Facebook платформд 2024 оны 07 дугаар сараас анх түгж эхэлсэн RE/MAX компанийн агентуудаар дамжуулан хөрөнгө оруулж богино хугацаанд ашиг олох боломжтой тухай постуудад бид баримт шалгалт хийлээ. Тус постуудад яг ижилхэн агуулга бүхий дараах уриалга буюу “Bid ashgaa ilgeeseer baina🎉 Delgerengui medeelel avakhyg khusvel comment+1 darna uu” гэх агуулгыг ашиглан тус компанийн агентуудын жинхэнэ хаягийг дуурайлган хуурамч агуулгатай залилангийн постууд түгээжээ. Ийм төрлийн ижил постууд 2024 оны 07 дугаар сараас эхлэн 1000 гаруй удаа түгээгдэж хамгийн сүүлд 2025 оны 07 дугаар сарын 20-нд залилангийн хаягууд түгээсэн байна.
Бид Facebook хаягуудын нээлттэй мэдээлэл болон RE/MAX компанийн албан эх сурвалжтай холбогдон хуурамч хаягуудад баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
RE/MAX-ийн агентуудын нэр, зургийг ашиглаж үүсгэсэн хуурамч пэйжүүд
Бид юун түрүүнд “Bid ashgaa ilgeeseer baina🎉 Delgerengui medeelel avakhyg khusvel comment+1 darna uu” гэсэн түлхүүр үгээр Facebook-т хайхад, 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл 1000 гаруй ийм агуулгатай пост тус платформд түгсэн байна.


Хайлтын илэрцээр гарч ирсэн хаягуудыг шинжихэд сүүлийн нэг сарын хугацаанд Facebook платформд RE/MAX-ийн ажилтнуудын зураг, бичлэгийг ашигласан 50 гаруй хуурамч пэйж үүсгэж, 200 гаруй залилангийн пост түгээжээ. Эдгээр хуурамч пэйжийн дийлэнхийг Бүгд Найрамдах Нигери Улсаас удирдаж байгаа болохыг бид онлайн эрэн сурвалжилгын явцад тогтоолоо.
Дараах хүснэгтэд бид хандалт ихтэй 20 хуурамч пэйжийг доор жагсаасан ба “Хүснэгт үзэх” дээр дарж дэлгэрэнгүй үзээрэй.
Хүснэгт үзэх
| № | Хуурамч хаяг | Нээгдсэн огноо | Дагагчын тоо | Залилангийн постын холбоос | Админы байршил |
| 1 | Ouna Balsanov | 2025-06-19 | 10,919 | Пост | Нигери |
| 2 | Undarmaa Undraa | 2025-07-05 | 4,462 | Пост | Тодорхойгүй |
| 3 | Khandarmaa Buyanbat | 2025-07-04 | 4,405 | Пост | Тодорхойгүй |
| 4 | Narangerel Tomorbaatar | 2025-07-01 | 4,858 | Пост | Нигери |
| 5 | Enkhtuul Orgil | 2025-06-22 | 2,905 | Пост | Тодорхойгүй |
| 6 | Gan-Och Oyuna | 2025-05-23 | 4,022 | Пост | Нигери |
| 7 | Oyunsuren Vicky Enkhsaikhan | 2025-07-19 | 2,138 | Пост | Нигери |
| 8 | Altangerel Otgoo | 2025-06-07 | 1,903 | Пост | Нигери |
| 9 | Davaa | 2025-06-30 | 2,243 | Пост | Нигери |
| 10 | Tsolmon Bagshmaa | 2024-09-17 | 2,001 | Пост | Нигери |
| 11 | Otgonbayar Sanjaajaw | 2025-07-13 | 2,876 | Пост | Тодорхойгүй |
| 12 | Azbileg Chinbaatar | 2025-07-10 | 1,979 | Пост | Тодорхойгүй |
| 13 | Д. Оюунцэцэг | 2025-02-08 | 2,263 | Пост | Нигери |
| 14 | Bolor Chinbaatar | 2025-06-07 | 1,898 | Пост | Тодорхойгүй |
| 15 | Eegii Erdka | 2025-07-12 | 2,991 | Пост | Нигери |
| 16 | Munkhzaya Ganbold | 2024-09-22 | 1,800 | Пост | Нигери |
| 17 | Oyungerel Tsedevdamba | 2025-06-08 | 1,860 | Пост | Нигери |
| 18 | Gankhuyag Selenge | 2025-07-16 | 1,389 | Пост | Тодорхойгүй |
| 19 | Tsatsa Gan-Och | 2025-07-10 | 1900 | Пост | Тодорхойгүй |
| 20 | Tsatsa Gan-Och | 2025-07-03 | 1800 | Пост | Нигери |
Хуурамч пэйжээс түгээсэн постын дагуу вэбсайт нэвтрэх болон мессеж хариу бичихэд залилангийн шинж тэмдэг ажиглагдсан
Мөн бид дээрх хуурамч пэйжийн постын дагуу мессеж бичиж асуухад “Хөрөнгө оруулсан 150,000 төгрөгөө 24 цагийн дараа 15 үржүүлж, 2,250,000 төгрөг болгож авна” гэв. Мөн цаашлаад энэ вэбсайтыг зааж өгч, бүртгүүлээрэй гээд “mongoliaremax.co” гэсэн REMAX компанийн гэж ойлгогдох вэбсайт руу нэвтрэхийг зааварчилсан. Тус вэбсайтад овог, нэр, утасны дугаар, и-мэйл зэрэг хувийн мэдээллээ оруулан бүртгүүлэхийг шаардсан.

