2025 оны зургадугаар сарын 29-нд Batchuluun Natsagdorj (архивлагдсан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Монголчууд бүгдээрээ л вакцинаар устгалд орох ёстой хүмүүсийн тоонд орсон “Бидний хүүхдүүд цэвэр агаараар амьсгалмаар байгаа тул тэд үхэх ёстой. Генетикийн аргаар гаргаж авсан вакциныг биед нь шахахад л тэд үхнэ, би аль болох олон хүнийг үзүүлмээр байна, дэлхий хүний тоо хэтрээд байна, багасгах ёстой, үүнийг шийдэх арга зам нь вакцинаар хордуулах. Ийм ч учраас би Билл Гэйтс & Мелинда сан байгуулж вакцины үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан. Эрт орой хэзээ нэгэн цагт зохиомол цар тахал бий болох нь тодорхой” ингэж ярьж л байсан, тоохгүй л байсан” гэх тайлбартай бичлэг түгээжээ. Тус 63 секундийн бичлэгт Билл Гэйтс, Камала Харрис болон бусад хүний вакцин, хүн амын өсөлттэй холбоотой байр суурийг тусгасан ярилцлагын хэсгүүдийг нэгтгэн оруулжээ.
Тус пост нь долдугаар сарын 04-ний байдлаар 133 реакц, 21 сэтгэгдэл авч, 179 удаа цааш түгээгдсэн байна. Постод ашигласан бичлэгүүд нь оргинал бичлэгүүдийг тасдаж эвлүүлэн бүрэн агуулгыг гуйвуулан вакцины талаар төөрөгдүүлсэн агуулга үүсгэх зорилгоор түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Сүүлийн жилүүдэд Билл Гэйтсийн эрүүл мэндийн салбарын хандлага, тэр дундаа вакцинтай холбоотой түүний байр суурийг гуйвуулж, “хүн амыг цөөрүүлэх” санаатай гэж цахим орчинд төөрөгдүүлсэн мэдээлэл түгэх болжээ. Түүний талаарх дээр дурдсан ижил агуулга бүхий мэдээллийг Leadstories, Poynter, AfricaCheck зэрэг баримт шалгах байгууллагууд шалган худал болохыг тогтоож, түүний яриаг санаатайгаар гуйвуулсан талаар мэдээлсэн байна.
Шалгасан бичлэгийн эхний хэсэг бол 2008 онд Давосын Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалтын (WEF) үеэр Билл Гэйтс болон Клаус Шваб нарын хооронд болсон ярилцлагын хэсэг юм. Тус ярилцлагад Гэйтс “Хөгжиж буй орнуудад нас баралт эрс буурснаар хүн амын өсөлт удааширдаг. Энэ бол томоохон ашиг тус” хэмээн хэлсэн байна. Харин тус хэлсэн санааны утгыг алдагдуулж, зөвхөн “Хүн амын өсөлтийг бууруулах — энэ бол хамгийн том ашиг” гэсэн хэсгийг тасалж авч, төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд түгээснийг Lead Stories баримт шалгах байгууллага 2024 онд баримт шалгалтаар тогтоож байсан.
Эх сурвалж: Politics of the NWO
Мөн шалгасан бичлэгийн 00:19 болон 00:28 секундэд харагдах Билл Гэйтсийн ярианы эхнийх нь 2010 оны TED илтгэлийн үеэр хэлсэн үг, харин хоёр дахь нь 2015 онд Euractiv нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын хэсэг юм.
