Search

Вакцины талаар хэт нэг талыг барьсан, ташаа мэдээлэл түгээж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1495

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Вакцин дотор юу агуулагддаг, вакциныг яаж үйлдвэрлэдэг талаар мэдэхгүй хүмүүс улаан бурхны вакциныг магтаж байна. Вакциныг гардаж үйлдвэрлэж байсан би нэг ч сайн вакцин үгүйг мэднэ гэсэн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вакцинд агуулагдаж буй найрлагууд бүгд вакцины аюулгүй, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Улаанбурхны эсрэг вакциныг үйлдвэрлэхдээ тусгай технологийн дагуу чухал орц бүрийг нарийн хэмжиж багтаадаг. Мөн тус вакцины аюулгүй байдлыг судалгаа шинжилгээгээр олон улсын байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтнүүд зэрэг албаны хүмүүс хянаж ажилдаг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Ulziitogtokh Tsedev нэртэй хуудаснаас “Вакцин дотор юу агуулагддаг, вакциныг яаж үйлдвэрлэдэг талаар А ч үгүй хүмүүс яагаад энэ улаан бурхны вакцин гэгчийг сайн гэж магтаж чадаад байна аа. Вакциныг гардаж үйлдвэрлэж байсан би нэг ч сайн вакцин үгүйг мэднэ” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 169 реакц, 23 сэтгэгдэл авч, 142 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг оруулсан Ц.Өлзийтогтох нь Монгол Улсын гавьяат малын эмч бөгөөд Биокомбинатын Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн 2-р цехийн эрхлэгч зэрэг албан тушаал эрхэлж байсан ба 2021 онд “Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд” номоо гаргаж байжээ.

Ц.Өлзийтогтохийн “Малын эмчийн алдар суу” номд оруулсан намтар, 2021 онд гаргасан “Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд” ном

Цахим орчинд вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл, зохиомол түүх нийтлэх үзэгдэл нэмэгдэж байна. Уг агуулга нь хүний эрүүл мэнд, хандлага, нийгмийн сэтгэл зүйтэй холбогддог томоохон сэдэв юм. Үүнийг ташаа мэдээлж, гуйвуулан тайлбарлах нь хүмүүсийн санаа бодолд нөлөөлж, олон нийтийг талцуулах, дархлаажуулалтын оролцоог бууруулах эрсдэлтэй.

Гэвч үнэн хэрэгтээ вакцинжуулалт нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, хянахад чухал үүрэгтэй үйлчилгээ бөгөөд үүний тусламжтайгаар амь насанд халтай 20 гаруй өвчнөөс хамгаалсаар байна. Түүнчлэн сахуу, татран, хөхүүл ханиад, томуу, улаанбурхан зэрэг өвчний вакцинаар жил бүр 3.5-5 сая хүнийг нас барахаас сэргийлж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байдаг.

Тэгвэл улаанбурхны вакцинд ямар орц, найрлага агуулагддаг вэ?

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны газрын мэдээлснээр улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакцины гол найрлагад,

  •  Улаанбурхны вирус: 3.0 log₁₀ TCID₅₀-аас багагүй 
  • Гахайн хавдрын вирус: 4.1 log₁₀ TCID₅₀ 
  • Рубелла вирус: 3.0 log₁₀ TCID₅₀ буюу нэг удаагийн тунд ойролцоогоор 0.5 мл-ийн маш бага амьд сулруулсан вирус агуулдаг байна.

Амьд сулруулсан вирус гэдэг нь тухайн вирусийг лабораторийн орчинд тусгай аргаар “сулруулсан” буюу хор хөнөөл багатай болгосон хэлбэр юм. Ийм төрлийн вакцинд хамрагдсаны дараа хүний дархлааны эс уг вирусийг таньж, дарангуйлах “сургуулилт” хийдэг.  Ингэснээр дархлааны систем хөгжиж, жинхэнэ вирусийн халдварыг хурдан таньж, хүчтэй хариу үйлдэл үзүүлж, өвчнөөс хамгаалдаг байна.

Мөн уг вакцины туслах найрлагад сорбитол, сахароз, гидролизаттай желатин, рекомбинант альбумин, үхрийн ургаас гаралтай ийлдэс, сеомицин зэрэг орцууд түгээмэл агуулагддаг байна. Эдгээр бодисын үүрэг, хэмжээний талаарх мэдээллийг доорх хүснэгтэд дэлгэрэнгүй харууллаа. 

