Search

Улаанбаатарт хуй салхи дэгдсэн гэх бичлэгт хиймэл оюун ухаанаар бүтээсэн байх шинжүүд ажиглагдсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1502

Шинэчилсэн: 2025-07-08
Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Улаанбаатар хотод хуй салхи дэгдсэн гэх бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг бичлэгийн хүрээлэн буй орчинд анализ хийхэд бодит байдалтай зөрчилдөх хэд хэдэн шинж ажиглагдсан. Үүнд, хуй салхийг чиглэн явж буй машин, нисдэг тэрэг болон хог, эд зүйл хуй салхины дагуу хийсэхгүй байна. Мөн тус бичлэг нь долоодугаар сард бус тавдугаар сард анх нийтлэгдсэн.

2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр TV9 Mongolia хуудаснаас “Орой Улаанбаатарт хуй салхи дэгджээ. Хуй салхи яагаад үүсдэг вэ гэхээр газрын хөрсөн дээрх халуун агаар болон хийн мандал дахь хүйтэн агаар хоёр мөргөлдөх явцад салхи дэгдвэл хуй болж хувирдаг гэсэн. Уур амьсгалын өөрчлөлт хуй салхины тоог нэмэгдүүлж байгаа гэдэг. Иймэрхүү хуй салхинд өртвөл аюултай л юм байна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост ижил агуулга, бичлэг бүхий постуудаас харьцангуй өндөр хандалт авч 775 реакц, 51 сэтгэгдэл авч, 152 удаа цааш түгээгджээ. 

Бид бичлэгийн эх сурвалжийг хайхаас гадна хиймэл оюун ухаанаар бичлэгийг бүтээсэн эсэхийг баримт шалгалтаар нягталлаа.

Бидний шалгасан бичлэгийн эхний хэсэгт Б.Цэцэн гэх Х хаягийн нэр гарч “Хуй салхи ч бас Монголд тохиодог юмшдээ” гэх текст бүхий зураг гарах б бид тус хаягийн постоос хайхад тавдугаар сард тус бичлэг нийтлэгдэж байсныг олсон.

Тодруулбал бичлэгийг @tserka3th нэртэй буюу Б.Цэцэн гэх хэрэглэгч тавдугаар сарын 25-ны өдөр X платформд нийтэлсэн байна. Харин бидний шалгасан мэдээлэлд уг бичлэгийг долоодугаар сарын 2-ны орой болсон мэтээр мэдээлж төөрөгдүүлжээ.

Цаг үеийн үйл явдалтай холбоотой адил төрлийн мэдээллийг төөрөгдүүлсэн тайлбартайгаар түгээх үзэгдэл бий. Харин дээрх бичлэгийг долоодугаар сарын 3-ны өдөр нийслэл хотод дэгдсэн шороон шуурга дэгдэж, Сүхбаатарын талбай дээрх тайз нурсан үйл явдал олон нийтийн анхааралд өртөхтэй зэрэгцээд холбон дахин түгээжээ. (энд, энд бас энд)

Мөн тухайн бичлэгт буй дүрс нь хэд хэдэн шинжид үндэслэн, бодит гэж үзэхэд төвөгтэй байгаа юм. Ихэнх хиймэл оюун ухааны контентыг илрүүлэх хэрэгсэл нь хүний дүр, нүүр царайг илүү нарийвчлалтай таньж чаддаг. Харин шалгасан бичлэгт хүний дүрс байхгүй учраас алгоритм алдаа заах магадлалтай. Энэ төрлийн бичлэгүүд нь хүмүүсийн анхаарлыг гадаад орчин, хүрээлэн буй байгууламж зэргээс холдуулж, хиймлээр бүтээсэн дүр лүү гол анхаарлыг чиглүүлэхийг оролддог. Ийм үед хиймэл оюун ухааны контентыг илрүүлэх аливаа хэрэглүүр ашиглахаас гадна орчин нөхцөлийг сайтар ажиглаж, визуал шинжүүдэд тулгуурлах хэрэгтэй байдаг.

