Search

“Чихрийн шижингийн эм эрэгтэй хүүхдүүдэд төрөлхийн гажиг үүсгэдэг” гэх судалгааг няцаасан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1518

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эрдэмтэд метформин чихрийн шижингийн эм эрэгтэй хүүхдүүд бэлэг эрхтний төрөлхийн гажиг үүсгэдэг болохыг олж мэджээ” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дани улсад хийсэн чихрийн шижингийн эм хэрэглэдэг эцгийн эрэгтэй хүүхэд бэлэг эрхтний төрөлхийн гажигтай төрдөг гэх судалгааг хязгаарлагдмал хүрээнд судалж, дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг оновчтой эсэхийг батлахын тулд өөр улс орнуудад нэмэлт судалгаа хийж, Данийн судалгааг няцаасан бөгөөг уг сэдвийг илүү нарийн судлах хэрэгтэй гэж үзжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны долоодугаар сарын 24-ний өдөр Эрдэнэ Эрдэнэс хуудаснаас “Чихрийн шижинтэй эрчүүдийн хувьд муу мэдээ бол тэдний хүүхдүүд хөгжлийн гажигтай байж болзошгүй юм. Эрдэмтэд метформин чихрийн шижингийн эм эрэгтэй хүүхдүүд бэлэг эрхтний төрөлхийн гажиг үүсгэдэг болохыг олж мэджээ. Мэргэжилтнүүд Дани улсад 20 жилийн хугацаанд 1.25 сая шинэ төрсөн хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Шинэ төрсөн хөвгүүд бэлэг эрхтний төрөлхийн гажиг, тухайлбал төмсөг, шээсний сүвтэй холбоотой асуудал зэрэг тохиолдол (3-4 дахин их) нэмэгдсэн байв. Эмэгтэй хүүхдэд гажиг илрээгүй” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 48 реакц авч, 31 удаа цааш түгээгджээ.  

Чихрийн шижингийн эм болох метформиныг эрэгтэй хүн үрийн шингэн боловсрох үедээ хэрэглэвэл хөвгүүдэд нь бэлэг эрхтний төрөлхийн гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг” гэсэн судалгааг зөвхөн ажиглалтын аргад тулгуурласан тул алдаатай байх магадлалтай гэж дүгнэжээ. Иймээс уг судалгааг баталгаажуулахын тулд илүү нарийн, нэмэлт судалгаануудыг хийсээр байна.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “метформин эм эрэгтэй хүүхдэд төрөлхийн гажиг үүсгэдэг” гэх магадлалыг “Чихрийн шижингийн эсрэг эм ба хүүхдийн төрөлхийн гажиг нэртэй судалгаанд тэмдэглэжээ. Уг судалгааг Дани улсад хийсэн бөгөөд 1997–2016 оны хооронд төрсөн 1.25 сая хүүхдийн бүртгэлийн мэдээлэлд шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ эрэгтэй хүн хүүхэдтэй болохоос өмнөх 3 сарын хугацаанд буюу эр бэлгийн эс боловсрох (сперм хөгжих) үедээ метформиныг уусан эсэхийг онцлон шинжилжээ. Судалгааны үр дүнд тухайн хугацаанд метформины жор авч хэрэглэсэн эрчүүдийн хүүхэд төмсөг, шээсний сүв зэрэг бэлэг эрхтний төрөлхийн гажигтай байх нь 3–4 дахин илүү гарсан байна.

Ташрамд дурдахад уг эрсдэл нь зөвхөн эрэгтэй хүүхдэд ажиглагдаж, эмэгтэйд илрээгүй аж. Мөн метформиныг үр тогтоох үеэс өөр үед хэрэглэсэн эцгүүдийн хүүхдэд ийм асуудал ажиглагдаагүй байна. Үүнээс метформин нь эр бэлгийн эсэд нөлөөлөх магадлалтай гэж таамаглахад хүрчээ. Гэвч тус судалгаанд буй үр дүнг шууд баталгаатай гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь чихрийн шижингийн хүндрэлийн түвшин, бусад хавсарсан өвчин зэрэг хоёрдогч хүчин зүйлийг хамруулаагүй тул дутуу тооцоолсон байх магадлалтай гэдгийг судалгааны багийнхан өгүүлэлдээ дурджээ.

