2025 оны 06 дугаар сарын 28-нд Орос-Украины дайны улмаас олзлогдсон Украин залуу хоёр жилийн дараа эрс өөрчлөгдөн турж доройтсон төрхтэй болсон гэх зургийг хэд хэдэн хаягууд Facebook-т түгээжээ (архивлагдсан хувилбар). Зурагт эмэгтэй, эрэгтэй хоёр хүн тэврэлдэн зогсож буй зургуудыг хоёр жилийн өмнө ба дараах хоёр зургийг харьцуулсан байдлаар харуулан баруун талын зурагт Украины тугийг нөмөрсөн хоёр хүн уйлж буйг харуулсан байна. Зургийн тайлбарт зарим постууд тэмдэглэхдээ “2 жил олзонд байж байгаад суллагдсан Украин залуу ийм болжээ🥲 дайн ийм аймшигтай” хэмээжээ.
Тус зураг нь Ноцтой но-той мэдээлэл гэх хаягт нийтлэгдэн 06 дугаар сарын 28-ны байдлаар 2,200 гаруй реакц авч 84 удаа цааш түгээгдсэн бол Г.Балжинням гэх хаяг ижил пост нийтлэн 3,800 орчим реакц авч 152 удаа цааш түгээгдэн өндөр хандалт аваад байна.
Энэхүү зураг нь хиймэл оюун ухааны тусламжтай бүтээгдсэн бөгөөд бид хөндлөнгийн хэрэглүүрээр нягтлан бодит үйл явдлын зураг биш болохыг тогтоосон.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Зургийн эх сурвалжийг хайх нь
Бид зургийн эх сурвалжийг хайхаар Google хайлтын системд зургаар хайхад X, Facebook зэрэг сошиал медиа сайтуудад энэхүү зураг тархсан байсан нь ажиглагдсан. Цааш лавшруулан хайх явцад зургийг X-т Dr. Khaled Alfaiomi гэх хаяг 06 дугаар сарын 27-нд түгээсэн нь хиймэл оюун ухаан ашиглан Украины тухай хуурамч мэдээлэл түгээсэн тухай хэлэлцүүлэг үүсгэсэн байна. Тус хаяг нь анх нийтэлсэн постоо устгасан боловч зарим хаягууд постын скрийншотыг хадгалсан байна.

Зургийг Х-т түгээсэн гэх Dr. Khaled Alfaiomi зургуудыг Facebook дэхь Мудрi цитати гэх хаягаас авсан (архивлагдсан хувилбар) гэсэн боловч тус хаягт ижил зургууд бус хиймэл оюун ухааны тусламжтай бүтээгдсэн байх магадлалтай өөр зургууд нийтлэгдсэн байна. Тус хаяг “олзлогдсон цэргүүдийн зовлонг харуулахын тулд зургийг ашигласан” хэмээн 06 дугаар сарын 28-нд мэдэгдсэн (архивлагдсан хувилбар) байна.
Хиймэл оюун ухааны контентыг таних хэрэглүүрээр шалгах нь
Зургийг хиймэл оюун ухааны хэрэглүүрээр хийсэн эсэхийг шалгахаар Hive Moderation хиймэл оюун ухааны хэрэглүүрээр шалгахад магадлал нь 72.6% буюу өндөр магадлалтай байсан. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн байх магадлал өндөр байгаа юм.

Мөн бид зургийг Google Deepmind-аас хөгжүүлсэн SynthID хэмээх тус компанийн технологийг ашиглан бүтээсэн хиймэл оюун ухааны контентыг таних хэрэглүүрээр шалгаж үзэхэд Google AI ашиглан бүтээсэн болохыг мэдэгдсэн.

Энэхүү хэрэглүүр нь Google-ийн хиймэл оюун ухааны технологийг ашиглан бүтээсэн аливаа контент дахь watermark буюу үл үзэгдэх тэмдэглэгээг таних боломжтой ба зураг, бичлэг, аудио зэргийг таних боломжтой юм. Манай төв тус хэрэглүүрийн анхны туршигчдын нэг бөгөөд энэхүү хэрэглүүр нь олон нийтэд хараахан нээлттэй болоогүй юм.
Хоёр жил олзлогдсон гэх залуусын зураг нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бөгөөд X дэх хэрэглэгчдийн хэлэлцүүлэг болон Hive Moderation, SynthID зэрэг хэрэглүүрүүдийн шалгалтын үр дүнгээс үзэхэд тус зураг бодит үйл явдлын бус хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг хэмээн дүгнэх нь зүйтэй юм.




