Search

Амны хөндийн эрүүл мэнд муу байх нь зүрхээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1515

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Амны хөндийн эрүүл мэнд зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Амны хөндийн эрүүл ахуй муу байх нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг олон төрлийн судалгаанд дурдсан бөгөөд уг хоёр өвчин хэрхэн холбогдож буй механизмыг илүү нарийн судалсаар байгаа юм.

2025 оны долоодугаар сарын 20-ны өдөр Ингүүн.мн гэх Facebook хуудас амны хөндийн эрүүл мэнд нь зүрхний эрүүл мэндэд нөлөөлдөг тухай “Шинэ судалгаагаар амны хөндийн эрүүл мэнд, тухайлбал шүд цоорох, буйлны өвчин зэрэг нь зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг баталж байна. Амны халдварын бактери нь цусны урсгал руу орж, цусны судаснуудад үрэвслийг үүсгэдэг. Судалгаанаас харахад шүд нь маш их унасан хүмүүс зүрхний өвчнөөр нас барах эрсдэл 66% -иар их байдаг. Шүд угаах, шүдний утас угаах, тогтмол шүдний үзлэг хийх нь зөвхөн таны инээмсэглэл биш юм. Тэд бас таны зүрхийг хамгаалдаг” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 162 реакц, 4 сэтгэгдэл авч, 149 удаа цааш түгээгджээ.  

Амны хөндийд ойролцоогоор 700 төрлийн бактери байдаг бөгөөд аюулгүй, ашигтай бактериуд ч оршдог байна. Тэдгээр нь хоол хүнсийг задлахад туслах, өвчин үүсгэгч, хортой бактерийн өсөлтийг хязгаарлах гэх мэт үүрэгтэй. Гэвч уг бактериудын тоо ихэссэнээр буйл халдварлаж, хүндэрсээр холбогч эдүүдийг үрэвсүүлж, гэмтээдэг байна. Буйлны үрэвсэл нь шүд унахад хүргэж, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг бөгөөд уг өвчний хоорондын холбоог илүү нарийн судалсаар байна. 

Шүдний өвчлөл ба зүрх судасны эрүүл мэндийн хамаарлын зураглал, Эх сурвалж: Advanced Dental Implant and TMJ Center

АНУ-ын Шүдний Холбооны мэдээлснээр буйлны өвчин ба зүрхний өвчний холбоог тайлбарлах хоёр таамаглал бий гэж үздэг. Нэгдүгээрт, буйлны үрэвслийн үрэвсэл нь цусаар дамжин, титэм судасны өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Хоёрдугаарт, буйлны үрэвсэлтэй хэсэг нь өвчин үүсгэгч бактерийг үржүүлж, цус гарахад хүргэдэг. Үүгээр бактери цусны урсгалд орж, зүрх судасны эрхтэнд хүрч үрэвсэл, гэмтэл үүсгэдэг гэж тайлбарладаг байна.

Титэм судасны өвчин гэдэг нь судсанд өөх тос хуримтлагдаж, судасны ханын голч багасаж, цусны даралтыг нэмэгдүүлдэг өвчин юм. Энэ нь зүрхний өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Харвардын Анагаах ухааны сургуулийн албан ёсны сайтад мэдээлснээр “Амны хөндийн бактери нь цусаар дамжин судасны хананд үрэвсэл үүсгэж, бүлэн бий болгосноор зүрх судасны өвчинд хүргэдэг гэж таамаглан, олон төрлийн судалгаа хийсэн ч маргаантай байдаг. Учир нь зөвхөн амны хөндийн бохирдол бус амьдралын муу зуршил, тамхи татах гэх мэт гуравдагч хүчин зүйл нөлөөлөл ч хавсарч байдаг.” гэжээ. 

