2025 оны долоодугаар сарын 26-ны өдөр Dashka Bor нэртэй хаягаас “Эрдэмтэд цэвэр алтаар баадаг бичил биетийг илрүүлжээ. Тэдгээр бичил эс нь нүүрс, хүдэр зэрэг хортой химийн элементүүдийг идээд ходоодондоо алт болгон гадагшлуулдаг ажээ. Эрдэмтдийн илрүүлсэн энэ нээлт нь бичил эсүүд өөрийн байгалийн чадвараар хортой металлыг цэвэршүүлэн тэднийг жижигхэн хатуу алт болгон хувиргадаг био цэвэршүүлэлт гэж нэрлэгддэг ажээ. Товчхондоо бичил эсүүд металлыг идэж дараа нь алтаар баадаг гэсэн үг. Энэ нээлт нь алтны олборлолт болон хүрээлэн буй орчныг цэвэрлэх хувьслын нээлт болж болох юм. Уламжлалт алт олборлох арга нь хүрээлэн буй орчинд хөнөөлтэй байдаг бөгөөд цианид зэрэг химийн хортой бодисыг ашигладаг. Харин бичил эсийг ашиглан алт гаргаж авах нь байгальд ээлтэй ба бохирдсон орчноос хортой металлыг устгахад туслах томоохон тогтвортой боломж юм. Энэхүү үйл явц нь цахилгааны хаягдлаас үнэт металлыг гаргаж авах дэвшилтэт аргад хүргэж болох юм. Энэхүү жишээ нь байгаль өөрөө орчин цагийн хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх аргыг хайсан байж болох талтай” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлсэн байна. Уг пост 570 реакц, 5 сэтгэгдэл авч, 158 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд тухайн мэдээлэлтэй холбоотой түлхүүр үгийг ашиглан олон улсын судалгааны сангуудыг шүүж ажиллалаа.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Хортой металлыг идэж алт болгон хувиргадаг бактери” гэх ойлголт нь төөрөгдүүлсэн агуулгатай юм. Учир нь хүнд металлд тэсвэртэй зарим бичил биетнүүд нь алт агуулсан уусмалаас цэвэр алтыг тунадасжуулах чадвартай болохыг тогтоосон байна. Үүнээс олонд танигдсан нь Cupriavidus metallidurans гэх бактери юм. Уг бактери нь бүх хүнд металлыг алт болгон хувиргах бус алтны уусмалаас л алтыг ялгадаг байна. Энэ нь өөрийгөө хамгаалж, хоргүйжүүлэх байгалийн механизмтай холбоотой юм. Энэ талаар “Cupriavidus metallidurans бактерийн алт ялгаруулах процессын гол цөм нь алт ба зэсийн хоргүйжүүлэх үйл ажиллагаанд оршдог” гэх судалгааны материалд дурджээ. Тодруулбал, Cupriavidus metallidurans гэх бактери нь хүнд металл ихтэй хөрсөнд амьдрах чадвартай бөгөөд уурхайн хаягдал ихтэй газарт ч олддог байна. Судалгаагаар энэ бактери нь алтны хортой нэгдлүүдийг өөртөө шингээж аваад жижиг бөөм болгон ялгаруулдаг болохыг тогтоосон.
Уг бактери нь алт болон зэсийн ионуудыг хамтад нь шингээж авдаг. Ингэснээр алт, зэсийн хортой нэгдлүүд бактерийн дотор хуримтлагдаж, үхэх эрсдэлтэй болдог байна. Үүнээс сэргийлэхийн тулд бактери CopA гэх тусгай ферментийг идэвхжүүлдэг. Энэ фермент нь алтны хортой ионуудыг салгаж, цэвэр алтны бөөм болгон хувиргаад эсийн гадна талд тунадасжуулж ялгаруулснаар уг бактери хүнд металл ихтэй орчинд ч амьд үлдэж чаддаг байна.
Өөрөөр хэлбэл тухайн бактери нь хар тугалга, мөнгөн ус зэрэг бүх төрлийн хортой металлыг алт болгож хувиргадаггүй зөвхөн алт агуулсан ион уусмалыг л хортой нэгдлээс нь салгаж, гадагшлуулдаг байна.
Cupriavidus metallidurans бактерийн алт ялгаруулах энэхүү процессыг илүү нарийн таньж мэдсэнээр экологид ээлтэй аргыг боловсруулж, орд илрүүлэхэд туслах боломжтой зэргээр таамагласан ч тухайн бактерийг аж үйлдвэрийн хэмжээнд ашиглаж, туршсан томоохон хэмжээний судалгаа байхгүй. Судалгаануудын гол зорилго нь хүнд металлд тэсвэртэй бактери хэрхэн амьдардгийг судалж, тэдний механизмыг гүнзгий ойлгоход чиглэгдэж байгаа юм.
Одоогоор алтны нэгдлээс цэвэр алт гаргах чадвартай нян, бактерийн хэдхэн төрөл нь газар дээр амьдарч буйг илрүүлсэн бөгөөд Энэтхэгийн Микробын технологийн хүрээлэнгийн исэлдэлтийн технологийн багийнхан далайгаас микро-организмын алтны нано бөөм гаргах боломжийг судалсан байна. Тус баг Энэтхэг орчмын далайгаас хэд хэдэн бактерийг ялган авч, 15 гаруй төрлийн алтны нано бөөм гаргаж чадсан байна. Тэдгээр нь ч Cupriavidus metallidurans бактерийн адил зөвхөн алт агуулсан нэгдлүүдийг л цэвэр алт болгон хувиргадаг аж.
Дүгнээд хэлэхэд, алт ялгаруулдаг гэх бактери нь бүр төрлийн хортой металлыг алт болгон хувиргах бус зөвхөн алт агуулсан нэгдлийн хортой шинж чанарыг бууруулж, тунадасжуулан гадагшлуулдаг байна. Мөн энэ төрлийн нян, бактерийн биохимийн чадварыг алт илрүүлэх, гарган авахад ашиглах талаар таамаглаж буй ч аж үйлдвэрийн түвшинд туршсан судалгааны материал байхгүй.


