Search

“Кола уух тоолонд амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1522

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“…Кока-Кола ундаа уух тоолонд та амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг гэжээ. Энэ нь хэтрүүлэг мэт сонсогдож болох ч үнэн хэрэгтээ сахар, боловсруулсан ундааны урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцолсон анхааруулга юм…” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Судалгаанд зөвхөн Кока-Колаг онцлоогүй бөгөөд ерөнхийдөө бүх төрлийн чихэрлэг, хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэх нь хүний эрүүл амьдралын хугацаанд сөргөөр нөлөөлж, өөрөөр хэлбэл өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тэмдэглэсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 29-ны өдөр Тархи Шархи (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “…Кока-Кола ундаа уух тоолонд та амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг гэжээ. Энэ нь хэтрүүлэг мэт сонсогдож болох ч үнэн хэрэгтээ сахар, боловсруулсан ундааны урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцолсон анхааруулга юм…” гэх агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 1,100 реакц, 132 сэтгэгдэл авч, 1,600 удаа цааш түгээгджээ.

Тус постод “…Кока-Кола болон түүнтэй төстэй ундаанууд их хэмжээний сахар, нэмэлт бодис агуулдаг бөгөөд эдгээр нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар зэрэг эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой гэж тогтоогдсон…” гэжээ.

  • Энэхүү мэдээллийг 07 дугаар сарын 30-ны өдөр MCS Coca Cola компанийн олон нийттэй харилцах албанаас шалгуулах хүсэлт илгээсэн ба баримтаар шалгах шаардлага хангасан мэдээлэл тул бид дараах байдлаар нягталлаа.
  • Уг судалгаа нь 5800 гаруй нэр төрлийн хүнсийг хүний эрүүл мэнд, байгал орчинд хэр нөлөөтэйг Health Nutritional Index (HENI) хэмээх үнэлгээний аргаар индексжүүлэн тооцож, “эрүүл амьдралын хугацаа” гэх ойлголтыг дэвшүүлсэн. Үүгээр чихэрлэг ундааны хэрэглээний улмаас ойролцоогоор 12 минутын “эрүүл амьдралын хугацаа” алдагдах магадлалтай гэж тооцоолсныг “амьдралаас 12 минутаар хороож, нас богиносдог” мэтээр төөрөгдүүлсэн ойлголтоор түгээжээ. Энэ нь зөвхөн Монголд бус, олон улсад түгсэн төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Энгийнээр тайлбарлавал хийжүүлсэн чихэрлэг ундаа хэт их хэрэглэх нь эрүүл байх хугацаагаа өвчинд өртсөн хоног өдрүүдээр солино гэсэн ойлголт юм.

Бид шалгасан мэдээлэлд дурдсан “Кока-Кола ундаа уух тоолонд та амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг” гэх агуулгаар Google search хэрэглүүр ашиглан хайлт хийхэд “Хооллолтын хэв маягаа бага зэрэг өөрчлөх нь бидний эрүүл мэнд болон байгаль орчинд ач тустай” хэмээх судалгаанд дурдагдсан байна.

Тус судалгаа нь 2021 онд АНУ-ын Мичиганы Их Сургууль болон Швейцарийн холбооны Технологийн дээд сургуулийн судлаачдын хамтарсан бүтээл бөгөөд судалгааны зорилго нь АНУ-д өргөн хэрэглэгддэг 5,853 төрлийн хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэнд ба байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэхийг зорьжээ.

Судлаачид хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг хүний эрүүл мэндэд ямар хэмжээгээр ашигтай буюу хортой болохыг Healthy Nutritional Index” гэх индексээр тооцоолсон бөгөөд нэг удаагийн хэрэглээ тутамд “эрүүл амьдралын” хэдэн минут нэмэгдэх эсвэл алдагдахыг хэмжсэн байна. Үүний зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх 18 төрлийн нөлөөллийг тооцон гаргажээ.

Судалгааны дүнгээс харахад, өдөр тутмын нийт калорийн 10 хувийг жимс, ногоо, самар, буурцагт ургамал болон далайн гаралтай хүнсээр орлуулах нь өдөрт 48 минутын эрүүл амьдрал нэмэгдүүлэх, мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг 33 хувиар бууруулах боломжтой болохыг тогтоожээ.