Энэ талаар 2018 онд сая орчим хүнийг хамруулсан “Амны хөндийн эрүүл мэнд ба зүрхний титэм судасны өвчин” судалгаанд дурджээ. Судалгаагаар шүд, зүрхний титэм судасны өвчний хоорондын хамаарлыг 21 жилийн турш судалсан байна. Уг судалгааны дүгнэлтэд, олон шүд нь унасан хүмүүс зүрхний өвчин тусах эрсдэл илүү өндөртэй байжээ. Үүнд, эрэгтэй хүмүүст 8%, эмэгтэйд 9%-иар илүү байгааг ажигласан байна. Үүнээс оролцогчдыг тамхи татдаг үгүйгээр нь ангилахад зүрхний өвчин амны хөндийн эрүүл мэндээс хамааралтай байх магадлал нь эрэгтэйчүүдийн дунд багасаж, эмэгтэйчүүдэд бараг өөрчлөлтгүй байгаа нь ажиглагджээ. Уг үзүүлэлтээс шүд, зүрхний титэм судасны өвчин хоёрын хоорондын холбоо нь эрэгтэйчүүдийн хувьд гол төлөв тамхи татах зуршилтай нь холбоотой байх магадлалтай гэж үзжээ. Үүнээс шүдний өвчлөл нь дангаар зүрхний өвчин үүсгэдэг гэж үзэхэд хангалтгүй бөгөөд цаашид илүү нарийн судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

~~~

2021 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүст зүрх судасны өвчин үүсэх эрсдэл: Системчилсэн тойм ба мета- анализ” нэртэй 32 судалгааны материалыг нэгтгэсэн мета-анализ судалгаанд буйлны архаг үрэвсэлтэй хүмүүст зүрх судасны өвчин тусах эрсдэл дунджаар 20%-иар өндөр байгааг тэмдэглэжээ. Мөн 2023 оны “Шүдний өвчин болон зүрх судасны өвчний хоорондын холбоо: Системчилсэн тойм судалгаа” гэх 82 судалгааг хамруулсан тойм судалгаанд шүд унах, буйлны үрэвсэл, тулгуур эдийн өвчлөл зэрэг нь зүрх судасны өвчинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Уг судалгаанд нийт 6,680 судалгааны материалыг шүүж, шаардлага хангасан 82 судалгааны өгүүллийг сонгож ажиллажээ. Түүнээс 10 судалгаанд шүдний өвчин ба зүрх судасны өвчний хооронд холбоо ажиглагдаагүй бол үлдсэн судалгаануудад эрсдэлт хүчин зүйлд хамаарах боломжтой талаар дурдсан байна. Тэдгээр судалгаануудад шүдний цоорол, шүд уналт, буйлны үрэвсэл, тулгуур эдийн өвчлөл нь зүрхний титэм судасны өвчин, цус харвалт, судас хатуурах, зүрхний шигдээс зэрэгт нөлөөлөх магадлалтайг онцолсон байв. Ингэхдээ эдгээр өвчний харилцан холбоо нь шууд болон шууд бус механизмаар дамжих тухай тайлбарласан байна. Шууд механизм нь үрэвслийн үед бие махбодын үзүүлэх хариу урвал, амны хөндийн халдвар үүсгэгч бактери эндотели эд (судасны дотор байрладаг эсүүд) рүү нэвтрэх зэрэгтэй холбоотой бол шууд бус механизм нь хорт зуршил, тамхи татах, чихрийн хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, эрүүл ахуй гэх мэт хүчин зүйлсээр дамжин илэрдэг гэжээ. 

Харин шалгасан мэдээлэлд дурдсан судалгааг АНУ-ын Охайо мужийн Кейс Вестерн Резервийн их сургуулийн баг бусад орны судлаачидтай хамтран хийсэн байна. Уг судалгааг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн судалгааны материалыг нэгтгэн, судалжээ. Энэ талаар тус сургуулийн судлаач, шүдний эмч, Анита Аминошариэ “Судалгааны үр дүн янз бүр байсан ч бүгд адилхан дүгнэлттэй байсан. Шүд нь бүрэн унасан хүмүүсийн хувьд зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл өндөр байсан нь бүх судалгааны материалд ажиглаж байв. Олон шүд нь унасан хүмүүсийг бүрэн шүдтэй хүмүүстэй харьцуулахад зүрхтэй холбоотой өвчнөөр нас барах эрсдэл 66% өндөр байсан” гэж мэдээлжээ. 

Үүнээс дүгнээд үзэхэд амны хөндийн эрүүл ахуй муу байх нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Гэвч зүрх судасны өвчин нь зөвхөн шүдний өвчлөлөөс хамаарахгүй, бусад хүчин зүйлстэй хавсарч шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг гэх мэтээр уг өвчнүүдийн холбоо хамаарал, механизмыг илүү нарийн судалж буй юм. Тиймээс шүд, амны хөндийн ариун цэврийг сахиж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн шүдний цоорол бус бусад дотор эрхтнүүдийг ч хамгаалахад тустай байх нь. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document