Search

Доктор Шерри Тенпеннийн мэдэгдлүүд нь шинжлэх ухааны үндэслэлгүйг баримт шалгах байгууллагууд мэдээлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1523

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Вакцин бол бүхэл бүтэн эмийн үйлдвэрийн ноён нуруу юм. Вакцин хийлгэсэн хүүхдүүд насан туршдаа үйлчлүүлэгч болдог” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд дурдсан доктор Шерри Тенпенни нь вакцины эсрэг байр суурьтай хүн бөгөөд түүний хэд хэдэн мэдээллийг АНУ-ын Factcheck.org болон Politifact баримт шалгах байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлгүй, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн хэмээн мэдээлж байсан.

2025 оны 07 дугаар сарын 18-нд  Жүрмэд Занаа гэх Facebook хаягаас “Вакцин бол бүхэл бүтэн эмийн үйлдвэрийн ноён нуруу юм. Вакцин хийлгэсэн хүүхдүүд насан туршдаа үйлчлүүлэгч болдог” гэсэн доктор Шерри Тенпенни хэмээх хүний зурагтай пост нийтэлжээ. Тус постыг 410 гаруй реакц, 63 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 430 удаа цааш түгээсэн байна.

Охайо мужийн остеопат эмч доктор Шерри Тенпенни нь вакцины эсрэг байр суурьтай гэдгээрээ олон нийтэд танигджээ

Доктор Шерри Тенпенни нь остеопат эмч бөгөөд остеопат анагаах ухаан нь булчин, ясны системийн эмгэгүүд биеийн бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг гэсэн онолд үндэслэдэг байна.

Тэрээр мөн “Saying No To Vaccines” болон “FOWL! Bird Flu: It’s Not What You Think” нэртэй хоёр ном бичсэн бөгөөд эдгээр бүтээлдээ вакцин нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэж, вакцины улмаас үүсэж болзошгүй аутизм, астма, анхаарал төвлөрөлтөд асуудал үүсгэдэг ADHD, автоиммун өвчин зэрэг нөхцлүүдийн талаар тайлбарлажээ.

Охайо мужийн остеопат эмч доктор Шерри Тенпенни нь вакцины эсрэг байр суурьтай гэдгээрээ танигдсан бөгөөд өмнө нь “COVID-19 вакцин хүмүүсийг соронзонжуулдаг” хэмээн ташаа мэдэгдэл хийж байсан тухай АНУ-ын Factcheck.org баримт шалгах байгууллага мэдээлж байсан. Мөн Доктор Шерри Тенпенни 2021 онд вакциныг эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг үгүй хийдэг гэж мэдэгдэл хийсэн нь худал болохыг Politifact баримт шалгах байгууллагаас мөн мэдээлсэн байна.

Politifact баримт шалгалт

Дээрх мэдэгдлүүдээс нь болж эмч нарын зөвлөлд Тенпеннигийн талаар ойролцоогоор 350 гаруй гомдол ирсэн бөгөөд энэ зөвлөл нь эмч нарыг зохисгүй, худал мэдээлэл тараахад хариуцлага тооцдог аж. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч тухайн үед Тенпенни мөрдөн байцаагчидтай уулзах, бичгээр асуултад хариулах, мэдүүлэг өгөх дуудах хуудсанд хариу өгөхөөс татгалзаж байжээ.

Түүнчлэн Тенпенни 2015 онд Сидней, Мельбурн, Аделаид, Брисбейн болон Gold Coast хотуудад вакцин эсэргүүцсэн илтгэл зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Харин вакцин дэмжигчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд эсэргүүцэж байсан байна. Тухайлбал, вакцин болон аутизм, хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэдгийг судалгаанууд баталсан тул, олон нийт болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд Тенпенниг Австралид оруулах нь иргэдийн эрүүл мэндэд аюул учруулна гэж эсэргүүцэж байсан тухай TheGuardian мэдээлж байжээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан доктор Шерри Тенпенни нь вакцины эсрэг байр суурьтай хүн бөгөөд түүний хэд хэдэн мэдээллийг АНУ-ын Factcheck.org болон Politifact баримт шалгах байгууллагууд шинжлэх ухааны үндэслэлгүй, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн хэмээн мэдээлж байсан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document