2025 оны зургаадугаар сарын 29-ны өдөр Batchuluun Natsagdorj (архивлагдсан хувилбар) гэх хаягаас “…АНУ-ын хүнс, эмийн хяналтын байгууллагын (FDA) цахим хуудсаас Мерк компанийн үйлдвэрлэдэг улаан бурхан, гахайн хавдар, улаанууд гурвалсан вакцины мэдээллийг татаж аваад, ямар найрлагатай, сөрөг үр дагавар нь юу болохыг Гүүгл орчуулга ашиглан орчуулах гэж оролдлоо.…, Туршилтын явцад халуурах, толгой өвдөх, толгой эргэх, бие сулрах, арьс цочрох…, найрлагад улаанбурханы амьд вирус, сулруулсан улаанбурханы вирус…” гэх агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 162 реакц, 54 сэтгэгдэл авч, 288 удаа цааш түгээгджээ.
Тус постод вакцины найрлагыг онцлон жагсаасан ба үүнд тэмдэглэхдээ, “Эм, вакцин, химийн бодис болгон MSD (material safety data) буюу бүтээгдэхүүний аюулгүйн (аюултай ч уншиж мэдэх ёстой) мэдээлэл эсвэл бүтээгдэхүүний дагалдах заавар (package insert) гэж дагалддаг. Вакциныг хайрцаг дотроос нь гаргахад жижигхэн үсгээр бичсэн, урт цаас байдаг. Үзүүлдэг ч үгүй, орчуулсан заавар байдаг ч юм уу мэдэхгүй. Гэхдээ хэн ч тоож уншдаггүй.
АНУ-ын хүнс, эмийн хяналтын байгууллагын (FDA) цахим хуудсаас Мерк компанийн үйлдвэрлэдэг улаан бурхан, гахайн хавдар, улаанууд гурвалсан вакцины мэдээллийг татаж аваад, ямар найрлагатай, сөрөг үр дагавар нь юу болохыг Гүүгл орчуулга ашиглан орчуулах гэж оролдлоо. Туршилтын явцад болон хэрэглэхийг зөвшөөрсний дараа доорх гаж нөлөө илэрсэн.
- Бүхэл биеийн тогтолцоо: Панникулит, хэвийн бус улаанбурхан, халуурах, толгой өвдөх, толгой эргэх, бие сулрах, арьс цочрох,
- Зүрх судасны тогтолцоо: Васкулит
- Хоол боловсруулах систем: Нойр булчирхайн үрэвсэл, суулгах, бөөлжих, паротит, дотор муухайрах
- Цусны болон лимфийн системүүд:
- Тромбоцитопени, пурпура, бүс нутгийн лимфаденопати, лейкоцитоз.
- Дархлааны тогтолцоо: Анафилакс, анафилактоидын урвал, ангиоэдема (захын эсвэл нүүрний хаван орно), гуурсан хоолойн спазм
- Булчингийн систем: Артрит; артралги; миалгиа.
- Мэдрэлийн тогтолцоо: Тархины үрэвсэл, энцефалопати, улаанбурханы биеийн энцефалит (MIBE) цочмог склероз панэнцефалит (SSPE), Жулиан Барын хам шинж (GBS), цочмог тархсан энцефаломиелит (ADEM), хөндлөн миелит, халуурах таталт, афебриль таталт эсвэл таталт, атакси, полиневрит, полиневропати; нүдний саажилт, парестези, синкоп.
- Амьсгалын_зам: Хатгалгаа, уушигны үрэвсэл, хоолой өвдөх, ханиалгах, ринит.
- Арьс: Стивенс-Жонсоны хам шинж, нярайн цочмог цусархаг хаван, Хенох-Шонлейн пурпура, олон хэлбэрийн эритема, чонон хөрвөс, тууралт, улаанбурхантай төстэй тууралт, загатнах, тарилгын орчны урвал (өвдөлт, улайлт, хаван болон цэврүүтэх).
- Тусгай мэдрэхүй – чих : Мэдрэлийн дүлийрэл; Дунд чихний урэвсэл.
- Тусгай мэдрэхүй – Нүд ретинит, оптик мэдрэлийн үрэвсэл, папилит, коньюнктивит.
- Шээс бэлгийн тогтолцоо: Эпидидимит, цахирмаа.
Найрлага:
- Улаанбурханы амьд вирус,
- Сулруулсан улаанбурханы вирус,
- Эндерсийн сулруулсан Эдмонстон омогоос гаргаж авсан тахианы үр хөврөлийн эсийн өсгөвөрт үржүүлсэн улаанбурханы вирус, гахайн хавдрын амьд вирус, тахианы үр хөврөлийн эсийн өсгөвөрт үржүүлсэн гахайн хавдрын вирусын Жерил Линн ™ (B түвшний) омог, улаанууд амьд вирус, WI-38 хүний диплоид уушигны фибробластуудад тархсан амьд сулруулсан улаанууд вирусын Wistar RA 27/3 омог.
