарын 21-нд Eelhoe nail fungus spray нэртэйгээр нээгдэж байжээ. Уг хуудас нь 891 дагагчтай бөгөөд Вьетнам улсаас админ удирдаж, мэдээлэл түгээдэг байна. Тус хуудас нь холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны мэйл гэх мэт тодорхой мэдээлэлгүй байна.

Уг хуудаснаас түгээж буй мэдээлэл нь холбогдох хаяг, утасны талаар нэмэлт мэдээлэлгүй. Бүтээгдэхүүнийг хэрхэн захиалж, хүргүүлж авах нь тодорхойгүй. Зөвхөн хувийн мэдээлэл бөглөх линк байршуулсан байна. Мөн хэрэглэгчийн үлдээсэн сэтгэгдлийг бусдад харагдуулахгүй байх тохиргоо хийжээ. Эдгээр нь тухайн хуудас баталгаатай эсэхэд эргэлзэх үндэслэл юм. Учир нь эдгээр нь цахим залилангийн постод ажиглагддаг түгээмэл шинжүүд юм.

Зургаар хайх аргыг ашигласан нь

Тухайн хуудаснаас “HOUKEA соронзон ион энерги бугуйвч” гэх бүтээгдэхүүний талаар л мэдээлэл түгээсэн байх тул уг бүтээгдэхүүний баталгаатай байдлыг шалгахын тулд Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайж нягталлаа.

Эл бүтээгдэхүүнийг зургаар хайхад дурын хэрэглэгч мэдээллээ оруулж болдог, үнэн бодит байдалд хариуцлага хүлээх шалгуур зэрэг чөлөөт зохицуулалттай худалдааны платформуудын нэг болох ebay-д байршуулсан “Өөх хайлуулах спорт бугуйвч” гэх бүтээгдэхүүн илэрлээ. Тухайн бугуйвчийг зүүхэд хэт авианы долгионоор өөхийг хайлуулж, биеийг хэлбэржүүлнэ гэх зэргээр сурталчилжээ.

  • Гэвч энэ төрлийн бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа илэрсэнгүй. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагаас энэ төрлийн бугуйвч, гоёл чимэглэл нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолсон байна. Тухайлбал,

АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос “Хоолны зуршил, амьдралын хэв маягаа өөрчлөхгүйгээр эм, тос зэрэг арьсанд зүүж, наах элдэв бүтээгдэхүүн хэрэглэх нь таныг турахад нөлөөлөхгүй. Мөн эдгээр бүтээгдэхүүний зарим нь таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй. Ийм төрлийн зар сурталчилгаа, турах бүтээгдэхүүний талаарх хуурамч мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй” гэж анхааруулжээ. Түүнчлэн, Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн PolitiFact төвөөс ижил төрлийн “соронзон бугуйвч” гэх бүтээгдэхүүнийг шалгаж, турахад үр нөлөөгүй гэдгийг баримтаар баталгаажуулжээ.

Эмнэлгийн түшинд “хэт авианы кавитаци” гэдэг өндөр давтамжтай долгионоор өөхний эсийн мембраныг задлах арга байдаг. Гэвч уг арыг өндөр хүчин чадал бүхий тусгай төхөөрөмжөөр, мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэдэг байна. Мөн тус эмчилгээний хэлбэр нь жин хасахад бус, тодорхой хэсгийн өөхний хэмжээг багасгахад зориулагдсан. Ингэхдээ хувь хүний биеийн онцлогоос хамааран хоорондоо олон хоногийн зайтай, тогтсон хэмжээгээр ашигладаг байна. Харин шалгаж буй мэдээлэлд дурдсан бугуйвч нь өндөр хүчин чадалтай долгион үүсгэх технологитой дүйцэхүйц хэмжээний энергийг ялгаруулахгүй.

Үүнээс дүгнээд үзэхэд баталгаагүй хуудаснаас шинжлэх ухаанаар нотлогдоогүй, үр дүнгүй бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээж, сэжиг бүхий линкээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“HOUKEA соронзон ион энерги бугуйвч” гэх өөх шатааж, тураах бүтээгдэхүүний талаар мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document