Narantuya Tserendorj нэртэй Facebook хаягаас (энд, энд мөн энд) хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг цахим орчинд түгээж өндөр хандалт авчээ. Тухайлбал, 07 дугаар сарын 30-нд нийтэлсэн уулын дундуур алт урсаж буй мэт бичлэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн бөгөөд 5,000 гаруй реакц, 398 сэтгэгдэл авч, 902 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид бичлэгийг баримтаар шалгахын тулд InVID хэрэглүүр ашиглан дүрс бүрээр салгаж, AI илрүүлэх Hive Moderation 99.9 хувийн хиймэл оюун ухаанаар бүтсэн дүн гарлаа.

Үүнээс гадна , 07 дугаар сарын 31-нд нийтэлсэн мөн адил алтны бичлэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг Hive Moderation хэрэглүүр ашиглан шалгахад 99.9 хувийн хиймэл оюун ухаанаар бүтсэн дүн гарлаа.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан контент буюу текст, зураг, видео, дуу бичлэг зэрэг нь цахим орчинд өргөн тархаж байгаа тул олон улсын эрх зүйн орчин болон дижитал платформууд AI-аар бүтээгдсэн контентыг ил тод тэмдэглэх шаардлага тавьж эхэлжээ. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх, хуурамч мэдээллээс сэргийлэх, ил тод байдал, ёс зүйн зарчмыг хангах зорилготой.
Тухайлбал, 2024 оны 3-р сард батлагдсан Европын Холбооны Хиймэл Оюун Ухааны тухай хуульд зааснаар, “Хиймэл оюун ухаан ашиглан үүсгэсэн текст, зураг, аудио, видео зэрэг контентыг олон нийтэд түгээх тохиолдолд тухайн нь AI-аар бүтээгдсэн гэдгийг тодорхой илэрхийлэх шаардлагатай” гэж тусгажээ. Иймээс хэрэглэгч, бүтээгч AI ашиглан контент бэлтгэж, олон нийтийн платформ дээр нийтлэх гэж байгаа бол тухайн контент нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэдгийг ил тод, тодорхой тэмдэглэх зайлшгүй шаардлагатай юм.