Дани улсад хийсэн судалгааг няцаасан судалгааны материал 2024 онд нийтлэгджээ

Данид хийсэн судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд бусад оронд илүү өргөн хүрээний судалгааг хийж эхэлжээ. Үүний нэг нь 2024 онд BMJ сэтгүүлд нийтлэгдсэн “Норвеги, Тайванийн хүн амд суурилсан олон улсын судалгаа: Эцэг хүний метформины хэрэглээ ба хүүхдийн төрөлхийн гажгийн эрсдэл” гэх судалгаа юм. Уг судалгаа нь Дани улсад хийсэн судалгааны үр дүнг няцаажээ. Тодруулбал, Норвеги, Тайваний эрүүл мэндийн бүртгэлийг ашигласан эл судалгаанд,

  • Норвегид 619 мянга,
  • Тайваньд 2.56 сая төрсөн хүүхдийн мэдээллийг хамруулсан байна.

Уг судалгааны судлаачид эцгийн чихрийн шижингийн хүндрэл, нас, бусад эмчилгээ зэрэг олон хүчин зүйлийг нарийн тооцож үзжээ. Судалгааны явцын эхэн үед бүх төрлийн метформин хэрэглэгч эрчүүдийн хүүхдийг, метформин огт хэрэглээгүй эцгүүдийн хүүхэдтэй харьцуулахад төрөлхийн гажиг илүү ажиглагдах хандлагатай байсан. Үүний дараа чихрийн шижингийн хүндрэлийн түвшин, бусад эмийн хэрэглээ, амьдралын хэв маяг (жишээлбэл, таргалалт, архаг өвчин), орлого, боловсрол зэрэг олон төрлийн нөлөөлөх хүчин зүйлсийг багтааж, нарийвчилсан харьцуулалт хийхэд анхны тоон өгөгдөл буурч байжээ. Иймд судлаачдын баг метформины хэрэглээ нь хүүхдийн төрөлхийн гажиг, тэр дундаа бэлэг эрхтний гажигтай холбоогүй гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн АНУ-ын хүн амын өгөгдөл дээр суурилсан “Эцгийн спермийн хөгжлийн үе дахь метформины хэрэглээ ба нярайн төрөлхийн гажгийн эрсдэл” гэх судалгаа бий. Энэ судалгаанд метформины хэрэглээ, төрөлхийн гажгийн холбоог шинжилсэн бөгөөд чихрийн шижингийн хүндрэл, эцгийн эрүүл мэндийн байдал зэрэг хавсарсан нөхцөлийг харгалзан үзээд ургийн гажигт холбоо байхгүй гэж дүгнэжээ. Тухайлбал, зөвхөн метформиныг дангаар хэрэглэсэн эрчүүдийн хүүхдэд эрсдэл нэмэгдээгүй. Харин метформиныг бусад эмтэй хослуулан хэрэглэсэн эсвэл хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй эрчүүдийн хувьд эрсдэл бага зэрэг өндөр гарсан ч энэ нь эмнэл зүйн хувьд шууд метформиноос болж байна гэж хэлэх боломжгүй гэж үзсэн байна.

Эдгээрээс дүгнээд үзэхэд, Дани улсад хийсэн чихрийн шижингийн эм хэрэглэдэг эцгийн эрэгтэй хүүхэд бэлэг эрхтний төрөлхийн гажигтай төрдөг гэх судалгааг хязгаарлагдмал хүрээнд судалж, дүгнэсэн. Уг дүгнэлтийг оновчтой эсэхийг батлахын тулд өөр улс орнуудад нэмэлт судалгаа хийсэн. Тэдгээр судалгаа нь илүү нарийн, өргөн хүрээг хамарч шинжилсэн бөгөөд чихрийн шижингийн эм, хүүхдүүд төрөлхийн гажиг хооронд шууд хамаарал байхгүй гэж дүгнэсэн байна. Мөн энэ сэдвийг эмнэл зүйн хүрээнд илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай байгааг тухайн судалгаануудад дурдсан юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Эрдэмтэд метформин чихрийн шижингийн эм эрэгтэй хүүхдүүд бэлэг эрхтний төрөлхийн гажиг үүсгэдэг болохыг олж мэджээ” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document