“Хооллолтын хэв маягаа бага зэрэг өөрчлөх нь бидний эрүүл мэнд болон байгаль орчинд ач тустай” судалгаа
Эх сурвалж: nature.com

“Nature Food” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд зөвхөн кока-кола ундааг бус бүх төрлийн хийжүүлсэн чихэрлэг ундааг тогтмол хэрэглэх нь “эрүүл амьдралын хугацаа”-г багасгадаг талаар онцолсон

АНУ-ын хүнсний 5,853 бүтээгдэхүүний HENI оноо төрөл тус бүрээр, Эх сурвалж: nature.com

Судалгааны хүснэгтээс харахад, Sugar-sweetened beverages буюу элсэн чихэр агуулсан төрөл бүрийн гаазтай ундааг тогтмол хэрэглэх нь хүний эрүүл амьдралын хугацаанд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна. Тухайлбал, судалгааны үр дүнгээр чихэрлэг ундааны хэрэглээний улмаас ойролцоогоор 8 минутын “эрүүл амьдралын хугацаа” алдагдах магадлалтай гэж тооцоолсон байна.

Мичиганы их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн албан ёсны вэбсайтад 2021 онд “Individual Dietary Choices Can Add-or Take Away-Minutes, Hours, and Years of Life” гарчигтай нийтлэлд тус судалгааны талаар онцолсон байдаг. Үүнд “We found that eating one hot dog costs a person 36 minutes of “healthy life” орчуулбал, “Бид нэг хотдог идэхэд хүний ‘эрүүл амьдралын’ 36 минутыг алдаж байгааг тогтоосон” гэсэн байдаг. Энэ нь “хүний анхаарал татахын тулд судалгааны зорилгыг гуйвуулж гарчигласан” хэмээн шүүмжлэл дагуулж байжээ.

  • “Эрүүл амьдралын хугацаа” ба “нийт амьдралын хугацаа” нь ялгаатай ойлголт юм. Хүний амьдралын хугацаа нь тухайн хүний амьдрах нийт жил, насны тоог илэрхийлдэг бөгөөд тухайн хүний хооллолт, өвчлөх эрсдэл зэрэг хувь хүний хүчин зүйлээс хамаардаггүй. Харин эрүүл амьдралын хугацаа (healthy lifespan) нь хүний эрүүл, өвчингүй амьдарч буй хугацааг илэрхийлнэ.
Алимнаас эхлээд хотдог хүртэлх хүнсний бүтээгдэхүүнүүдийн эрүүл мэнд, байгал орчинд сөрөг нөлөөтэй ба эерэг чанарыг харьцуулж байрлуулжээ.
Ногооноор тэмдэглэсэн хүнс нь тэжээллэг чанараар өндөр үнэлгээ авч, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага бол, улаан нь эсрэгээрээ.
Эх сурвалж: School of Public Health

Шалгасан мэдээлэлд дурдсан “Кока-Кола ундаа уух тоолонд та амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг…” гэсэн нь уншигчдын анхаарлыг татах зорилготой хэт ерөнхий, төөрөгдүүлсэн мэдээлэл бөгөөд Мичиганы их сургууль болон Швейцарийн Холбооны технологийн дээд сургуулийн судлаачдын хамтарсан судалгаанд “healthy” life” буюу “эрүүл амьдралын хугацаа”-г онцлон үзжээ.

Өөрөөр хэлбэл, “Кока-Кола ундаа уух тоолонд та эрүүл амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг” гэсэн нь шууд амьдралын наснаасаа 12, 12 минутаар нь хороож байна гэсэн үг биш, харин тухайн хүний өвчин зовлонгүй амьдрах чанартай хугацаа багасч байна гэсэн ойлголт юм. Мөн судалгаанд зөвхөн кока-кола ундааг онцлох бус бүх төрлийн чихэрлэг, хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэх нь “эрүүл амьдралын хугацаа”-г багасгаж, өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг талаар онцолсон.

