2025 оны зургадугаар сарын 16-нд Аминаагийн Аав гэх Facebook хаягаас “Ураны туршилт хийсэн 2012 оны тайланд улсын хэмжээнд 10760 эх зулбалт хийсэн бол зөвхөн Дорноговьд тэр жил 10860 эх зулбасан тайланг хараад би үнэхээр шокорсон” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг 385 гаруй реакц, 9 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 528 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан Мэдээлэлд дурдсанаар, улсын хэмжээнд нийт 10,760 эх зулбалт бүртгэгдсэн гэжээ. Гэтэл зөвхөн “Дорноговь аймагт 10,860 эх зулбасан” гэх нь логикийн хувьд зөрчилтэй. Учир нь нэг аймагт улсын нийт дүнгээс давсан статистик тоон үзүүлэлт гарах боломжгүй.
Энэ асуудлаар бид Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй холбогдож, 2012 оны улсын болон Дорноговь аймгийн хэмжээнд бүртгэгдсэн зулбалтын тоон мэдээллийг тодруулсан. Тус төвөөс өгсөн албан ёсны мэдээгээр 2012 онд улсын хэмжээнд нийт 3,318 эх зулбасан бол, Дорноговь аймагт 311 зулбалт бүртгэгдсэн гэжээ.
Дээрх 2012 оны мэдээлэл нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн олон нийтэд нээлттэй мэдээллийн санд байршаагүй байсан бөгөөд зөвхөн албан ёсны лавлагаагаар авах боломжтой байсан. Харин 2021 оноос эхлэн Эрүүл мэндийн хөгжлийн төв жил бүрийн статистик мэдээллээ бүрэн эхээр нь цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэйгээр байршуулдаг болсон байна.
2010 оны 12 дугаар сараас зургаан сарын хугацаанд Дулаан-Уул төслийн талбайд Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилт хийжээ
Кожеговь ХХК /одоогийн Бадрах энержи/ нь Монгол Улсын Цөмийн энергийн агентлаг болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зөвшөөрлийн дагуу 2010 оны 12 дугаар сараас 2011 оны зургадугаар сарын хооронд Дулаан-Уул төслийн талбайд Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилтыг хэрэгжүүлжээ. Туршилтын үр дүнд тухайн ордод ГДУО аргаар уран олборлох боломжтойг баталсан байна.
Туршилтын явцад гүний усны чанар болон гидродинамик нөхцөлд үзүүлэх нөлөөллийг хянах зорилгоор хоёр торлолын бүсэд — дотор болон гадна хэсэгт, мөн хүдэржилт бүхий давхаргын дээд ба доод үеүүдэд хяналтын цооногуудыг байгуулжээ.
Монгол Улсад уран олборлогч Бадрах Энержи ХХК-ийн вэбсайтад “ГДУО технологийн туршилтын үеийн болон дараах байгаль орчны нөлөөллийн хяналт шинжилгээний үр дүнг холбогдох эрх бүхий байгууллагуудад албан ёсоор хүргүүлсэн болно” гэж мэдээлсэн байна.




