2025 оны наймдугаар сарын 3-нд Эрка Босоо Хөх Монгол хаягаас “15 минутын өмнө Бээжинд их хэмжээний үер болж, 30 хүн амиа алджээ. Тэдний нэг нь 2016 онд хүндэт Оскарын шагнал хүртсэн домогт Жеки Чан байсан бөгөөд түүний эхнэр Жоан Лин” гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна. Уг пост 353 реакц, 105 сэтгэгдэл цуглуулж, 17 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бээжин хотод болсон үерээс үүдэн “жүжигчин Жэки Чаныг нас барсан” гэх цуурхал цахим орчинд түгж эхэлсэн. Уг мэдээллийг нэгэн зургийн хамт түгээсэн нь дэлхий даяар хурдтай тархаж, олон хүнд хүрчээ. Энэхүү мэдээлэл нь Монголд түлхүү Facebook платформд нийтлэгдсэн байна. (энд, энд)
Тус агуулга гаднын оронд ч шалгаж буй мэдээлэлтэй ижил тайлбар, зурагтай түгснийг Шри Ланкын “Factcrescendo” баримт шалгах төв нягталсан байна. Тэд уг мэдээллийг хэд хэдэн баримтаас үндэслэн “худал” гэж дүгнэжээ. Үүнд, “Жэки Чаны үхлийн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар ч мэдээлэл нийтлээгүй. Харин ч түүнийг эрүүл саруул, идэвхтэй ажиллаж байгаа тухай хэвлэлүүд нийтэлсээр байгаа. Түүнчлэн наймдугаар сарын 4-нд NBA-ийн од Жимми Батлер Хятадад зочлох үедээ Жэки Чантай уулзаж, зургаа даруулсныг Golden State Warriors багийн албан ёсны X хуудсанд нийтэлжээ” гэсэн байна.
Everything is Kung Fu.@JimmyButler linked up with the one and only @EyeOfJackieChan in Beijing 🤝 pic.twitter.com/gLCNFrfQXT
— Golden State Warriors (@warriors) August 4, 2025
Түүнээс гадна, шалгаж буй мэдээлэлд хавсаргасан оршуулгын зургийг хиймэл оюунаар бүтээсэн байна. Үүнийг бид AI шалгах хэрэглүүр болох Decope AI-г ашиглан шинжиллээ. Шалгалтын үр дүнд тухайн зургийг хиймэл оюунаар бүтээсэн байх магадлал 99.9 хувьтай илэрсэн. Энэ нь тухайн зураг бодит бус, зохиомол гэдгийг илтгэж байна.

Түүнчлэн наймдугаар сарын 3-нд Оскарын шагналт жүжигчин Жэки Чан “The Shadow’s Edge” киноныхоо нээлтэд оролцсон нь Хятадын Weibo олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн юм. Мөн Ройтерс мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар долоодугаар сарын 23–29-нд Бээжин хотод хүчтэй бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, 44 хүн амь насаа алдаж, 70 000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Эдгээр баримтуудаар Бээжин хотод болсон үерийн үеэр жүжигчин Жэки Чан амь насаа алдсан гэдэг нь “худал” мэдээлэл болох нь батлагдаж байна.