Судалгааны багийн ахлагч Оливер Жоллет “Энэ нь дундаж амьдралын хугацаанд яг 12 минутыг “хулгайлна” гэх хэт хялбарчилсан ойлголтоос илүүтэй хүмүүс хоолны сонголтдоо багахаан өөрчлөлт хийхэд л эрүүл мэнддээ, байгаль орчиндоо ямар эерэг нөлөө үзүүлж болохыг ойлгож аваасай гэж хүсэж байна” гэжээ.

Энэхүү судалгааны талаар peer-review буюу эрдэмтдийн шүүмж одоогоор гараагүй. Харин HENI болон CONE‑LCA аргачлалыг subjective буюу арифметик загварчилсан шинж болон epidemiological өгөгдлийн шалтгаан‑хамаарал ялгалтын хязгаар талаас нь хэд хэдэн шүүмж гарсан.

  • Судалгаанд хүнсний бүтээгдэхүүн бүрийг “үр ашиг” ба “хохирол” гэсэн хоёр туйлд оноож, нэгж тутамд хэдэн минутын healthy life expectancy буюу эрүүл амьдралын хугацаанд эерэг, эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг тооцсон. Энэ нь математик загварчлалын хувьд сонирхолтой боловч хүний биологийн нарийн тогтолцоо, хувь хүний бодисын солилцоо, архаг өвчний шалтгаан зэрэг олон хүчин зүйлсийг гүнзгий авч үзээгүй.
  • Судалгаанд хэрэглэсэн өгөгдөл нь тархалтын судалгаанаас (epidemiological data) гарсан бөгөөд тэндээс шалтгаан-хамаарал (causation vs correlation) ялгаж тогтоогоогүй.
    • Жишээ нь: Кола уудаг хүн амын дунд илүүдэл жин, чихрийн шижин элбэг байж болох ч энэ нь “кола 12 минутын амьдрал хасна” гэсэн утгатай биш юм.

Эцэст нь “олон нийт болон сэтгүүлчид хэт анхаарал татах гэж буруу ойлголт бий болгосон” гэж судлаачид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Америкийн Зүрхний нийгэмлэгээс өсвөр үеийнхэн долоо хоногт 1 аяга хийжүүлсэн чихэрлэг ундаа хэрэглэх нь тохиромжтой гэж зөвлөдөг

Америкийн Зүрхний нийгэмлэг (AHA)-ээс гаргасан мэдэгдэлд 2–18 насны хүүхэд, өсвөр үеийнхэн чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг долоо хоногт нэг аяга буюу 240 мл-ээс хэтрүүлэхгүй байх нь зүйтэй гэж тусгажээ. Энэ нь хүүхдийн зүрх судасны эрүүл мэндийг дэмжих, чихрийн шижин, таргалалт зэрэг архаг өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж судлаачид онцолсон байна.

Харин насанд хүрэгчдийн хувьд эрэгтэйчүүд хоногт 36 грамм (ойролцоогоор 9 цайны халбага), эмэгтэйчүүд 25 грамм (ойролцоогоор 6 цайны халбага)-аас ихгүй хэмжээний чихэр орсон бүтээгдэхүүнээр хязгаарлахыг зөвлөдөг байна. Жишээлбэл, нэг лааз кока-кола дунджаар 39 грамм чихэр агуулдаг бөгөөд энэ нь зөвхөн уг ундаанаас авах чихрийн хэмжээ нь насанд хүрэгчдийн хоногийн зөвшөөрөгдөх хэмжээг дангаараа хэтрүүлж байгааг харуулж байна. Тиймээс өдөр бүр хийжүүлсэн чихэрлэг ундаа хэрэглэхээс зайлсхийх нь “эрүүл амьдралын хугацаа”-гаа хадгалж, эрүүл мэндээ хамгаалах нэг хүчин зүйл юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“…Кока-Кола ундаа уух тоолонд та амьдралынхаа 12 минутыг алдаж байдаг гэжээ. Энэ нь хэтрүүлэг мэт сонсогдож болох ч үнэн хэрэгтээ сахар, боловсруулсан ундааны урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцолсон анхааруулга юм…” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document