Search

ОХУ, АНУ, Итали улс ДЭМБ гишүүн хэвээр байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1531

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ, Орос, Итали гэх мэт орнууд ДЭМБ-ыг улсаасаа хөөж гаргалаа” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ, ОХУ, Итали нь одоог хүртэл ДЭМБ-ын гишүүн хэвээр байна. Мөн тэдгээр улсаас ДЭМБ-ыг “хөөсөн” гэх албан ёсны эх сурвалжийн мэдэгдэл байхгүй. Түүнчлэн ДЭМБ-аас гарах шийдвэр нь албан ёсны дүрэм журмын дагуу сайн дураар шийдвэрлэх зүйл бөгөөд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг “албадан хөөх” үйлдэл биш.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны наймдугаар сарын 5-нд Ulziitogtokh Tsedev хаягаас “АНУ, ОРОС, ИТАЛИ гэх мэт орнууд ДЭМБ-ыг улсаасаа хөөгөөд гаргалаа. Монголд 9 нь, ЭМ-ийн сайд нь, зарим эмч нар нь ДЭМБ-ын зөвлөмжөөр вакцинаар аллага үйлдээд л байгаа” гэсэн тайлбартай постыг нийтэлсэн байна. Уг пост 574 реакц, 39 сэтгэгдэл цуглуулж, 469 удаа цааш түгээгджээ. 

ОХУ, АНУ, Итали улс ДЭМБ-ыг албан ёсоор хөөсөн гэх мэдээллийг баталсан, найдвартай эх сурвалжийн мэдээлэл байхгүй. Энэ талаар ДЭМБ-аас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд шалгаж буй мэдээлэлд нэр дурдсан улсууд нь одоог хүртэл тус байгууллагын гишүүн хэвээр байна.

Шалгасан мэдээллийн агуулга нь өмнө нь гаднын орнуудад түгж байсан хуурамч мэдээлэл байна. Жишээ нь, 2022 оны долоодугаар сард “ОХУ ДЭМБ-ыг улсаасаа хөөж, Москва дахь бүх оффисыг нь хаалаа” гэх агуулгатай мэдээлэл Facebook, X зэрэг платформоор түгснийг AP News агентлаг албан ёсны эх сурвалжаар баталгаажуулж, шалгажээ. Үүнд, ДЭМБ-ын төлөөлөгч Бхану Бхатнагар “Москва дахь ДЭМБ-ын оффисууд хэвийн ажиллаж байгаа. Тухайн бичлэгт болон нийтлэлд дурдсан зүйлс нь ташаа мэдээлэл” гэж хариулсан байна.

Орос, Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын улстөрч, Петр Толстой тус улсыг ДЭМБ, Дэлхийн худалдааны байгууллагаас гарах ёстой гэж санал дэвшүүлсэн ч албан ёсоор хэрэгжээгүй. Үүнтэй зэрэгцэн ДЭМБ-ын дээд байгууллага болох Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн төлөөлөгчид ОХУ-ыг дайн, эрүүл мэндийн байгууламж руу чиглэсэн халдлага зэрэгт буруушаасан тогтоол баталж байсан. Гэвч ОХУ-ын гишүүнчлэлийн статуст ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ДЭМБ-ын гишүүн хэвээр байна.

Харин АНУ-ын тухайд, 2020 оны долоодугаар сард Трампын засаг захиргаа ДЭМБ-аас гарах тухай албан ёсны мэдэгдлийг олон нийтэд мэдээлж байв. Гэвч ДЭМБ-аас гарахдаа жилийн өмнө урьдчилсан мэдэгдсэн байх шаардлагатай тул уг шийдвэр хэрэгжээгүй бөгөөд 2021 онд Ерөнхийлөгч Байден засгийн эрхэнд гарснаар тухайн шийдвэрийг цуцалж, ДЭМБ-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Үүний дараа 2025 онд Трамп дахин сонгогдсоноор тус оны нэгдүгээр сард ДЭМБ-аас гарах үйл явцыг эхлүүлж буйгаа мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд тус байгууллагыг цар тахал, эрүүл мэндийн хямралын үед яаралтай шаардагдах шинэчлэлийг хийж чадаагүй, гишүүн улс орнуудын улс төрийн нөлөөлөлд хараат бус байдлаа хадгалж чадаагүй зэргээр дүгнэж, ДЭМБ-аас гарч буйгаа дурджээ. Өөрөөр хэлбэл ДЭМБ-ын удирдлага, үйл ажиллагааны менежмент зэргээс үүдэн тус байгууллагаас гарахаар шийдсэн байна. Энэ нь вакцинтай шууд холбогдоогүйг илтгэж буй хэрэг юм. Түүнчлэн, АНУ ДЭМБ-аас гарах шийдвэр нь 2026 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болохоор төлөвлөгдсөн байна. Иймээс АНУ одоогийн байдлаар ДЭМБ-ын гишүүн орон хэвээр байгаа.

Итали улс нь ДЭМБ-ын идэвхтэй гишүүн орон бөгөөд эл байгууллагын үйл ажиллагааг таслан, зогсоох аливаа үйлдэл хийж байгаагүй байна. Тус улсын зарим улстөрч ДЭМБ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, гарах талаар санал дэвшүүлж байсан ч албан ёсоор батлагдаж, шийдвэрт хүрч, арга хэмжээ авч байгаагүй. Тодруулбал, Италийн Дэд ерөнхий сайд Маттео Сальвини АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрийг даган ДЭМБ-аас гарах тухай хуулийн төслийг санаачилсан ч Үндэсний парламентын хурлаар батлаагүй, албан ёсны шийдвэрт хүрээгүй байна.

Эдгээрээс үндэслэн “АНУ, ОХУ, Итали улс ДЭМБ-ыг албан ёсоор хөөсөн” гэх мэдээлэл нь эцсийн шийдвэр албажин гараагүй нөхцөл, мөн зарим улстөрчийн илэрхийлсэн байр суурийг хэрэгжсэн мэтээр төөрөгдүүлсэн байна. Иймд, олон нийтийг төөрөгдөлд оруулах энэ төрлийн мэдээлэлд шууд итгэхгүйгээр албан ёсны эх сурвалжуудаар баталгаажуулж байгаарай. Түүнчлэн ДЭМБ-аас гарах шийдвэр нь албан ёсны дүрэм журмын дагуу сайн дураар шийдвэрлэх зүйл бөгөөд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг “албадан хөөх” үйлдэл биш.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“АНУ, Орос, Итали гэх мэт орнууд ДЭМБ-ыг улсаасаа хөөж гаргалаа” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document