2025 оны 06 дугаар сарын 24-нд Ганболдын Баяртогтох хаягаас “Нямбаатар үүнд бэлдэж байх шиг байна” гээд “2026.1.1нд Зээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно. Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан төлүүлэх тухай заасан… Монгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон. Өшөө олон өрнүүд байгаа. Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан. Хятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон атал 3 тэрбум долларын зээл нэмж авна гэх.. хэн төлөх вэ? Монгол улсын жилийн төсөв 4 тэрбум доллар. Бараг жилийн төсөвтэй тэнцүү мөнгө….” гэх агуулгатай пост оруулсан нь 8.7 мянга гаруй реакц, 769 сэтгэгдэл авч, 13 мянга гаруй удаа цааш түгээжээ. Тус мэдээллийг бусад хэрэглэгч түгээсээр байна. (энд, энд, энд, бас энд)
FACTCHEK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Засгийн газар боомтын эрх шилжүүлэх нөхцлөөр зээлийн гэрээ байгуулах боломжгүй
“2026.1.1нд Зээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно” гэсэн нь хэзээ байгуулсан, ямар гэрээний тухай гэдэг нь тодорхойгүй байна.
Монгол Улсын Засгийн газраас олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, банкууд, хөрөнгө оруулагчидтай хийсэн ямар ч гэрээнд төлбөрийг газар нутгаасаа өгөх, хилийн боомтын эрхээ шилжүүлэх нөхцөл тусгах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын хилийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар Хоорондын Гэрээ гэх мэт баримт бичгээр газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хилийн маргаангүй, харилцан хүндэтгэлтэй хандах зэргийг хуульчилж өгсөн.
БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дүн 4 тэрбум ам.доллар бус 6 тэрбум юань буюу 867.5 сая ам.доллар байсныг 550 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан
“Монгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон” гэсэн нь зөрүүтэй мэдээлэл байна.
- БНХАУ-ын Ардын банк болон Монголбанкны хооронд байгуулсан своп хэлцэл 6 тэрбум юань болж хоёр дахин бууруулсан. буюу 2025.08.01-ний өдрийн ханшаар тооцвол 2.994 их наяд төгрөг байна. Энэ нь ам.долларт мөн өдрийн ханшаар хөрвүүлбэл ойролцоогоор 867.5 сая ам.доллар болох юм.
- 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх” шийдвэр гаргасан байна. Ингэснээр БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоорондын своп хэлцэлийн нийт дүн 1.4 тэрбум ам.доллар болох нь.
“Жилийн төсөвтэй тэнцүү хэмжээний зээл авах гэж байна” гэх тооцоолол зөрүүтэй байна
“Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан. Хятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон атал 3 тэрбум долларын зээл нэмж авна гэх… Монгол улсын жилийн төсөв 4 тэрбум доллар. Бараг жилийн төсөвтэй тэнцүү мөнгө” гэсэн нь мөн л зөрүүтэй мэдээлэл байна.
Шинэ гүүр гэдэг нь Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон, энгийнээр хэлбэл Замын цагдаагийн уулварын гүүрийг хэлдэг. Энэхүү гүүрэн байгууламжийг Хятадын Засгийн газрын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьсан. Одоогоор Засгийн газрын түвшинд 3 тэрбум ам.долларын зээл Хятадаас авна гэх яриа хэлцэл байхгүй.
Улсын төсөв 2025 онд 33.5 их наяд төгрөгөөр батлагдсан. Энэ нь ойролцоогоор 9.3 тэрбум ам.доллар юм. Түгээсэн мэдээлэл нь хуучны мэдээллийг буюу улсын төсөв 10 их наяд орчим төгрөг байх үед түгээж байсан мэдээллийг сэргээн оруулсан байх магадлалтай байна.
- Дүгнэхэд, Монгол Улсын өрийн бүтцэд Хятадын нөлөө ихсэж байгааг анхааруулахын тулд гадаад өрийн хэмжээг хэтрүүлэн мэдээлж төөрөгдүүлжээ.




