2025 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Amlalt.mn нэртэй хуудаснаас модон дээр аянга бууж буй бичлэгүүдийн цуглуулгыг “Ийм болохоор л хус модтой ойр бай гэж сургадаг байж дээ. Хусны хажууд хэзээ ч аянга буудаггүй. Хусны үндсээр хийсэн эмээл хэрэглэсэн малчин түрүү булчирхайгаар өвддөгүй. Хусны үндсээр урласан аяга таны ходоодыг эмчилнэ…” гэсэн тайлбартай нийтэлжээ. Уг пост 4200 гаруй реакц, 132 сэтгэгдэл авч, 3400-аад удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалаа
“Хус модны хажууд аянга хэзээ ч будаггүй” гэх яриа нь аливаа эрсдэлийг үл ойшооход нөлөөлөх ташаа ойлголт юм. Уг мод нь барзгар, зузаан холтостой мододтой харьцуулахад аянгад бага цохиулдаг ч тухайн модны байршил, орчны нөхцөл, чийгшлийн хэмжээ зэргээс хамааран аянга, цахилгаанд өртөх боломжтой. Энэ талаар АНУ-ын Клемсон Их Сургуулийн харьяа Хөдөө Аж Ахуй, Ой Судлалын Шинжлэх Ухааны Коллежийн сайтад “Аль мод аянгад цохигдох магадлалтайг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байдаг. Модны байршил болон түүнийг хүрээлж буй орчин зэрэг хүчин зүйл нь аянгад өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Улиас, царс, нарс, гацуур, улиангар зэрэг модонд аянга илүү буудаг бол бүйлс, хус, мөнгөн өвс (холли) зэрэг модыг харьцангуй бага цохидог. Зарим гөлгөр холтос бүхий мод нь ширүүн, барзгар холтостой модноос илүү аянгыг “буцаах” чадвартай байдаг” гэж мэдээлжээ.
Мичиган, Кентакки нарын ойн судалгаагаар аянгад цохиулж гэмтсэн моддын 93%-ийг шилмүүст мод эзэлж байсан бол навчит модууд (хус багтана) маш цөөн хувийг эзэлж байжээ. Энэ нь тус моддын цахилгаан дамжуулах чадвартай холбоотой гэж тайлбарласан байна. Нарс, гацуур гэх мэт шилмүүст мод нь давирхай ихтэй тул цахилгаанд өртөмтгий, гэмтэхэд амархан байдаг бол хус мод цахилгаан гүйдлийг өөрөөсөө дамжуулж, гэмтэл багатай үлддэг байна. Нэг үгээр хэлбэл хус бол аянга, цахилгаанд огт өртдөггүй мод биш. Цахилгааныг хурдан шингээх шинж чанартай учраас аянгад цохиулсан ч гэмтэл багатай үлддэг мод байх нь.
Хусны үндсээр хийсэн эмээл түрүү булчирхайн өвчнөөс сэргийлдэг, аяга ходоодны өвчнийг эдгээдэг гэсэн нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй, үндэслэлгүй мэдээлэл юм.
Хус модыг эрүүл мэндтэй холбосон судалгаанууд нь түүний үндэс бус холтос, навч зэрэгт тулгуурласан байдаг. Хус модны холтосны гадна давхаргад бетулин гэх хүчил агуулагддаг бөгөөд уг хүчил нь үрэвсэл, хавдрын эсийн эсрэг судлагдаж байгаа юм. Тухайлбал, 2014 оны “Бетула төрлийн эмийн ургамлууд — уламжлалт хэрэглээ болон фитохими-фармакологийн тойм судалгаа” -нд тухайн хүчлийг үе мөчний үрэвсэл, хорт хавдрын эсрэг эмчилгээний төрөл болгон ашиглах боломжтой бөгөөд ирээдүйд эмнэл зүйн салбарт тустай гэдгийг дурджээ. Гэвч уг хүчлийг боловсруулахын тулд биохими судалгаа, физиологийн үйлчлэл, клиник хордлого, эмийн шимэгдэл (биоавайлбилити), эмийн шингээлт ба задрал (фармакокинетик), үйлдлийн механизм (фармакодинамик) зэрэг нарийн шинжилгээ хийж, эм, эмчилгээнд нэвтрүүлэхийн тулд илүү гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг онцолсон байна.
Эцэст нь хэлэхэд, хус модон дээр аянга буудаггүй гэдэг нь ташаа ойлголт юм. Уг модны бүтэц, шинж чанараас хамааран аянгад цохиулж, гэмтэх магадлал бага ч бусад модны адил аянга, цахилгаанд өртдөг. Мөн хусны үндсээр хийсэн эмээл түрүү булчирхайн өвчнөөс сэргийлж, аяга нь ходоодны өвчнийг эдгээдэг гэсэн мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй хийсвэр ойлголтууд юм. Учир нь хусны эрүүл мэндэд нөлөөтэй шинж чанарыг харуулсан судалгаанууд нь модны түүхий эдээр хийсэн аливаа бүтээгдэхүүн бус түүнд агуулагдах бетулин гэх хүчилд суурилсан байдаг. Гэвч тус хүчлийг боловсруулахад мөн л клиник судалгаанууд дутмаг байгаа юм.
Иймээс учирч болох аливаа эрсдэлийг үл ойшоосон өнгө аястай, батлагдаагүй мэдээллийг бусдадаа хуваалцахаас өмнө агуулгыг нь нягталж байгаарай.



