2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Аминагийн аав гэх нэртэй Facebook хуудаснаас “ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Нас барсан хүмүүсийн 86,5% нь хужаа вакцин байсан” гэсэн тайлбартай мэдээллийг “Аз Жаргал Хаалга Тогшино” гэх хуудаснаас авч нийтэлсэн байна. Уг пост 2500 гаруй реакц, 22 сэтгэгдэл авч, 2400 орчим удаа цааш түгээгджээ.
Бид мэдээллийг эх сурвалжийг хайн илрүүлсэн ба постод дурдагдсан Л.Баттөр гэх хүмүүс вакцинаас болж нас барсан тухай мэдэгдээгүй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид мэдээллийг нягтлахдаа тухайн мэдээлэлд дурдсан хаягаар анхны постыг хайж, илрүүлсэн.

Хайлтын үр дүнд уг мэдээллийг Аз Жаргал Хаалга Тогшино (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас 2021 оны наймдугаар сарын 4-нд нийтэлжээ. Өөрөөр хэлбэл таван жилийн өмнөх мэдээллийг дахин хуулбарлан түгээсэн байна. Гэвч уг мэдээлэл нь бодит мэдэгдлийн агуулгыг ташаа мэдээлж, санаатайгаар гуйвуулсан байна.
Бид “Л.Баттөр 86.5%” гэх түлхүүр үгээр Facebook-т хайхад 2021 оны 07 дугаар сарын 30-нд хийсэн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл гарч ирсэн. Үргэлжлүүлэн бид Эрүүл Мэндийн яамны Facebook хуудсаас мэдээллийг хайн 2021 оны долоодугаар сарын 30-ны өдөр буюу дээр дурдсан пост нийтлэгдэхээс 5 өдрийн өмнө нийтлэгдсэн Эрүүл Мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх тойм мэдээллийн бичлэгийг олсон.
Тус танилцуулгын үеэр ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр мэдээлж байсан юм. Тэрээр бичлэгийн 10:24 секунд дэх мэдэгдэлдээ “…Халдвараар нас барсан нийт хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, вакцинаа хийлгэх нь зүйтэй” хэмээн зөвлөж байжээ.
Эдгээр баримтуудаас дүгнээд үзэхэд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Л.Баттөр “Ковидын халдвараас нас барсан хүмүүсийн 86% нь вакцинд хамрагдаагүй байсан” гэж мэдэгдсэнээс удалгүйгээр вакцины улмаас хүмүүс нас барсан мэтээр гуйвуулж зохиомол эшлэл бүтээн хуурамч мэдээлэл түгээсэн байна.




