2025 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Их хотын мэдээ (архивлагдсан хувилбар) гэх хуудсаас “…Зүрхний өвчний улмаас нас барсан хүмүүсийн 80 хувьд чихний омог дээрх хөндлөн, гүн зураас (англиар “Frank’s sign”) илэрсэн байна…” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 469 реакц, 13 сэтгэгдэл авч, 775 удаа цааш түгээгджээ.
Тус постод “American Journal of Medicine шинэ судалгааны дүгнэлтээр чихэндээ ийм төрлийн зураастай хүмүүс тогтмол эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Учир нь энэ зураас нь зүрх судасны өвчний чухал шинж тэмдэг байж болзошгүй. Хэрвээ хоёр чихэнд хоёуланд нь ийм зураас байгаа бол зүрх судасны өвчин хавсрах магадлал 77 хувь болдог. Харин зөвхөн нэг чихэнд байвал энэ эрсдэл 30-35 хувьд хэлбэлздэг байна” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Чихний омгийн үрчлээ нь чихний омгийн зах руу ташуу чиглэлтэй үргэлжилдэг үрчлээ бөгөөд доорх зурагт үзүүлсэнтэй ижил харагддаг байна. Энэ шинж тэмдгийг анх 1973 онд Frank хэмээх эмч New England Journal of Medicine сэтгүүлд титэм судасны өвчинтэй өвчтөнүүдийн цуврал тохиолдлын тайланд анх тодорхойлон нийтэлжээ.

Тухайлбал, Frank’s sign буюу чихний омгийн хөндлөн үрчлээ нь зүрхний титэм судасны өвчний магадлалыг илтгэж болзошгүй физик шинж гэж АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн судалгааны санд дурджээ. Гэвч энэ шинж тэмдэг нь онош тавих найдвартай, бие даасан шалгуур үзүүлэлт болж чадах эсэхэд эрдэмтдийн дунд маргаантай хэвээр байдаг аж. Жишээлбэл, 2021 онд “Journal of Clinical Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаанд 13 өөр судалгааны үр дүнг нэгтгэхэд мэдрэг байдал 26–90%, онцлог байдал 32–96% байжээ. Тус судалгааны үр дүнд үндэслэн Frank’s sign-ийг ашиглан зүрхний өвчин оношлох нь статистикийн хувьд тогтвортой биш, харьцангуй сул хүчин зүйл болох нь тогтоогдсон байна.
Мөн Стэнфордын Анагаах ухааны сургуулийн клиникийн үнэлгээнд ч энэ тэмдгийг дангаар нь ашиглах нь хангалтгүй, зүрхний өвчний эрсдэлийг үнэлэхдээ бусад хүчин зүйлтэй хамтад нь авч үзэх ёстой гэж анхааруулсан байдаг. 2016 онд нийтлэгдсэн “Чихний диагонал үрчлээ болон титэм судасны өвчний хоорондын хамаарлыг ангиографиар тодорхойлсон нь” нэртэй судалгаанд тус үрчлээтэй хүмүүсийн зүрхний титэм судасны өвчний тархалт өндөр байсан ч насжилт, тамхины хэрэглээ, чихрийн шижин зэрэг бусад хүчин зүйлийг хасахад статистик хамаарал суларсан байна. Үүнээс гадна судалгаанд оролцогчдын хоёр талын чихний омгийн диагонал үрчлээтэй хүмүүс зүрхний титэм судасны өвчний эрсдэл өндөртэй байсан бөгөөд эмэгтэйчүүдэд энэ эрсдэл хамгийн өндөр байсан талаар онцолжээ.
Дүгнэхэд, Frank’s sign буюу чихний омгийн диагонал үрчлээг зүрхний титэм судасны өвчнийг оношлох бие даасан, оношлогооны найдвартай шалгуур үзүүлэлт хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Гэсэн хэдий ч олон улсад хийсэн ажиглалтын болон судалгааны ажлуудад тус үрчлээ болон зүрхний титэм судасны эмгэг хоорондын хамаарал байж болзошгүйг дурдсан нь энэхүү шинж тэмдгийг клиник үзлэгийн үед нэмж анхаарал хандуулах боломжтой шинж тэмдэг гэж үздэг байна.