БодисҮүрэгХэмжээТайлбар
СорбитолТогтворжуулдаг14.5 мгВакцины найрлагыг тогтвортой байлгах, вирусийн бүтцийг тогтворжуулах зориулалттай бодис.
Сахароз
Чийгшүүлэгч

1.9 мг
Температурын өөрчлөлтөөс үүдэн вакцины бүтэц алдагдахаас хамгаалах, чийг хадгалах зориулалттай бодис.
Гидролизаттай желатиТогтворжуулагч14.5 мгЖелатиныг задлан жижиг молекул болгосноор бүтээгдэхүүн, вакцины найрлагыг тогтвортой болгодог.
Рекомбинант альбуминВакцины бүтэц дархлааны системд аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг уураг≤0.3 мгГений инженерчлэлээр үйлдвэрлэсэн буюу хоёрдогч эх үүсвэрээс лабораторийн аргаар гарган авсан уураг.
Үхрийн ургийн ийлдэс (FBS)Эсийн өсгөвөрт хэрэглэдэг бодисНэг саяд 1-ээс бага хэмжээтэй  <1 ppm Вирусийг лабораторийн орчинд өсгөхөд хэрэглэдэг, Малын гаралтай нэмэлт бөгөөд тун бага хэмжээгээр ашигладаг.
НеомицинБактерийн эсрэг үүрэгтэйОйролцоогоор ~25 мкгВакциныг бохирдлоос сэргийлэх зорилгоор бага тунгаар орсон антибиотик.
Бусад буфер, уусгагчНайрлагын үйл ажиллагааг дэмжих орцБага хэмжээгээрВакцины найрлагыг тогтвортой байлгах, бүтцийг хамгаалах зориулалттай бусад нэмэлтүүд.
Хүснэгтийн тайлбар: Улаанбурхны вакцинд ашиглагддаг туслах орц найрлагууд

Үүнээс тухайн вакциныг хийхэд чухал ач холбогдол бүхий тусгай зориулалтын бодисуудыг нарийн хэмжээтэйгээр ашигладаг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл вакцинд хэрэггүй бодис агуулагдана гэж байхгүй. Бүх найрлага нь тус тусын үүрэгтэйгээр вакцины аюулгүй, үр дүнтэй байдлыг тогтвортой хадгалахын тулд тодорхой тунгаар боловсруулагддаг байна. Түүнчлэн улаанбурхны вакцинд агуулагдаж буй амьтны түүхий эд, хүний эс, вирусийн дээж зэрэг гол болон дагалдах найрлагыг шууд ашигладаггүй. Аюулгүй хэлбэрт шилжүүлэхийн тулд хиймлээр үйлдвэрлэх, цэвэршүүлэх, тун хэмжээг багасгах, жижиглэх гэх мэт тусгай шинжлэх ухааны аргаар лабораторийн түвшинд ажиллаж, бүтээдэг байна.


ДЭМБ-аас улаанбурхан нь агаар дуслын замаар халдварлаж, маш хурдан тархдаг, вирусийн гаралтай халдварт өвчин бөгөөд хүндэрсэн тохиолдолд нас барах эрсдэлтэйг анхааруулжээ. 1960-аад онд улаанбурхны вакцин нэвтрэхээс өмнө дэлхий даяар жил бүр ойролцоогоор 2.6 сая хүн уг вирусийн халдвараар нас бардаг байсныг мөн тэмдэглэсэн. Харин 2000–2023 оны хооронд вакцинжуулалтын ачаар 60 саяас илүү хүний амийг аварч, 2000-2017 онд улаанбурхнаас үүдэх нас баралтын тоо дэлхий даяар 80 хувиар буурсныг BBC мэдээллийн сайтад ДЭМБ-ын судалгаатай эшилж мэдээлсэн байна.

Зургийн тайлбар: Вакцины тусламжтайгаар улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эрсдэл багассаныг дүрсэлсэн нь (шар-гахайн хавдар, цэнхэр-улаанбурхан, ногоон- улаанууд)

Гэвч 2023 онд дэлхий даяар улаанбурхнаар нар барсан хүний тоо 107,500 байсан бөгөөд голчлон орлого багатай, эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудын дархлаажуулалтгүй, вакцинд дутуу хамрагдсан таваас доош насны хүүхдүүдийн дунд тохиолдсон байна. Иймд тус байгууллагаас улаанбурхнаас сэргийлэх хамгийн аюулгүй хийгээд найдвартай арга нь вакцинд хамрагдах явдал гэдгийг онцлон сануулжээ.

Дүгнээд хэлэхэд, улаанбурхан нь дархлаа тогтоогүй хүн бүрд халдварлах өндөр эрсдэлтэй вирус бөгөөд амь нас ч эрсдэж болох өвчин тул урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах нь уг вирустэй тэмцэх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга юм. Тухайн вирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэхдээ нарийн технологийн дагуу чухал орц бүрийг багтаан боловсруулдаг ба аюулгүй байдлыг судалгаа шинжилгээ, олон улсын байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтнүүд зэрэг албаны хүмүүс хянаж ажилдаг. Иймд цахим орчин түгж буй хуурамч мэдээлэлд автахгүйгээр, шинж тэмдэг илэрсэн үед эмнэлгийн тусламжийг авч, эмчийн зөвлөгөөг дагаж, дархлаажуулалтдаа хамрагдаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Вакцин дотор юу агуулагддаг, вакциныг яаж үйлдвэрлэдэг талаар мэдэхгүй хүмүүс улаан бурхны вакциныг магтаж байна. Вакциныг гардаж үйлдвэрлэж байсан би нэг ч сайн вакцин үгүйг мэднэ гэсэн” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document