Search

Сэрүүн өрөөнд унтахад бор өөхний хэмжээ нэмэгдэж, өөх тос задрах процессыг эрчимжүүлдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1524

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүйтэн өрөөнд унтах нь өөх тосыг шатааж, илүү сайн унтаж, урт наслахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

19°C орчим сэрүүн өрөөнд унтах нь хүний биеийн бор өөхний идэвхийг нэмэгдүүлж, өөх тосны задрал буюу энерги зарцуулалтын процессыг эрчимжүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Өөртөө хайртай байх”-ийн ид шид ач тус” хэмээх Facebook групп-д “Хүйтэн өрөөнд унтах нь өөх тосыг шатааж, илүү сайн унтаж, урт наслахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ” гэсэн зураг бүхий пост нийтэлжээ. Уг пост 1,000 гаруй реакц, 15 сэтгэгдэл авч, 944 удаа цааш түгээгджээ.

Сэрүүн орчинд унтах нь хүний бор өөхний идэвхийг нэмэгдүүлж, өөх тосны задрал болон энергийн зарцуулалтыг сайжруулдаг болохыг хэд хэдэн албан ёсны судалгаа баталсан байна.

Тухайлбал, 2014 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн клиникийн судлаачид 5 эрэгтэйг дөрвөн сарын турш орчны температурын хяналттай өрөөнд унтуулж туршилт хийжээ. Хамгийн бага буюу 19°C температурт нэг сар унтсаны дараа туршилтад оролцогчдын бие дэх бор өөхний хэмжээ нэмэгдсэн байна. Энэ нь бодисын солилцоо сайжрах гол хүчин зүйл болсон хэмээн судлаачид тайлбарласан байна.

Бор өөх (улаанаар тэмдэглэгдсэн) хүйтэнд нэг сар байсны дараа илүү их болсон байгааг харуулж байна, Эх сурвалж: АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн

Бор өөх нь биеийн дулааныг хадгалахын тулд калори шатаадаг бөгөөд насанд хүрэгчдийн хүзүү, мөр орчмоор бага хэмжээгээр хадгалагддаг болох нь тогтоогдсон байна. Судалгаанд оролцсон 5 эрэгтэй хангалттай калори шатаагаагүй тул жин буураагүй ч, бор өөхний нэмэгдэл нь чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулах метаболизмын өөрчлөлт авчирсан талаар дурджээ.

Харин 27°C дулаан өрөөнд дөрвөн долоо хоног унтсаны дараа метаболизмын сайжрал бүрэн арилж, бор өөхний хэмжээ өмнөхөөс ч багассан байна.

Үүний дараагаар 2016 онд sciencedirect сайтад нийтлэгдсэн өөр нэг 6 долоо хоногийн хүйтэн орчин дахь туршилт RCT судалгаагаар оролцогчдыг өдөр бүр 1 цаг сэрүүн нөхцөлд байлгасан бөгөөд PET/MRI дүрс оношлогоогоор бор өөхний эзлэхүүн мэдэгдэхүйц нэмэгдсэн ба энергийн зарцуулалт өссөн нь батлагдсан байна.

Мөн 2013 онд “Journal of Clinical Investigation” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, 10 өдрийн хүйтэн орчинд (16–19 °C) байсан туршилтын үед оролцогчдын бор өөхний идэвх, мөн non-shivering thermogenesis буюу даарч байгаагүй үед үүсэх дулаан үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Энэ чиглэлд анхдагч судалгаануудын нэг болох 2009 онд New England Journal of Medicine-д нийтлэгдсэн судалгаанд 24 эрэгтэйг 16 °C орчинд 2 цаг байлгаж, шинжилгээ хийж үзэхэд 96% нь бор өөхний идэвхжил үзүүлсэн ба таргалалттай хүмүүсийн бор өөхний идэвхжил харьцангуй бага идэвхтэй байжээ.

Дүгнэхэд, бор өөх нь дулаан үүсгэж, биеийг дулаацуулахад зориулагдсан өөхөн эд бөгөөд энерги хуримтлуулж, биеийн илчлэгийг шатаахад тусалдаг. Хүйтэн орчинд (ойролцоогоор 18°C орчим) удаан хугацаанд байх нь бор өөхийг идэвхжүүлж, цусан дахь сахар (глюкоз) болон өөхний молекулуудыг задалж, биеийн температурыг хадгалахад тусалдаг байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хүйтэн өрөөнд унтах нь өөх тосыг шатааж, илүү сайн унтаж, урт наслахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document