2025 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Zermaa Chuluunsuren (архивлагдсан хувилбар) гэх Facebook хаяг “Сүүлийн энэ 50 жилд тахианы махны орцыг генийн өөрчлөлтөөр 364 хувиар нэмэгдүүлсэн! Ийм балиар юмыг битгий ид! Хониор бодвол, хонийг генийн өөрчлөлтөд оруулж, заан шиг том болгосон гэсэн үг. 2025 он” гэх агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 446 реакц, 41 сэтгэгдэл авч, 622 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1957, 1978 ба 2005 оны тахианы омгуудын өсөлт, тэжээлийн үр ашиг болон махны гарцын харьцуулсан судалгаа
2014 онд Канадын Альбертагийн их сургууль болон тус мужийн Хөдөө аж ахуйн хөгжлийн газраас хамтран гүйцэтгэсэн “Growth, efficiency, and yield of commercial broilers from 1957, 1978 and 2005” судалгаагаар, арилжааны чиглэлээр 1957 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсэн генетикийн сонгон үржүүлэлтийн нөлөөг махны чиглэлийн тахианы өсөлт, тэжээлийн үр ашиг, махны бүтэц зэрэгт хэрхэн нөлөөлснийг судалжээ. Судалгаанд 1957 болон 1978 оноос хойш үржүүлэлт хийгдээгүй Альбертагийн их сургуулийн “AMC” омгууд болон 2005 оны арилжааны “Ross 308” омгийг хамруулжээ.
Тухайн судалгааг дэлгэрэнгүй тайлбарлавал, тус бүр 180 ширхэг, хольмог хүйстэй дэгдээхийг дөрвөн удаагийн давтан туршилтын бүлэгт хуваан, тэжээлийн хөтөлбөрийн дагуу 56 хоногийн турш өсгөн бойжуулсан байна. Судалгааны явцад долоо хоног тутамд шувуудын урд болон хажуу талаас авсан гэрэл зургуудыг ашиглан биеийн өсөлт, тэжээлийн хэрэглээ, тэжээлийн хувиргах чадвар, үлдэгдэл тэжээлийн хэрэглээ болон үлдэгдэл энергийг нарийвчлан хэмжжээ.


Түүнчлэн долоо хоногт хоёр удаа сонгосон шувуудад задлан шинжилгээ хийж, цээжний булчин, гуяны мах, хэвлийн өөх, элэг, зүрх, гэдэс зэрэг эрхтнүүдийн харьцангуй өсөлтийн хэмнэлийг тодорхойлсон байна.
Судалгааны үр дүнд, 1957 оноос 2005 он хүртэл тахианы биеийн жин 400 гаруй хувиар нэмэгдэж, тэжээлийн хувиргах чадвар 50 орчим хувиар сайжирсан байна. 42 хоногтой тахианы дундаж биеийн жин жил бүр дунджаар 3.30 хувиар нэмэгдэж байсан бол тэжээлийн хувиргалтын коэффициент (FCR) жил бүр 2.55 хувиар буурчээ. Үүнээс гадна, “цээжний гол булчингийн өсөлтийн чадамж мэдэгдэхүйц нэмэгдэж, хэвлийн өөхний хуримтлал буурсан нь генетикийн сонгон үржүүлэлтийн үр дүн болохыг харуулж байна” гэжээ.
Судалгааны багийн зүгээс эдгээр өөрчлөлт нь генийн өөрчлөлттэй организм (GMO)-ийн үр дүн биш бөгөөд уламжлалт генетикийн сонгон үржүүлэлтийн аргаар олж авсан болохыг онцлон тэмдэглэжээ. Судалгааны багийн тэмдэглэснээр, “Орчин үеийн тахиануудын хурдацтай өсөлт, биеийн жингийн огцом нэмэгдэл нь тэдний генетикийн өндөр чадавхиас үүдэлтэй. Энэхүү чадавхийг хөгжүүлэхэд уламжлалт генетикийн сонгон үржүүлэлтийн арга чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өсөлтийн хурд сайтай, тэсвэртэй, бүтээмж өндөртэй хувилбаруудыг үе үеэр нь үржүүлэн сайжруулсаар ирсэн” гэжээ.
Генетикийн сонгон үржүүлэлтийн аргыг генийн өөрчлөлт хэмээн гуйвуулж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ
Генетикийн сонгон үржүүлэлт (genetic selection) нь амьтан, ургамлын дундах байгалиас заяасан удамшлын ялгаатай шинж чанаруудын дундаас хүний хүсэл, хэрэгцээнд нийцсэн шинжтэй амьтан, ургамлыг сонгон үржүүлж, тэрхүү шинжийг удаа дараагийн үед улам бататган хөгжүүлэх уламжлалт арга юм. Энэхүү арга нь тухайн организмын ДНХ-д шууд оролцохгүйгээр, байгальд аль хэдийн оршин байгаа генетикийн олон янз байдлыг ашигладаг гэдгээрээ генийн өөрчлөлттэй организм (GMO) үүсгэхтэй үндсэн ялгаатай.
Дүгнэхэд, 1957 оноос 2005 он хүртэл тахианы махны үйлдвэрлэлийн өсөлт, тэжээлийн үр ашиг нь генетикийн уламжлалт сонгон үржүүлэлтийн үр дүнд бий болсон бөгөөд үүнд генийн өөрчлөлт оролцоогүй байна. Харин шалгасан мэдээлэлд “…тахианы махны орцыг генийн өөрчлөлтөөр 364 хувиар нэмэгдүүлсэн…” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.




