Search

Төрөл бүрийн бүтээгдэхүүний нэрээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1516

Ерөнхий агуулга

“Хол ойрын аль ч хараанд тохируулах боломжтой нүдний шил” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирддаг баталгаагүй хаягаас олон төрлийн бүтээгдэхүүний зураг, бичлэгээр дамжуулан залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна. Ингэхдээ хэд хэдэн төрлийн холбоосыг бүтээгдэхүүний тайлбар хэсэгт байршуулж, хэрэглэгчийн хувийн мэдээлэл бүхий асуулгыг бөглүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 14-ний өдөр 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр Ceoerty PeachPerk нэртэй хуудаснаас “-6.00-аас +3.00 градусын хооронд, хол ойрын аль ч хараанд тохируулах боломжтой нүдний шил” гэсэн агуулгатайгаар нэгэн нүдний шилний талаар нийтэлжээ. Уг пост 2700 гаруй реакц, 4600 орчим сэтгэгдэл авч, 1700-аад удаа цааш түгээгджээ.

Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягтлах аргыг ашиглалаа.

Тухайн мэдээлллийг нийтэлсэн хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2024 оны 11 дүгээр сард нээгдсэн, Вьетнам, АНУ-аас админ удирддаг хуудас байна.

Дээрх хуудас нь бүтээгдэхүүний үнэ, танилцуулга, холбогдох утас, дансны дугаар, хаяг байршил зэрэг мэдээлэлгүй хаанаас, хэрхэн захиалах нь тодорхойгүй постуудыг түгээдэг. Ингэхдээ зөвхөн холбоос хавсаргаж, түүгээр дамжихыг л уриалдаг байна.

Тус холбоост хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуултуудыг оруулсан байх бөгөөд хэд хэдэн төрлийн өөр өөр холбоосыг хавсаргажээ. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл бөгөөд үүнтэй төстэй холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулахаас татгалзах хэрэгтэй.

Coerty PeachPerk гэх хуудас дахь бүтээгдэхүүн борлуулж буй постуудын зураг

Харин шалгаж буй мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүний талаар япон худалдааны Rakuten сайтад “Хол, ойрын хараанд -4.0D-ээс +5.0D  фокус хүртэл тохируулан хэрэглэх боломжтой уг шил нь нэмэлтээр нүдний ядаргаа тайлж, нойр сайжруулахад туслах, цэнхэр гэрлийн эсрэг функцтэй. Нүдний хараанд тааруулж хэрэглэхэд л тохиромжтой бөгөөд нүдний эвэрлэг бүрхэвчийн гэмтэл, гажиг заслын эмчилгээнд хамаарахгүй. Уг бүтээгдэхүүн нь байнгын хэрэглээнд зориулагдаагүй болно. Мөн зөв тохируулж, ашиглаагүй тохиолдолд анхаарал төвлөрөлтөд нөлөөлж болзошгүй ба хувь хүний харааны хэлбэрээс үүдэн ялгаатай үйлчилнэ.” гэж нийтэлжээ. Үнийн хувьд 7980 иен буюу 191 520 орчим төгрөгөөр худалдаалагддаг байна. 

Уг хуудас нь дээрх нүдний шилээс гадна хамрын эмчилгээний төхөөрөмж гэх бүтээгдэхүүний зарыг нийтэлсэн байна. Тухайн бүтээгдэхүүнийг манай төвөөс өмнө нь шалгаж байсан. Эл бүтээгдэхүүн нь хамар, хоолой, ханиадыг эмчлэх эмчилгээ бус харшлын гаралтай хамар битүүрлийг түр хугацаанд тайвшруулж, намдаах зориулалттай юм. Мөн уг бүтээгдэхүүний үр нөлөөг илүү нарийн судалж, батлах шаардлагатай. Энэ мэт баталгаагүй бүтээгдэхүүнийг эмчилгээний арга мэтээр мэдээлж, олон нийтийг төрөгдүүлж байна.