Мессежинд хариу өгч байгаа хурд болон үг үсэг, найруулгын алдаанаас (“Эхлезрай” болон “бична уу”) харвал автоматажсан эсхүл гаднын хүн ямар нэгэн орчуулгын хэрэглүүр ашиглан харилцаж байгааг харж болно.
Дээр дурдсан вэбсайт руу нь орж үзээд, зохиомол мэдээллээр бүртгүүлэн ороход, дансаа цэнэглэх сонголт гарч ирлээ. Дансны мэдээлэл нь “Ундрахбаяр Тогмиджав” гэх монгол хүний Төрийн банкны данс байлаа.


RE/MAX компаниас “mongoliaremax.co” вэбсайт хуурамч болохыг мэдэгдсэн
Бид RE/MAX Platin-ийн гүйцэтгэх захирал Б.Батгэрэлтэй холбогдон тодруулга авахад “RE/MAX нь үл хөдлөх зуучлалын компани бөгөөд иргэдээс ямар нэг байдлаар огт хөрөнгө оруулалт авдаггүй. Иймд цахим орчинд хөрөнгө оруулалт татах нэрийдлээр пост түгээгээд байгаа RE/MAX-ийн агентуудын пэйжүүд хуурамч болно. Манай цорын ганц албан ёсны вэбсайт нь www.remax.mn бөгөөд дээр дурдсан “mongoliaremax.com” нь хуурамч вэбсайт болно” гэв.
Дүгнээд хэлбэл, RE/MAX нь ямар нэг байдлаар иргэдээс хөрөнгө оруулалт огт татдаггүй. Харин тус компанийн брэндинг буюу лого, нэр, олон нийтэд танигдсан байдлыг ашиглан хуурамч вэбсайтаар дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг залилан авч байгаа нь бидний баримт шалгалтад ажиглагдлаа. Иймд та хэрсүү байж, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлэн RE/MAX компанийн албан ёсны вэбсайтаас мэдээлэл авч аливаа баталгаагүй, хуурамч вэбсайт, хаягуудад хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийгээрэй.
Ийм санхүүгийн залилан нь Монголд төдийгүй олон улсад түгээмэл байдаг бөгөөд үүнийг “Advanced-fee scam” буюу урьдчилан төлбөр, мөнгө авах нэрийдлээр хийдэг аж. 1980-аад оны сүүлээр Нигери улсад газрын тосны үнэ унаснаар тус залилан үүсэх үндэс болсон. Тэрээр олон тооны ашиглахгүй байгаа газрын тосны машин бидэнд байна, та урьдчилгаа мөнгө төлөн эдгээрийг хямд аваарай хэмээн Их Британийн хөрөнгө оруулагчдыг залилж байжээ. Удалгүй Интернэт үүссэнээр ийм төрлийн залилан газар авч эхэлжээ.
Хэрэв танд эргэлзээтэй, хуурамч байж болзошгүй пост харагдвал манай АСУУ чатботтой холбогдон бидэнд илгээгээрэй.




