Search

“Асар том газар нутаг Хятадын харьяанд орлоо” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1510

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хятад Монголын хилийн зурвас 8 жил хэлэлцэж асар том газар нутаг хятадын харьяанд орлоо гэнэ” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Асар том газар нутаг Хятадын харьяанд орлоо” хэмээн худал мэдээлэл түгээсэн бөгөөд шалгасан мэдээлэлд хавсаргасан бичлэгт Монгол Улс болон БНХАУ-ын хооронд 1962 онд байгуулсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-ний дагуу Буйр нуурыг хоёр улсын хилээр хуваан тэмдэглэсэн үйл явдлын тухай өгүүлсөн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны тавдугаар сарын 30-нд В.Баасанхүү (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “хятад Монголын хилийн зурвас 8 жил хэлэлцэж асар том газар нутаг хятадын харьяанд орлоо гэнэ” гэх агуулгатай пост нийтэлжээ. Тус нийтлэл 56 реакц, 19 сэтгэгдэл авч, 386 удаа цааш түгээгджээ.

Мөн Уринхиад Цэц Мөргүн (архивласан хувилбар) хаягаас “Монгол улс хилийн хэлэлцээрээр 8000 ам км нутаг дэвсгэрийг маань буцаан өгөв гэдэг бичлэгүүд юүтүүбээр маш их цацагдах болов. Энэ асуудлыг ГХЯ, Хилийн цэргийн ерөнхий газар анхааралдаа авч олон түмэнд нэг мөр бодит хариу өгмөөр байна” гэсэн пост хуваалцсан байна. Харин тус постын анхдагч эх сурвалж болох Boldbaatar Dorjsuren хаягаас тухайн нийтэлсэн постоо устгасан байна.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан Хятад, Монголын хилийн зурвасыг тогтоох хэлэлцээр: 8 жилийн турш үргэлжилсний эцэст “ахиц” гарч, томоохон газар нутаг Хятадын харьяанд шилжив! гарчигтай бичлэгт “1962 онд Хятад-Монгол хоёр улс Циний хилийг үндэс болгон хэлэлцээ хийж, нуурын талбайн 7%-ийг Хятадын мэдэлд үлдэв. Энэхүү тохиролцоо нь Буйр нуур болон Алтай, Дарьганга орчмын хилийн бүсэд хамаарах бөгөөд түүхэн болон стратегийн хувьд онцгой ач холбогдолтойд тооцогдож байна” гэж дурджээ.

Мөн энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газар албан ёсны цахим хуудсандаа залруулга хийж, “Монгол, Хятад улсын хоорондох улсын хилийн урт (4709.6 км)-д өөрчлөлт ороогүй, улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн 1533 хилийн багана анх босгосон байрлал дээрээ бүрэн бүтэн байгаа бөгөөд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж мэдээлжээ.

Бид шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Youtube-д хайхад ижил агуулга бүхий бичлэг гурван сарын өмнө буюу 2025 оны 04 дүгээр сард “Хятад–Монголын хилийн асуудал 8 жилийн турш үргэлжилсний эцэст ахиц гарч, Монгол Улсаас Хятад руу томоохон хэмжээний газар нутаг буцаж ирлээ” гэсэн гарчигтай бичлэг нийтлэгдсэн байна. Мөн 2025 оны 07 дугаар сарын 18-нд “Хятад, Монголын хилийн зурвасыг тогтоох хэлэлцээр: 8 жилийн турш үргэлжилсний эцэст “ахиц” гарч, томоохон газар нутаг Хятадын харьяанд шилжив!” гэх гарчигтай бичлэг YouTube дэх “Хүчтэй улсын гар урчууд” (强国工匠 ) гэж орчуулагдахуйц (Google Translate орчуулга) хуудас болон “3D pyrotechnic gas” гэсэн Youtube хуудаст нийтлэгджээ.

