Search

Иракт болсон шашны тэмдэглэлт өдрийн бичлэгийг Иранд болсон хэмээн тайлбарлан түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1493

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Иранд Израилыг эсэргүүцсэн жагсаал болж байна гэх тайлбартай бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэхүү бичлэг нь гуравдугаар сард Иракт болсон шашны тэмдэглэлт өдрийн бичлэг юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 20-нд Төмөрбаатарын Бат-Эрдэнэ (архивлагдсан хувилбар) гэх нэртэй Facebook хаяг Иран-Израилын зөрчил, мөргөлдөөнтэй холбогдуулан Иранд олон нийтийн жагсаал болж байгаа гэх бичлэгийг түгээжээ. Бичлэгт олон хүн гудамжаар жагсаж байгаа харагдах ба бичлэгийн нүүр хэсэгт “Иранчууд Израйльтай үзнээ л гэж байна. Ойрх Дорнодод байдал хүндэрвэл цөмдөө тулах байх…” хэмээн тайлбар тэмдэглэгээг тамгалжээ.

Зургаадугаар сарын 24-ний байдлаар тус бичлэг нь 4,300 орчим лайк, 480 гаруй коммент авч 452 удаа цааш түгээгдэн өндөр үзэлт, хандалт аваад байна.

Бид бичлэгийн эх сурвалжийг хайн энэхүү бичлэг нь Иракт өнгөрсөн гуравдугаар сард болсон үйл явдал болохыг баримт шалгалтаар сурвалжлан илрүүлсэн.

Бичлэгийн хэсгийг Google хайлтын системд зургаар хайхад Гүржийн Myth Detector баримт шалгах байгууллагын нийтлэл болон ижил бичлэгийг сошиал медиад түгээсэн байсныг илрүүлсэн.

Бичлэгийн хэсгийг зургаар хайхад гарч ирсэн илэрц

Хайлтын илэрцээс Instagram дахь бичлэгийн пост руу нэвтрэхэд бичлэгийн эх сурвалжаар @JF_AM_20 гэсэн хаягийг дурдсан байсан ба бид тус хаягт ижил бичлэг 2025 оны 03 дугаар сарын 23-нд нийтлэгдэж байсныг тогтоосон. Бичлэгт Иракийн тугийг тамгалан коммент хэсэгт хэрэглэгчид тус улсын Самава хотод болсон үйл явдал хэмээн тэмдэглэсэн бөгөөд бидний шалгасан бичлэгтэй ижил байгааг харж болно.

Энэхүү жагсаал нь эсэргүүцлийн жагсаал бус харин гуравдугаар сарын 22-нд Имам Али гэх Исламын шашны Шийт урсгалын анхны удирдагчдын амиа зольсон явдлыг (martyrdom) тэмдэглэн өнгөрүүлж байгаа явдал аж. Тэмдэглэлт ойг тус хотын Facebook хуудас гуравдугаар сарын 22-нд мэдээлж байсан ба үйл явдлын өөр өнцгөөс авсан бичлэгийг үзэх боломжтой болохыг Myth Detector мэдээлж байжээ

Баримт шалгалтын эх сурвалжаас дүгнэвэл дээрх бичлэг нь энэ сард Иранд болж өнгөрсөн үйл явдал биш өнгөрсөн гуравдугаар сард Иракт шашны тэмдэглэлт өдрийн жагсаал, цуглаан байжээ.

Иран-Израилын зөрчил, мөргөлдөөнтэй холбоотой бидний хийсэн баримт шалгалтуудыг үргэлжлүүлэн линкээр нэвтрэн хүлээн аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Иранд Израилыг эсэргүүцсэн жагсаал болж байна гэх тайлбартай бичлэгийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document