2025 оны 07 дугаар сарын 23-нд Долмалин нэртэй Facebook пэйж “Муурын баасанд ургийн гажиг үүсгэдэг, эрэгтэй хүнийг үргүйдэлтэй болгодог Токсоплазм хэмээх паразит маш их байдаг” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг 1300 гаруй реакц, 425 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1000 гаруй удаа цааш түгээжээ.
- Халдвартай муурын ялгадасанд байх токсопламоз шимэгч нь спермийн тоо, чанарт нөлөөлдөг нь үнэн хэдий ч түүнээс сэргийлэх боломжтой, халдвар авсан бол эмчлэгддэг тул айдас, сандралд автахгүй байхыг сануулж байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (Centers for Disease Control and Prevention) токсопласмоз, түүний сөрөг үр дагавар, муурын хамаарал, хэрхэн сэргийлэх тал дээр зөвлөгөө өгснийг хүргэж байна.
Токсопласмоз гэж юу вэ?
Токсопламоз нь “Toxoplasma gondii” гэх бичил шимэгчээс үүсдэг халдварт өвчин юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан тооцооллоор хүн амын 11-15 хувьд халдварын дархлааны эс (IgG antibody) тогтсон байдаг буюу халдвар авч байсан гэжээ. Халдвар авсан байх магадлалтай эрсдэлтэй бүлгүүдийг жагсаавал:
- Дархлаа султай хүмүүс (ХДХВ-тэй хүмүүс, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс): 30%–60% хүртэл халдвартай байх магадлалтай.
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд халдварын тархалт: 9%–10% орчим
- Латин америк эсвэл Африк гаралтай АНУ-ын оршин суугчид: халдварын тархалт өндөр буюу 20%+ хүрэх нь элбэг.
Дараах замуудаар токсопламозын халдвар авах боломжтой.
- Санамсаргүй байдлаар муурын өтгөн шингээсэн хоол хүнс, ус хэрэглэх, шороо залгих
- Халдвартай амьтны дутуу боловсруулсан, түүхий мах хэрэглэх
- Халдвартай жирэмсэн эхээс урагт халдварлах
Токсопламозын халдвар авсан ихэнх хүмүүст шинж тэмдэг илэрдэггүй. Зарим хүмүүст хэдэн долоо хоногийн турш хөнгөн хэлбэрийн ханиад, хоолой өвдөх, булчин өвдөх зэргээр илэрдэг. Маш ховор тохиолдолд нүд өвддөг аж. Харин дархлаа муудсан хүмүүсийн хувьд дотор муухайрах, таталт өгөх, бөөлжих гэх мэт хүнд хэлбэрээр илрэх магадлалтай. Мөн эхийн хэвлийд байхдаа халдвар авсан нярай хүүхдийн хувьд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй ч, насанд хүрэхэд хараа муудах, сэтгэцэд өөрчлөлт орох, таталт өгөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй.
Муур токсопламозыг ямар замаар түгээдэг вэ?
Муур халдвартай шувуу, мэрэгч эсхүл халдвартай муурын баас зэргийг идсэнээр халдвар авдаг. Шимэгч муурын биед хоёр долоо хоногийн турш оршдог бөгөөд удалгүй өтгөн болж гадагшилдаг. Харин шимэгч агуулсан өтгөн нь шороо, ус, жимс ногоо зэрэгт хэдэн сарын турш оршин тогтнодог байна.
Муураа токсопламозын халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ?
Муураа токсопламозын халдвар авахаас хамгаална гэдэг нь та өөрийгөө мөн хамгаалж байна гэсэн үг юм. Муурт зориулалтын лаазалсан, хуурай хоол өгч байх хэрэгтэй. Түүхий мах өгч хооллохоос зайлсхийгээрэй. Муураа хараа хяналтгүй гадаа гаргахгүй байх зэргийг анхаараарай.
Та өөрийгөө токсопламозын халдвар авахаас хэрхэн сэргийлэх вэ?
- Муурын элсний саваа өдөр бүр цэвэрлэж, угааж байх хэрэгтэй. Цэвэрлэж дууссаны дараа гараа сайтар угааж байгаарай.
- Жирэмсэн эхийн урагт сөрөг нөлөө үзүүлдэг тул аль болох элсний сав цэвэрлэхгүй байх хэрэгтэй
- Гудамжны муур өргөж авахаас зайлсхийгээрэй
- Дутуу боловсруулсан, түүхий мах идэхээс зайлсхийгээрэй
- Түүхий мах хүрсэн гал тогооны хэрэгслүүдээ сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.
Мууртай байлаа гээд токсопламозын халдвар авна гэсэн үг биш юм. Муурын өтгөнөөр дамжиж халдварладаг өвчин тул ариун цэвэртээ сайтар анхаарах хэрэгтэй. Харин халдвартай муурын арьс, биед хүрснээр халдвар авахгүй. Токсопламозын халдвар нь эмчлэгддэг бөгөөд халдвар авсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө аваарай.
Токсопласмозтой холбоотой судалгаанууд
2025 онд Герман, Уругвай, Чили улсын судлаачид хулгана дээр туршилт хийхэд, халдвар авснаас 5 минутын дотор шимэгч спермд хүрч, спермийн 22.4 хувь нь толгойгүй болж, сарниж байна гэсэн үр дүн гарчээ.
2021 онд Чех улсад 669 хүний дунд хийсэн судалгаанд токсопласмозын халдвартай эрэгтэйчүүдийн 48.47 хувь, токсопласмозын халдваргүй эрэгтэйчүүдийн 42.29 хувьд нь үргүйдлийн асуудал гарах магадлал өндөр гэсэн үр дүнд гарчээ. Цаашлаад, токсопласмозын халдвартай эрэгтэйчүүдийн спермийн нягтрал, концентраци нь токсопласмозын халдваргүй эрэгтэйчүүдээс хамаагүй бага байгааг олж тогтоожээ.
Түгээсэн мэдээлэлд дурдсаны дагуу токсопламоз ураг болон эрэгтэй хүний спермд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн хэд хэдэн судалгаа байдаг бөгөөд энд, эндээс үзээрэй.
Дүгнэхэд, токсопласмозын халдвартай муурын ялгадасанд байх шимэгч нь спермийн тоо, чанарт нөлөөлдөг нь үнэн хэдий ч түүнээс сэргийлэх боломжтой, халдвар авсан бол эмчлэгддэг тул айдас, сандралд автахгүй байхыг сануулж байна.




