2025 оны долоодугаар сард нээсэн шинэ хуудаснуудаас “НҮБ-ын эргэн төлөгдөхгүй санхүүжилт”, “БРИКС-ийн дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хүмүүнлэгийн тусламжийг хүртэж, ашгаа аваарай”, “ОУВС эцэст нь Монголын эрх баригчдын уриалгад хариу өглөө . ОУВС-гийн хороотой хамтран Монгол Улс нийт оршин суугчдаа хүмүүнлэгийн тусламжаас хүртэхийг уриалж байна” гэсэн олон улсын байгууллагатай холбоотой постыг нийтэлсэн байна. Эдгээр нь 60-133 реакц, 64-118 хүртэлх сэтгэгдэл цуглуулж, гурваас 68 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллүүдийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягталж, зургаар хайх аргыг ашиглалаа.
Олон Улсын Валютын Сангаас гэр бүлийн тэтгэмж өгөх тухай мэдээллийг шалгасан нь
1.Гэр бүлийн нөхөн төлбөргүй тусламж хуудас нь 2025 оны долоодугаар сарын 24-нд нээгдсэн, 7 дагагчтай ба танилцуулга хэсэгтээ “Монголдоо амар амгалан амьдрах талаар нухацтай хандъя. Хүн ам гэр бүлийн тэтгэмж авах эрхтэй байна” гэсэн тайлбартай хуудас байна. Уг хуудас нь холбогдох дугаар, хаяг байршил, албан ёсны мэйл хуудас гэх мэт тодорхой мэдээлэлгүй. Мөнгө, эмэгтэйчүүд, хүүхэд зэргийн зургийг байршуулж, тэтгэмж тараах тухай мэдээлэл оруулдаг. Тухайн ашигласан зургуудыг нь Google Lens хайлтын системээр хайхад Казакстан, АНУ зэрэг гаднын орны зургуудыг ашигласан байна. Энэ нь интернэтэд буй зургийг татаж, уг үйл явдлыг Монголд болсон мэтээр харагдуулахыг зорьсныг илтгэж байгаа юм. Ингэхдээ Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) нэрийг ашиглаж байна.

Мөн мэдээлэл авахдаа зөвхөн чатаар хандахыг уриалж, холбогдсон хүмүүсийн хувийн мэдээллийг авч байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл бөгөөд баталгаагүй хаягаас олонд танигдсан байгууллага, хүний нэрийг ашиглан бусдыг мэхэлдэг.

Түүнчлэн Олон Улсын Валютын Сан нь шууд хүн бүрд мөнгө өгдөггүй. Тус байгууллага нь улсын эдийн засагт зээл, зөвлөгөө хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг. Үүнд, валютын нөөц дуусаж, өрийн хямралын үед зээл олгох, эдийн засгийн шинэчлэл, төсвийн сахилга бат, татварын шинэчлэл зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх, төрийн байгууллагын санхүү, статистик, татварын чадавхыг сайжруулах сургалт, зөвлөмж хүргүүлэх зэрэг багтдаг. Тус байгууллагаас олгох зээлийг тухайн улсын иргэн, хувь хүнд бус Засгийн газарт өгдөг байна.
“БРИКС-ийн хүчирхэг гүрнүүдийн хүмүүнлэгийн тусламж” гэх мэдээллийг шалгасан нь
2. БРИКС-ийн санхүүгийн хямралыг шийдвэрлэх хүмүүнлэгийн тусламж нэртэй хуудас нь 2025 оны долоодугаар сарын 24-нд нээгдсэн, 8 дагагчтай хаяг байна. Уг хуудасны ил тод хэсэгт холбоо барих дугаар, хаяг байршил зэрэг тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд түгээсэн постууд нь нэмэлт тайлбаргүй “дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хүмүүнлэгийн тусламжийг хүртэж, ашгаа аваарай” гэх агуулгыг л түгээжээ. Эдгээр нь мөн л чатаар холбогдож, мэдээлэл авах боломжтой байна.