Энэ хүрээнд бид Энэтхэгт төвтэй, хуурамч мэдээлэлтэй тэмцэх сүлжээ болох Misinformation Combat Alliance байгууллагын хиймэл оюун ухааны контентыг шалгадаг нэгж Deepfakes Analysis Unit болон тус нэгжийн ашигладаг хэрэглүүрээс дээрх бичлэгийг илүү нарийн шинжлэхийг хүсэж, тодруулга авсан юм.

Тус хэрэглүүрээр дамжуулан Hive AI, WasitAI болон IsitAI зэрэг хиймэл оюун ухааны контент шалгах хэрэглүүрээр шалгахад хиймэл оюун ухаан ашигласан гэх дүгнэлт гараагүй юм.

Хэдийгээр хөндлөнгийн шалгах хэрэглүүрүүд хиймэл оюун ухааны шинж тэмдгийг илрүүлээгүй ч бичлэгт харагдаж буй шинж тэмдгүүд хиймэл оюун ухаанаар бүтээсэн байхыг илтгэж байна. Түүнчлэн Deepfakes Analysis Unit шинжилгээ, ашигласан хэрэглүүрээс бичлэг дэх бодит бус, хиймэл оюун ухааны контентын шинж тэмдгүүдийг анхааруулсан. Тодруулбал “Хуй салхи салхилж эхэлж буй “суурин хэсгийг” сайн ажиглаарай. Цагаан машин түүн рүү чиглээд явж байгаа нь харагдана. Хэрэв энэ үнэхээр бодит үйл явдал байсан бол уг машин түлхэгдэж, чиглэл нь өөрчлөгдөх байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт харагдахгүй байна. Түүнчлэн, хуй салхи зөвхөн шороо тоос босгож, өөр ямар нэгэн хог хаягдлыг сорж, хамж явахгүй байна… Учир нь тухайн орчин нь хүн амьдардаг бүс учраас хөнгөн хог хаягдал байж л таараа. Хуй салхины ойролцоо байгаа бусад бүх машин яг нэг байрандаа, огт хөдөлгөөнгүй байгаа нь бас сэжигтэй.” гэж мэдэгдсэн.

Хуй салхи дэгдсэн гэх бичлэгийн зураг

Мөн бичлэгийн төгсгөл хэсэгт нисдэг тэрэгтэй адил техник харагдаж, хөдөлгүүрийн чимээ сонсогдож байгаа нь бодит үзэгдэлтэй зөрчилдөж буй юм. Учир нь ихэнх нислэгийн хэрэгслүүдэд агаарын хүнд нөхцөл байдал, байгалийн гамшгийн үед нислэг үйлдэхийг аюулгүй байдлын үүднээс хуй салхи руу нисэхгүй байхыг АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа зөвлөдөг байна. Эдгээрийг харгалзвал бодит бичлэгийг хиймэл оюун ухаан ашигласан хувиргасан байх ба хуй салхи руу чиглэн явж буй машин болон ойролцоо нисэж буй нисдэг тэрэг нь үүний илрэл байхаар байна.

Хуй салхи дэгдэж буй гэх бичлэгт нисдэг тэрэг ойрхон нисэж байгаа харагдана

Хэдийгээр бид тус бичлэгийг бичсэн байршлыг олж тогтоогоогүй ч албан эх сурвалжуудаас хуй салхи болсон гэх ямар нэг мэдээлэл гаргаагүй байна. Нийслэлийн Онцгой байдлын газар болон Онцгой байдлын ерөнхий газар долоодугаар сарын 02-нд хуй салхи болсон гэх ямар нэг мэдэгдэл, анхааруулга гаргаагүй.

Уг бичлэгийн хүрээлэн буй орчинд анализ хийхэд бодит үзэгдэлтэй зөрчилдөх хэд хэдэн шинж ажиглагдсан. Үүнд, хуй салхийг чиглэн явж буй машин, нисдэг тэрэг байгаа болон орчны хог, эд зүйлс хуй салхинд хамагдахгүй байгаа нь бодит үзэгдэл биш болохыг илтгэж байна. Хэдийгээр тухайн бичлэгт шууд тусах хор хөнөөлтэй агуулга байхгүй ч зарим тохиолдолд энэ төрлийн контентоор хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг. Иймд хиймэл оюунаар бүтээсэн контентыг төөрөгдүүлсэн агуулгаар тайлбарлаж, түгээсэн мэдээллийг таних нь нэн чухал юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document