Search

Украины Житомирт болсон дэлбэрэлтийг Алтанбулагт болсон гэж төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1506

Ерөнхий агуулга

Алтанбулаг хилийн боомтод шатахуун түгээх станц дэлбэрсэн гэх бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Украины Житомир мужид болсон дэлбэрэлтийн бичлэгийг Монголд болсон мэтээр түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 07 дугаар сарын 05-нд Erch.mn гэх Facebook хуудаснаас “Орос иргэний бичлэг. 2025.07.04 Алтанбулаг хилийн боомтод бензин колонк дэлбэрлээ” гэх тексттэй замын хажууд дэлбэрч буй дүрслэл бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ. Тус бичлэгийг нийт 431 реакц, 66 сэтгэгдлээр идэвхжүүлж, 114 удаа цааш түгээжээ.

Бид бичлэгийн эх сурвалжийг олсон ба энэ нь долдугаар сарын 02-нд Украинд болсон дэлбэрэлтийн бичлэг юм.

Бичлэгийн гол хэсгийг дарж текст оруулсан учир зургаар хайхад илэрц багатай байна. Иймд Vmake.ai хиймэл оюуны хэрэглүүр ашиглан бичлэг дээрх текстийг арилгаж, Google Lens хайлтын системээр хайхад Instagram, X (хуурчнаар Twitter), TikTok зэрэг платформд бичлэг өргөн түгжээ. Тухайлбал, 2025 оны 07 дугаар сарын 03-нд  @victoriaslog , @caoz_ES X хаягт “Житомирын хурдны замд” гэх тайлбартай нийтэлсэн бол @tvoe_rivne Instagram хаягт “Житомирын ойролцоо дэлбэрэлт…” гэх тайлбартай бичлэгийг нийтэлжээ.

2025 оны 07 дугаар сарын 02-нд Украины Житомир мужийн Березина тосгоны ойролцоо М-02 хурдны замд дэлбэрэлт гарсан ба 2 хүн нас барж, 24 хүн гэмтсэн тухай Kyiv Independent мэдээллийн сайтад мэдээлжээ. Харин 07 дугаар сарын 03-нд бэртсэн хүний тоо 82-д хүрсэн тухай мужийн захирагч Виталий Бунечко мэдээлсэн байна. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй ба дэлбэрэлт, гал түймрээс улбаалан хоёр үйлдвэрийн байгууламж сүйрч, 90 гаруй орон сууцны цахилгааны шугам гэмтэж, 700 орчим айл цахилгаангүй болсон байна.

Дүгнэвэл, 07 дугаар сарын 02-нд Украины Житомир мужид болсон дэлбэрэлтийн бичлэгийг Алтанбулаг боомтод 07 дугаар сарын 04-нд шатахуун түгээх станц дэлбэрсэн гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Алтанбулаг хилийн боомтод шатахуун түгээх станц дэлбэрсэн гэх бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document