2025 оны 07 дугаар сарын 02-нд HumanZ.mn гэх Facebook пэйж “Монгол Улс 8000 орчим цагдаатай. Түүний 300 нь хэрэг мөрддөг, 2000 орчим нь зам дээр зогсож, зодоон нүдээн салгаж, согтуу хөлчүү хүмүүстэй ажиллаж эргүүлд гардаг. Үлдсэн 6000 нь юу хийдэг вэ?” гэх тайлбартай ярилцлагын бичлэг түгээжээ. Тус бичлэг 07 дугаар сарын 07-ны байдлаар 141 реакц, 71 сэтгэгдэл авч, 260 гаруй удаа цааш түгээгджээ.
Нийт гурван минут гаруй үргэлжлэх бичлэгт, Хуульч, судлаач Г.Эрдэнэбат “…Яг өнөөдөр Монгол улсад 300 гаруй мөрдөгч байдаг. 1,500-2,000 орчим хэв журмын цагдаа байдаг. Гудамжинд гарч эргүүл хийхгүй, хариуцлага хүлээхгүй…, зөвхөн цагдаа биш бүх төрийн алба иймэрхүү…” хэмээн ярьжээ.
Бид энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газраас тодруулга хүсэн тус байгууллагын нээлттэй мэдээллийг үндэслэн баримт шалгалаа.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Цагдаагийн Ерөнхий газрын (ЦЕГ) албан ёсны вэбсайтад 2024 оны Цагдаагийн байгууллагын төсвийг нээлттэй байршуулсан байна. Тус мэдээлэлд дурдсанаар 2024 онд 12 гаруй мянган ажиллагсад байгааг тайлагнан харуулжээ. Тухайлбал, Удирдах ажилтан-181, Гүйцэтгэх ажилтан- 10,556, Үйлчлэх ажилтан-508, Гэрээт ажилтан-764 байгаа болохыг тэмдэглэсэн байна.

ЦЕГ: “4,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна” гэж бидэнд мэдээлсэн
Бид дээрх бичлэг дэх мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад дараах тайлбарыг өгсөн. Тус хэлтсээс бидэнд өгсөн мэдээлэлд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй алба хаагчтайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах зэрэг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад гэмт хэрэг, зөрчил шалгах эрх бүхий 5000 орчим алба хаагч /үүнд, эрүү, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер, байцаагч, замын цагдаагийн зохицуулагч/ ажиллаж байна.” хэмээн мэдэгдсэн.
Үргэлжлүүлэн тус хэлтсээс эргүүлийн цагдаа, эргүүлийн офицер, хэсгийн байцааг, хороо хариуцсан цагдаа, харуул, хамгаалалтын цагдаагийн албыг 4,000 гаруй албан хаагч гүйцэтгэж байгааг мэдэгдсэн. Харин нийт албан хаагчдыг 1.8 удирдах албан тушаалтан буюу газар, хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн нь 2024 оны цагдаагийн байгууллагын төсөв дэх тоон мэдээлэлтэй буюу 181 (2024 оны байдлаар нийт албан хаагчдын 1.5%) дөхөж буй юм. Түүнчлэн энэ талаар тус хэлтсийн дарга Д.Мөнххуяг орон тоонд өөрчлөлт гарч өмнө жилийнхээс нэмэгдсэн тухай бидэнд мэдэгдсэн.
Цагдаагийн байгууллагын орон тооны бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа нээлттэй бус тул бид тус хэлтэсээс нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн боловч “Хүний нөөцийн зарим тоо мэдээ бас цэргийн болон гүйцэтгэх ажлын тоо мэдээ нууцад хамаардаг” хэмээсэн. Тус байгууллагын төсвийн мэдээлэл болон албан мэдээлэл буюу нээлттэй танилцуулсан мэдээлэлд үндэслэн дүгнэвэл гэмт хэрэг, зөрчил шалгах эрх бүхий 5,000 орчим албан тушаалтан болон 4,000 гаруй хэв журам сахиулах алба хаагч ажиллаж байна.