Чатаар хандсан хүмүүст хувийн мэдээлэл бөглүүлэх хүсэлт илгээж буй нь залилангийн нэг хэлбэр юм. Энэ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглан өөр бусдыг мэхлэх, тухайн мэдээллийг зарах, санхүүгийн алдагдалд хүргэх зэрэг эрсдэлтэй.
Үүнээс гадна уг хуудас нь мэдээлэл түгээхдээ Монголын эрх баригч, олны танил хүмүүсийн зургийг ашиглан, хүмүүст ашиг хүртээсэн мэтээр мэдээлж, хуурч байна. Тухайлбал, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Австрийн бизнес форумын зургийг эл хуудастаа байршуулжээ. БРИКС (BRICS) нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн улсын үүсгэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүлэглэл юм. Уг бүлэглэл нь гишүүн орнуудын эдийн засгийн эрх ашгийг хамгаалах, хамтран хөгжих, олон улсын санхүүгийн системд хүчтэй байр суурьтай болох зорилготой. Тус бүлэглэл нь хувь хүнд мөнгө тарааж, тусламж үзүүлдэггүй гол төлөв гишүүн орнуудын дунд, урт хугацааны дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулдаг байна. Харин манай улс тус бүлэглэлийн гишүүн орон биш юм.

НҮБ-аас санхүүжилт өгч буй тухай мэдээлсэн хаягийг шалгасан нь
3. НҮБ-аас буцаан олгогдохгүй санхүүжилт гэх хуудаснаас “НҮБ-ын эргэн төлөгдөхгүй санхүүжилтийн байгууллага” гэсэн мэдээллийг түгээжээ. Энэ хуудас нь өмнөх хуудаснуудын адил утасны дугаар, хаяг байршил, холбогдох мэйл, албан ёсны сайт зэрэг тодорхой мэдээлэлгүй байгаа юм.

Уг хуудас нь 2025 оны зургаадугаар сарын 14-нд нээгдсэн, Бүгд Найрамдах Бенин улсаас админ удирддаг хаяг байна.
Нүүр зурагтаа Роскосмосын сансрын хөтөлбөр хариуцсан гүйцэтгэх захирал Сергей Крикалевыг Монгол Улсын “Ардын хувьсгалын 100 жил” хүндэт медалиар шагнасан үеийн зургийг ашиглажээ. Энэ мэт НҮБ-тай холбоогүй, интернэтэд буй бэлэн зургуудыг ашиглан хуурамч мэдээлэл түгээж байна. Түүнчлэн НҮБ-ын санхүүжилттэй холбоотой мэдээллийг чатаар авах товчлуур холбож, холбогдсон хүмүүсээс хувийн мэдээллийг нь авчээ. Үүнээс энэ төрлийн залиланг өөр өөр нэртэй олон төрлийн хаягаар зэрэг түгээж буйг харж болохоор байна.

НҮБ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, хөгжил дэвшлийг дэмжих зорилготой байгууллага бөгөөд зарим тохиолдолд зээл, тусламж, хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлж ажилладаг. Ингэхдээ Засгийн газар, олон улсын байгууллагаар дамжуулан төсөл хэлбэрээр зарцуулдаг. Тус байгууллага нь хувь хүнд шууд бэлэн мөнгөөр тусламж олгох нь ховор бөгөөд тухайн тусламжийг тодорхой байгууллагаар дамжуулахгүйгээр хүлээн авах боломж хомс.
Дүгнээд үзэхэд, олон улсын байгууллагын нэрийг ашиглан баталгаагүй хаягаас тусламж, тэтгэмж өгөх тухай мэдээлэл түгээж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна. Тэдгээр хаяг нь холбогдох утас, мэйл хуудас, хаяг байршил зэрэг тодорхой мэдээлэлгүй бөгөөд түгээсэн пост нь нэмэлт тайлбаргүй зөвхөн чатаар холбогддог зэрэг чанаруудаараа нийтлэг байгаа юм. Эдгээр шинжүүд нь залилангийн тохиолдолд ажиглагддаг түгээмэл хэлбэрүүд тул ийм төрлийн зар, мэдээлэлд итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүйг анхааруулж байна.