- 0.5 мл шингэнд: Улаан бурханы вирусын эд эсийн өсгөвөрийн халдвар (TCID50) 3.0 лог10,
- Гахайн хавдрын вирусын эд эсийн өсгөвөрийн халдвар (TCID50) 4.1 Лог10
- Улаанууд вирусын халдвар (TCID50) 3.0 лог10 тус тус багагүй агуулна.
- Сорбитол (14.5мг),
- Сахар (1.9мг),
- Гидролизжүүлсэн желатин (14.5мг),
- Хүний рекомбинант альбумин (≤0.3 мг)
- Үхрийн ургийн ийлдэс (<1 ppm)
- Неомицин
- Бусад буфер, зөөвөрлөгч орцууд, Ядаж иймэрхүү мэдээллийг эмч нар өөрсдөө мэддэг байх ёстой, тэгээд хүүхдэд тарихдаа эцэг эхээс нь зөвшөөрөл авч, эрсдэлээ үүрэх үгүйг нь асууж байж хийх ёстой биз дээ?”
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид шалгасан мэдээлэл агуулгаар хайхад дээр дурдсан хаягийн пост нь M-M-R II вакцин буюу улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг бүтээгдсэн Merck компаний вакцины хэрэглэх заавартай таарч байсан. Энэхүү вакциныг АНУ-ын Merck компани 1978 онд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газраас (U.S. Food and Drug Administration – FDA) батлагдан зах зээлд нэвтэрчээ.
Хүнс, Эмийн Захиргааны газрын нийтэлсэн M-M-R II вакцины хэрэглээний заавар (package insert) нь тус вакцины найрлага, хэрэглэх заалт, эсрэг заалт, гаж нөлөө, дархлаажуулалтын горим, эмнэлзүйн туршилтын үр дүн, хадгалах нөхцөл зэргийг дэлгэрэнгүй тусгасан эмнэлзүйн албан ёсны баримт бичиг юм. Уг мэдээлэлд, 12–18 сартай 752 хүүхдэд M-M-R II вакциныг булчинд болон арьсан доор тарьж хийсэн судалгаанд, вакцин хийснээс 6 долоо хоногийн дараа дархлааны урвалыг ELISA аргаар үнэлжээ. Булчинд тарьсан бүлэгт улаанбурхан 94.3%, гахайн хавдар 97.7%, улаанууд 98.1% нь шаардлагатай эсрэг биеийн түвшинд хүрсэн бол арьсан доор тарьсан бүлэгт тус бүр 96.1%, 98.1%, 98.1%-ийн үр дүнтэй байжээ.
Харин шалгасан мэдээлэлд зөвхөн гаж нөлөө болон найрлагыг онцолж, дархлааны үр нөлөө, судалгааны үр дүнг орхигдуулж бүрэн бус мэдээлэл түгээсэн байна.
Франц болон Герман улсад хийсэн туршилтын хүрээнд бүртгэгдсэн гаж нөлөөнүүдийн дийлэнх нь хөнгөн хэлбэртэй байсан
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газраас нийтэлсэн M-M-R II вакцины албан ёсны хэрэглээний зааварт, M-M-R II вакциныг VARIVAX вакцинтай хамт хэрэглэхэд илэрсэн гаж нөлөөнүүд нь ихэвчлэн хөнгөн хэлбэртэй байсан. Системийн урвалуудаас халууралт хамгийн нийтлэг илэрч, ихэнх нь 38–39.5°C-ийн хооронд хэлбэлзэж, хүнд халууралт маш ховор тохиолдсон байна. Доор хүснэгтэд клиник судалгааны багийн эцсийн үнэлгээнд үндэслэн бүртгэгдсэн сэдэвчилсэн гаж нөлөөний тохиолдлын давтамжийг үзүүлсэн.
Мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас (UNICEF) мэдээлснээр, “M-M-R II вакцины ноцтой гаж нөлөө маш ховор бөгөөд үүнд дархлааны тромбоцитопенийн пурпура (цус багадалттай холбоотой хөхрөлт) орно. Энэ нь цусанд тромбоцитын хэмжээ буурснаар үүсдэг бөгөөд 20,000 тун вакцин тутамд нэг удаа тохиолддог, ихэнх хүүхдэд түр зуурын шинжтэй байдаг” гэжээ. Мөн ховор тохиолддог хүнд харшлын урвал (анафилакси) нь сая тун тутамд нэгээс бага тохиолддог байна.
Хэдийгээр бидний шалгасан постод зааварт тэмдэглэсэн тохиолдох боломжтой гаж нөлөөнүүдийг дурдсан боловч тус зааврын баримт бичигт тайлбарласан гаж нөлөөний мэдээллийг бүрэн тусгаагүй байна. Тодруулбал MMR вакцины хамгийн түгээмэл гаж нөлөө нь улайх дараа нь хөндүүрлэж өвдөх, хавагнах зэрэг шинж тэмдгүүдийн судалгаанд үндэслэсэн хувь хэмжээг тэмдэглэсэн байна.
