2025 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Дэлхий дээрх гайхамшигт газрууд нэртэй Facebook хуудас “Энэ бол бодит бичлэг. Өчигдөр орой Өмнөд Дакота мужийн Лэйк Кокран болон Торонто орчимд хэд хэдэн хар салхи газар хүрчээ. Урьдчилсан тооцоогоор салхины хурд ойролцоогоор 200 км/цаг хүрч, өргөн нь 365 метр хүрсэн байна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 887 реакц, 42 сэтгэгдэл авч, 108 удаа цааш түгээгджээ.
Бид бичлэгийн эх сурвалжийг олсон ба энэ нь бодит бичлэг мөн боловч тус мэдээлэлд хуй салхины талаарх бусад мэдээллийг ташаа мэдээлсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бичлэг нь бодит үйл явдлынх бөгөөд өнгөрсөн бямба гараг буюу зургаадугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Өмнөд Дакота мужид тохиолдсон байгалийн онцгой үзэгдэл юм. Уг байгалийн үзэгдэлтэй холбоотой бичлэгийг анх зургаадугаар сарын 28-ны өдөр StormChasingVideo гэх Youtube сувгаас түгээсэн байна. Мөн зургаадугаар сарын 30-ны өдөр Ricky Forbes гэх хаягаас анх уг салхины бичлэгийг хуваалцсан бөгөөд шалгаж буй мэдээлэлтэй адил тайлбартайгаар нийтэлжээ. Эдгээр хүмүүс өөрсдийгөө “салхи мөшгөгчид” гэж нэрлэдэг ба салхи, шуурга гэх мэт байгалийн өвөрмөц үзэгдлийн зураг, бичлэгийг авах сонирхолтой хүмүүс юм.
Энэ талаар тухайн бүс нутгийн хэвлэл мэдээллийг байгууллага болох Dakota News Now сайт уг үйл явдлыг сурвалжилсан байна. Үүнд, АНУ-ын Өмнөд Дакота мужийн хойд хэсэгт тохиолдсон гамшигт үзэгдлийн дараах нөхцөл байдлын талаар нийтэлжээ. Тухайн мужийн хэмжээнд Клир нуур, Гэри хот, Алтамонт тосгон болон Миннесота мужийн Кэнби хот зэрэгт уг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон байна. АНУ-ын Үндэсний Цаг Уурын Албаны мэдээлснээр тухайн бүс нутагт гурван том торнадо бууснаас Гэри хотын баруун өмнөд хэсэгт салхины (Tornado #3 – Southwest of Gary, SD) хурд хамгийн их байсан бөгөөд 249-266 км/цаг хүрсэн (155-165 mile per hour) байна. Мөн тус торнадогийн эргүүлгийн туулсан замын өргөн 91 метр, туулсан замын урт 12.1 км байсан нь бусдаасаа өндөр үзүүлэлттэй байжээ. Өөрөөр хэлбэл бидний шалгасан мэдээлэлд дурдсаны дагуу Лэйк Кокран болон Торонто гэх газруудад хуй салхи болоогүй ба туулсан замын өргөн нь хамгийн ихтэй хуй салхи нь 65 метр (100 yards) буюу 365 метр хүрээгүй байна.
Түүнчлэн, Америкийн цаг уурын мэдээллийн суваг болох The Weather Channel-д уг үйл явдлын талаар хэд хэдэн нийтлэл бэлдэж, мэдээлсэн байна. Тухайлбал, долоодугаар сарын 3-ны өдөр цаг уурч Женнифер Грэй, Кэйтлин Кайзер нар “Торнадогийн эргүүлэг хүчтэй эрчимжсэн тохиолдолд уг эргүүлэг дээшээ хөөрч энэхүү үзэгдлийг үүсгэдэг. Уг үзэгдлийн талаар AI байж магадгүй гэсэн таамаг олон байсан. Гэхдээ энэ бол байгаль эхийн уран бүтээл. Мөн азаар хэнд ч эрсдээгүй байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Дүгнээд үзвэл Өмнөд Дакотад тохиолдсон гэх уг үзэгдэл нь бодит үйл явдлын бичлэг мөн юм. Гэвч бичлэгийн тайлбар хэсэгт тухайн үйл явдал болж өнгөрсөн хот, суурин, тоон хэмжээ зэргийг зөрүүтэй мэдээлсэн байна.