2025 оны 06 дугаар сарын 22-нд Одод Хооронд (архивлагдсан хувилбар) гэх Facebook хаяг Цэрэг армийн мэдээ мэдээлэл группт АНУ-аас Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөх үед аянга буусан гэх бичлэгийг түгээжээ. Бичлэгт дэлбэрэлт болж байх үед хүчтэй аянга бууж байгаа харагдах ба постын тайлбарт “АНУ-ын зүгээс цөмийн байгууламжуудад нь цохилт өгсний дараа Иран улс ОХУ руу сая нэг анхаарлаа хандуулав.” гэх гарчигтай мэдээллийн хамт Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д айлчилсан явдал нь тус бөмбөгдөлттэй холбоотой болохыг тайлбарласан байна.
Бид бичлэгийн эх сурвалжийг олсон бөгөөд дэлбэрэлтийн үеэр аянга буусан бичлэгийг хиймэл оюун ухааны хэрэглүүрээр бүтээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
АНУ-ын B-2 бөмбөгдөгч онгоцнууд Иран дахь цөмийн байгууламжуудад 06 дугаар сарын 22-нд цохилт өгсөн ба энэ үеэр Иран дахь Фордо, Натанз, Исфахан зэрэг байгууламжуудыг өндөр нарийвчлалтай зэвсгээр бөмбөгдсөн байна.
Энэ үйл явдлын дараах өдөр буюу 23-нд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д айлчлан Иран руу хийсэн цэргийн довтолгооны дараах нөхцөл байдлыг ярилцахаар очсон тухай Moscow Times мэдээлсэн байна.
Бид бичлэгийг Google хайлтын системд зургаар хайхад тус бичлэг нь бөмбөгдөлтөөс өмнө буюу 06 дугаар сарын 21-нд X-т тус бичлэгийг постолсон байсан. Бичлэгийг нийтэлсэн постыг дор тэмдэглэсэн Community Notes буюу тус платформын нэмэлт мэдээллийн хэсэгт тус бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тэмдэглэсэн (архивлагдсан хувилбар) байна.
Тэмдэглэлийн эх сурвалж болгон X дэх D-Intent Data гэх хаягийн постыг дурдсан байна. Тус хаягийн мэдэгдсэнээр 06 дугаар сарын 19-нд тус бичлэгийг @cemilaciyan гэх хаяг анх Youtube болон TikTok-т нийтэлсэн байна. Тус хаягийн постод хиймэл оюун ухаанаар хийсэн гэдгээ мэдэгдэн #aivideo хэмээн тэмдэглэсэн байна.

Энэхүү хаяг нь хиймэл оюун ухааны технологийг ашиглан төрөл бүрийн бичлэг бүтээн түгээдэг ба үүнийгээ хаягтаа мэдэгдсэн байна. Тодруулбал тус хаягийн бүх бичлэг нь хиймэл оюун ухааны тусламжтай бүтээгддэг болохыг “all videos on this channel are produced with artificial intelligence” хэмээн мэдэгдсэн байна.

Ираны цөмийн байгууламжийн дэлбэрэлтийн үеэр аянга буусан гэх бичлэг нь АНУ-ын бөмбөгдөлт болохоос өмнө нийтлэгдсэн ба хиймэл оюун ухаанаар хийгдсэн бичлэг болохыг бичлэгийг анх түгээсэн хаяг постдоо дурдсан байна.




