2025 оны 07 дугаар сарын 30-нд Хөх Мэргэдийн Гал гэх хаягаас “Ихэр солирын бороо” гэх тайлбартай солир бууж буй мэт дүрслэлтэй хэд хэдэн бичлэгийг нийлүүлэн түгээжээ. Тус бичлэгийг нийт 260 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,100 гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2025 оны 01 болон 03 дугаар сард болсон SpaceX компанийн сансрын хөлөг агаарт дэлбэрсэн тухай мэдээллүүд түлхүү гарч ирж байна. Тодруулбал, 2025 оны 01 дүгээр сарын 19-нд NBC News мэдээллийн сайтын Youtube сувагт SpaceX компанийн 01 дүгээр сарын 16-нд хөөргөсөн сансрын хөлөг агаарт дэлбэрсэн тухай мэдээллийг, интернэт орчинд түгсэн хэд хэдэн бичлэгийн хамт оруулжээ
SpaceX компани сансрын хөлөг хөөргөх 7 дахь туршилтаа АНУ-ын Техас мужид хийсэн. Хөлгийн 6 хөдөлгүүр нэг нэгээрээ унтарч, хөөрснөөсөө 8 минутын дараа холбоо тасарчээ. Хөлгийн дээд хэсэг Карибын тэнгисээс Атлантын далайн чиглэлд нисэж байхдаа задарч, тухайн бүсийн Туркс, Кайкосын арлын нутагт зарим хэсэг нь унаж хохирол учруулсан байна.
2025 оны 07 дугаар сарын сүүлээр солирын бороотой холбоотой мэдээлэл сошиал медиад өргөн тархсан. Шалгасан бичлэг нь 2025 оны 01 дүгээр сард болсон сансрын хөлгийн дэлбэрсэн хэсэг унаж байх үеийн бичлэг юм. Гэвч уг бичлэгийг солирын бороотой холбон төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.




