Search

Хаан банкны захирлын нэрийг барьж залилан үйлдэхийг санаархаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1530

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

” Р.Мөнхтуяа нэртэй хуудаснаас ахмадуудад туслах зорилгоор гэр бүл бүрд 40 сая төгрөг өгөхөөр ажиллаж байна гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олонд танигдсан байгууллага, хүний нэрийг ашигласан баталгаагүй хаягаас мөнгө өгөх тухай хуурамч мэдээлэл түгээсэн байна. Ингэхдээ зөвхөн чатаар холбогдож, хувийн мэдээллийг нь авч буй нь залилангийн шинжтэй үйлдэл юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 2-ны өдөр Р.Мөнхтуяа нэртэй хуудаснаас “Сайн байцгаана уу, Монгол улсын иргэд ээ, та бүхний танил улс төрч би байна. Би ахмадуудад туслах зорилгоор гэр бүл бүрд 40 сая төгрөг өгөхөөр ажиллаж байна. Тиймээ, сонирхож байна гэж бичнэ үү” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 36 реакц, 169 сэтгэгдэл авч, 6 удаа цааш түгээгджээ.  

Уг мэдээллүүдийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягталж, зургаар хайх аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

Р.Мөнхтуяа гэх хуудас нь 2025 оны зургаадугаар сарын 25-нд нээгдсэн бөгөөд дагагч, танилцуулга, холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны мэйл хуудас гэх мэт тодорхой мэдээлэлгүй хаяг байна. Мөн тухайн хуудасны ил тод байдлыг шалгахад Ulambayar Nyamkhuu нэрээр анх нээж байжээ.

Зургаар хайх аргыг ашигласан нь

Шалгаж буй мэдээлэл дахь зургийг Google lens хэрэглүүрээр хайхад ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн зургийг ашиглаж, мэдээлэл түгээжээ.

Зураг 1: 2023 оны долоодугаар сарын 9-нд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн үеийн зургийг ашигласан байна.

Зураг 2: 2025 оны гуравдугаар сарын 6-нд Lady Entrepreneur-2025 Гран-При Алтан цомын эзэнд ХААН БАНК Гүйцэтгэх захирал, Рэнцэнбатын Мөнхтуяа шалгарсан үеийн зургийг ашиглажээ.

Зураг 3: ХААН Банкнаас харилцагчдадаа зориулан “Танд талархъя” аяныг зарлаж, эхний тохирлын эздийг тодруулсан үеийн зургийг ашиглажээ.

Түүнчлэн шалгаж буй мэдээлэлд дурдсан “ахмадуудад туслах зорилгоор гэр бүл бүрд 40 сая төгрөг өгөхөөр ажиллаж байна” гэх мэдээллийг Р.Мөнхтуяа өөрийн Munkhtuya Rentsenbat хаягтаа огт зарлаагүй байна. Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн жинхэнэ фейсбүүк хаяг нь Munkhtuya Rentsenbat гэсэн латин нэртэй, 4800 гаруй найзтай байна. Үүнээс Хаан банк болон удирдах албан тушаалтны зургийг ашиглан, баталгаагүй мэдээлэл түгээж буйг харж болохоор байна.

Мөн мэдээлэл авахдаа зөвхөн чатаар холбогдох боломжтой товчлуурыг байршуулж, холбогдсон хүмүүсээс хувийн мэдээллийг нь авч байна. Энэ мэт олонд танигдсан байгууллага, хүний нэрийг ашигласан баталгаагүй хаягаас мөнгө тараах, бэлэг өгөх тухай их хэмжээний ашиг амласан мэдээлэл түгээх нь залилангийн шинжтэй үйлдлийн илрэл юм.

Иймд баталгаагүй хаягаас түгээсэн мөнгө тараах, тусламж, тэтгэмж өгөх тухай мэдээлэлд итгэж, өөрийн хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна. Мөн аливаа байгууллагын албан ёсны хаягийг дагаж, баталгаатай мэдээллийг хүлээж авах нь чухал юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

” Р.Мөнхтуяа нэртэй хуудаснаас ахмадуудад туслах зорилгоор гэр бүл бүрд 40 сая төгрөг өгөхөөр ажиллаж байна гэсэн мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document