Түүнчлэн тухайн хуудсанд хандан, хүргэлт, дансны мэдээлэл болон бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэхэд тодорхой хариулт өгөөгүй. Бүтээгдэхүүний талаарх тайлбар нь ерөнхий, тодорхой бус байсны дээр хэрэглэгч асуусан нэмэлт асуултуудад чатбот маягийн автомат хариу өгч байна. Мөн ч харилцах чатандаа тав орчим хонгийн дараа хариулсан ч урьдчилан бэлтгэсэн ерөнхий мэдээлэл илгээв. Үүнээс шалтгаалан хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний бодит чанар, найрлага, хэрэглэх аргачлал зэрэг чухал мэдээллийг тодруулах боломжгүй болж, сонголт хийхэд эргэлзээ төрүүлж байна.

Цахим орчинд гаднын улсаас удирддаг, баталгаагүй хаягууд олон нийтийн сүлжээнд бараа бүтээгдэхүүн, хямдрал, урамшуулал нэрийн дор линк тарааж, хэрэглэгчдийг хувийн мэдээллийг цуглуулдаг. Үүнээс гадна элдэв бүтээгдэхүүнээр дамжуулан мөнгөн гүйлгээнд уриалж, санхүүгийн залилан үйлдэх нь бий. Иймд энэ төрлийн хаягуудад ажиглагддаг түгээмэл шинжүүдийг доор дурдъя,

  • Дансны дугаар, хаяг, холбоо барих утас зэрэг албан ёсны мэдээлэлгүй,
  • Зөвхөн нэг линк эсвэл чатаар холбогдохыг уриалдаг,
  • “Яг одоо захиалаарай”, “шагнал авах боломжтой”, “цөөхөн үлдсэн”, “өнөөдөр л хямдралтай” гэх богино хугацаанд үйлдэл хийхийг шаардаж, ятгасан өнгө аястай,
  • Үг үсгийн алдаа ихтэй, олон төрлийн тэмдэгтийг нэг дор ашигласан, бүх үсгийг томоор бичсэн гэх мэт найруулга муу, ойлгомжгүй тайлбартай,
  • “Бэлэг хожоорой”, “мөнгө тарааж байна”, “шагналтай”, “үүнийг дагаад нэмэлт орлоготой болоорой” гэх мэт амархан аргаар их ашиг олох боломжийг амласан,
  • Гадаад нэр, зурагтай хаягуудаар хэт сайшаан, магтсан сэтгэгдэл бичүүлсэн,
  • Цөөн төрлийн зураг, постыг олон удаагийн давтамжтай харуулдаг гэх мэт нийтлэг шинж чанаруудтай.

Хуурамч хаягийг дагаж, тэдгээрийн байршуулсан холбоосоор нэвтрэх нь таны хувийн мэдээлэл алдагдаж, гуравдагч этгээдийн гарт орж, буруугаар ашиглагдах, улмаар мөнгөн хохиролд өртөх эрсдэлийг дагуулдаг. Мөн ийм холбоосоор дамжуулан таны төхөөрөмжид элдэв вирус, хорт код суурилуулж болзошгүй. Иймээс та өөрийгөө болон бусдыг учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд дараах зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд,

  1. Хэт хямд, урамшуулалтай гэх мэт их ашиг хонжоо амласан саналд шууд итгэхгүй байх,
  2. Албан ёсны дэлгүүрүүд сайт болон баталгаатай пэйж, сувгаар захиалга хийх,
  3. Гаднын улсаас удирддаг хаяг, холбоосыг анхааралтай шалгах,
  4. Линкээр нэвтрэх шаардлагатай тохиолдолд домэйн нэрийг нягтлах,
  5. Вирус хамгаалалттай төхөөрөмж ашиглаж, нууц үгээ тогтмол шинэчлэх,
  6. Олон нийтэд энэ төрлийн баталгаагүй мэдээллийг түгээхээс зайлсхийх зэргээр залилангийн хохирогчоос болохоос сэргийлж, энэ төрлийн мэдээллийг таньж, мэддэг хэрсүү нэгэн байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хол ойрын аль ч хараанд тохируулах боломжтой нүдний шил” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document