Тухайлбал, “Буйр нуурын хилийн асуудлыг шийдвэрлэх хэлэлцээр найман жилийн турш үргэлжилсний эцэст 1962 онд хоёр улс албан ёсны гэрээ байгуулж, 40.26 км² буюу 7% нь Хятадын нутагт багтав” хэмээн тус хоёр хуудаст нийтлэгдсэн бичлэгт онцолсон байна. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд хилийн гэрээ байгуулсан бөгөөд доорх зурагт Буйр нуур хилийн зурвасаар хуваагдаж, нуурын ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буйг Google Maps хэрэглүүр ашиглан харууллаа.

Google maps-аас авсан Буйр нуурын зураг

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн сайтад “…хэлэлцээрийн явцад 30 хэсэг газрын 10-ыг нь БНМАУ-д, 6-г нь БНХАУ-д харъяалуулах, 14 хэсэг газрыг хувааж эзэмшихээр тохирчээ…” хэмээн нийтэлжээ. Мөн АНУ-ын Төрийн департаментын Газарзүйчийн албаас гаргасан олон улсын хилийн судалгааны баримт бичигт1921 оноос 1962 он хүртэл Хятад, Монголын хилийн шугамын хүрээнд албан ёсоор хилийн зааг тогтоосон цорын ганц хэсэг нь зүүн бүсэд орших Буйр нуурын орчмын бүс нутаг байсан” талаар дурджээ.

Хил Хамгаалах Ерөнхий Газар албан ёсны цахим хуудсандаа залруулга мэдэгдэл гаргасан

2025 оны 07 дугаар сарын 20-нд Хил Хамгаалах Ерөнхий Газар албан ёсны Facebook хуудастаа залруулга мэдэгдэл танилцуулсан. Үүнд “Монгол, Хятад улсын хоорондох улсын хилийн урт (4709.6 км)-д өөрчлөлт ороогүй, улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн 1533 хилийн багана анх босгосон байрлал дээрээ бүрэн бүтэн байгаа бөгөөд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.” гэжээ.

Хил хамгаалах байгууллагаас гаргасан албан ёсны мэдэгдэл, Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сан Монгол улсын газар нутаг, хилийн тухай “Монгол Улсын хилийн нийт урт 8252.7 км, хойд талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.7 км хиллэдэг. Нутгийн баруунаас зүүн цэг хүртэл 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км, нийт 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай” гэжээ. Уг хэмжээ хэвээр байгааг Хил Хамгаалах Ерөнхий Газраас баталсан юм. 

Бичлэгт ашигласан гэрэл зураг нь “Ховд аймгийн Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, Монгол Улсын Ховдын хилийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хурандаа Э.Энхтайваны Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн төлөөлөгчтэй хийсэн хилийн уулзалтын үеийн гэрэл зураг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хятадын www.xinhuanet.com сайтад “Хоёр улсын хилчид хил хамгаалалтыг бэхжүүлэх талаар хамтран хэлэлцэв” гэсэн нийтлэлд гарсан болно” хэмээн Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлжээ.

1-р сарын 28-ны өдөр Хятад-Монголын хилийн 123 дугаар тэмдэгтийн дэргэд Хятадын хурандаа Инь Хунчэн, Монголын хурандаа Э.Энхтайван нар, Эх сурвалж: Xinhuanet.com

БНХАУ-ын төрийн мэдээллийн сайт Xinhuanet-д, “хоёр орны хил хамгаалагчид 2015 оны хил хамгаалалтын жилийн уулзалтыг дуусгасны дараа газар дээр нь хилийн хяналт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцаж, хамтарсан эргүүл, шалгалтыг нэмэгдүүлэх санал дэвшүүлэн, найрамдалт харилцаагаа улам бэхжүүлсэн байнагэжээ

Дүгнэхэд, “Асар том газар нутаг Хятадын харьяанд орлоо” хэмээн худал мэдээлэл түгээсэн бөгөөд шалгасан мэдээлэлд хавсаргасан бичлэгт Монгол Улс болон БНХАУ-ын хооронд 1962 онд байгуулсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-ний дагуу Буйр нуурыг хоёр улсын хилээр хуваан тэмдэглэсэн үйл явдлын тухай өгүүлсөн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хятад Монголын хилийн зурвас 8 жил хэлэлцэж асар том газар нутаг хятадын харьяанд орлоо гэнэ” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Check document