Тухайлбал, 2010 оны TED илтгэлийн үеэр Билл Гэйтс “Юуны өмнө хүн амын талаар ярья. Өнөөдөр дэлхий дээр 6.8 тэрбум хүн байна. Энэ тоо 9 тэрбумд хүрэх хандлагатай. Хэрвээ бид вакцин, эрүүл мэнд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чиглэлд үнэхээр сайн ажиллаж чадвал, энэ өсөлтийг 10–15 хувиар бууруулах боломжтой.” гэсэн. Үүгээрээ эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахын хэрээр гэр бүлүүд олон хүүхэд төрүүлэх шаардлагагүй болдог бөгөөд энэ нь хүн амын өсөлтийг тогтворжуулах нэг хүчин зүйл болохыг онцолсон байна. Түүнчлэн “Хэрвээ бид вакцин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар маш сайн ажиллаж чадвал, энэ тоог багасгаж чадна” гэсэн хэсгийг тасалж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн болохыг AfricaCheck баримт шалгах байгууллага шалгаж мэдээлж байсан.
Мөн 2015 онд Euractiv нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын үеэрээ Билл Гэйтс генийн өөрчлөлттэй организмын хэрэглээг дэмжиж байгаагаа илэрхийлж, ийм ургамал нь өвчин болон ган гачигт тэсвэртэй байх боломжтойг онцолжээ. “Генийн өөрчлөлттэй организм нь эмийн нэгэн адил болгоомжтой хяналт шаарддаг тул эмийг хүүхдэд хэрэглэхийн өмнө аюулгүй эсэхийг туршиж, сайтар шалгадаг шиг, генийн өөрчлөлттэй организмд ч мөн адил туршилт, баталгаажуулалт хийх ёстой” гэж онцлон дурдсан. Харин уг ярилцлагын агуулгаас тасалж авсан “Бид генийн өөрчлөлттэй организмыг авч, түүнийг бяцхан хүүхдүүдийн биед тарьж байна” хэсэг нь Билл Гэйтсийн жинхэнэ санааг гуйвуулсан, төөрөгдүүлсэн мэдээлэл юм.
Түүнчлэн 2023 оны 7-р сарын 14-нд тухайн үеийн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Балтимор хотод цэвэр эрчим хүчний хөтөлбөрт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлах үеэрээ “бохирдлыг бууруулах” гэсэн үгээ андуурч “хүн амыг бууруулах” хэмээн хэлж алдаа гаргажээ. Тодруулбал “pollution” (бохирдол) гэсэн үгийг “population” (хүн ам) гэж андуурсан бөгөөд энэ нь хэлний алдаа байсан болохыг Цагаан ордон болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед мэдээлж байжээ. Үүнийг 2023 онд FactCheck.org сайтын баримт шалгалтаар мөн баталсан байна.
Мөн шалгасан бичлэгийн 00:07 секундэд Жэйн Гүүдоллын ярианы эх бичлэгээс “Би дэлхий дээрх хүний тоог бууруулахыг хүсэж байна, учир нь бид хэтэрхий олон байна” гэсэн хэсгийг тасалжээ. Жэйн Гүүдоллын “Dr. Jane Goodall a wonderful message for Monsanto & humanity” гэх бичлэг нь 2019 онд цахим орчинд түгсэн. Тус бичлэг нь 5 минут 16 секундийн бичлэг бөгөөд тэрбээр “Ямар нэгэн өвдөлт, зовлон шаналал учруулалгүйгээр дэлхийн хүн амын тоог цөөлөх хэрэгтэй. Учир нь бид хэт олон болсон. Манай гараг хязгаарлагдмал нөөцтэй бөгөөд бид тэдгээрийг шавхаж байна. Энэ нь ирээдүйд маш их зовлон шаналал дагуулах болно” гэж дэлхийн хүн амын хэт өсөлт, байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдлын талаар санаа зовниж ярьсан яриаг гуйвуулсан байна.
Дүгнэхэд, Билл Гэйтс, Камала Харрис, Жэйн Гүүдолл зэрэг хүмүүсийн илтгэл, ярилцлага болон мэдэгдлээс хэсэгчлэн тасалж аван, утга санааг нь гуйвуулж, эвлүүлсэн бичлэг цахим орчинд түгээжээ. Тус яриануудыг бүтэн эхээр нь сонсвол хүн амыг цөөлөх бус харин эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдал, дэлхийн нөөцийн хомсдол болон шийдлийн талаар байсан нь баримтаар нотлогдож байна.