Иран дахь цөмийн байгууламжийг АНУ-ын бөмбөгдөгч онгоц бөмбөгдсөн гэх бичлэгийг Facebook-т түгээн өндөр хандалт аваад байна. 11 секунд үргэлжлэх бичлэгт томоохон дэлбэрэлтийг холоос бичсэн харагдах ба тод шаргал гэрэл дэлбэрэлтийн дараа үүссэн харагдана.
Тус бичлэгийг хэд хэдэн хаягууд түгээсэн ба Мөнхбаяр Гэрэл (архивлагдсан хувилбар) гэх хаягийн пост зургаадугаар сарын 24-ний байдлаар 487 реакц, 98 коммент авч 501 удаа цааш түгээгдсэн байна.
Бид бичлэгийн эх сурвалжийг хайхад нь энэ Иранд болсон үйл явдлын бичлэг биш харин Сирид болсон дэлбэрэлтийн бичлэг болохыг тогтоосон.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид бичлэгийн эх сурвалжийг олохоор Google хайлтын системд зургаар хайхад Ираны цөмийн байгууламжийг АНУ-д бөмбөгдсөн гэх тайлбартай сошиал медиа постуудаас гадна Daily Mail, BBC зэрэгт Сири дэх цэргийн бааз дэлбэрсэн тухай мэдээлэл илэрцээр гарч ирсэн.
Эдгээр мэдээлэл Сирийн Тартус бүс нутагт дэлбэрэлт болсныг дурдсан ба бид Youtube-ээс “Syria tartus explosion” (Сири тартус дэлбэрэлт) гэх түлхүүр үгээр хайхад DW News, TRT World, Middle East Eye зэрэг мэдээллийн агентлагууд тус дэлбэрэлт нь 2024 оны 12 дугаар сарын 16-нд Сирийн Тартуст болсныг мэдээлсэн байна.
Бичлэгт харуулсан дэлбэрэлт нь Израилын зэвсэгт хүчин Тартус дахь Сирийн цэргийн баазыг бөмбөгдсөний дараа бичлэгт үлдсэн бөгөөд зэвсгийн агуулахыг дэлбэлсэн энэхүү явдал тухайн үед нийгмийн сүлжээнд өргөн тархаж байжээ.
Найдвартай эх сурвалжуудын мэдээлэл болон дээр дурдсан эх сурвалжуудын бичлэгээс харахад дэлбэрэлтийн бичлэг нь өнгөрсөн ням гарагт буюу зургаадугаар сарын 22-нд Ираны цөмийн байгууламжуудад АНУ-аас агаарын бөмбөгдөлт зохион байгуулсны дараах бичлэг биш харин өнгөрсөн жил болсон Сири дэх зэвсгийн агуулахын дэлбэрэлтийн бичлэг юм.