M-M-R II вакциныг VARIVAX вакцинтай хамт булчинд болон арьсан доорх аргаар тарьсны дараах сэдэвчилсэн гаж нөлөөний тохиолдлын хувь (%)
Сэдэвчилсэн урвалууд (0–4 дэх өдөр) | Булчинд тарьсан (N=374) | Арьсан доор тарьсан (N=376) |
---|---|---|
Улайх (эритема) | 10.4% | 16.2% |
– Хөнгөн | 8.8% | 13.0% |
– Дунд | 0.8% | 3.2% |
– Хүнд | 0% | 0% |
– Мэдээлэл дутуу | 0.8% | 0% |
Өвдөх | 7.0% | 7.2% |
– Хөнгөн | 5.1% | 5.9% |
– Дунд | 1.9% | 1.3% |
– Хүнд | 0% | 0% |
Хавагнах | 1.9% | 5.3% |
– Хөнгөн | 1.1% | 2.9% |
– Дунд | 0.5% | 1.1% |
– Хүнд | 0% | 0% |
– Мэдээлэл дутуу | 0.3% | 1.3% |
Системийн урвалууд (0–42 дахь өдөр)
Шинж тэмдэг | Булчинд тарьсан (%) | Арьсан доор тарьсан (%) |
---|---|---|
Улаанбурхан төст тууралт | 2.9% | 2.7% |
Улаанууд төст тууралт | 2.7% | 2.7% |
Салхин цэцэг төст тууралт | 0.5% | 3.2% |
Гахайн хавдар төст шинж | 0% | 0.3% |
Халууралт (≥38.0°C) | 66.5% | 66.8% |
– 38.0–38.5°C | 20.4% | 22.2% |
– >38.5–39.0°C | 17.4% | 16.6% |
– >39.0–39.5°C | 14.2% | 13.4% |
– >39.5–40.0°C | 11.8% | 11.0% |
– >40.0°C | 2.7% | 3.7% |
Интенсив (хүч) ангилал:
Хөнгөн: ≤2.5 см
Дунд: >2.5 – ≤5.0 см
Хүнд: >5.0 см
M-M-R II вакцин нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний идэвхтэй-сулруулсан вирусийг агуулдаг.
Вакциныг бүтээхэд вирус ашигласан байдлыг харгалзсан хоёр ангилал байдаг. Үүнд
- идэвхтэй-сулруулсан вирус, нян (live-attenuated vaccine)
- идэвхгүйжүүлсэн вакцин (non-live vaccine, inactivated vaccine) гэж ангилдаг.
M-M-R II вакцин нь идэвхтэй-сулруулсан вирус ашиглада ба Англи хэлэнд “live” гэх үг нь түгээмэл ашиглагддаг “амьдрах” гэдэг утгаар хэрэглэгддэг учир “амьд вирус” гэж андуурах тохиолдол олон. Үнэн хэрэгтээ энэ нь идэвхтэй вирус гэх утгыг илэрхийлдэг. Вакцин нь хүний биед тухайн вирус, нянгийн эсрэг биетийг үүсгэж, дархлаа бий болгох зориулалттай.
Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (MMR vaccine) вакцины төрлүүд болох M-M-R II, PRIORIX, ProQuad гурван вакцин нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний идэвхтэй-сулруулсан вирусийг агуулдаг. Филаделфийн хүүхдийн эмнэлгийн мэдээлснээр MMR вакцинд улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын амьд, сулруулсан вирусууд, сорбитол, сукроз, гидролизжүүлсэн желатин, хүний рекомбинант альбумин, үхрийн ийлдэс, неомицин зэрэг найрлагад ордог байна.

Хэдийгээр бидний шалгасан мэдээлэлд MMR вакцины гаж нөлөө, найрлагын мэдээлсэн боловч зааврын бичиг баримт дахь бусад мэдээлэл болох клиник судалгааны үр дүн, дархлааны тухай мэдээллийг орхигдуулжээ.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцины эхний тунг хийлгэхэд улаан бурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78%, улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол, 2 дахь тунг хийлгэснээр улаан бурхан өвчнөөс 97%, гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ хэмээн АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн. Энэ төрлийн вакцин нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг вакцинуудын нэг бөгөөд 1974-2024 оны хооронд дэлхий даяар нийт 94 сая орчим хүний амийг аварсан тухай 2024 онд хийгдсэн судалгаанд дүгнэжээ.
Улаанбурхан вакцины талаарх хуурамч мэдээллүүдэд хийсэн баримт шалгалтыг энэ линкээр хүлээн аваарай.