2025 оны зургадугаар сарын 22-нд Hana Michi Mongolia гэх Facebook хуудсаас “Сүүлийн жилүүдэд нарны гадаргуу дээр цөмийн шуургатай байна. Энэ жил он гараад 3 удаа дэлбэрсэн. Саяхан бас хүчтэй дэлбэрсэн. Дэлбэрэлтийн хүч 10 сая к хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн дулааны 1 сая жилийг хангах хэмжээтэй…” гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тус постыг 3,200 гаруй реакц, 57 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 2,200 удаа цааш түгээсэн байна.
Бичлэгт, “Шуурхай мэдээ. Сүүлийн жилүүдэд нарны гадаргуу дээр цөмийн шуургатай байна. Энэ жил он гараад 3 удаа дэлбэрсэн. Саяхан бас хүчтэй дэлбэрсэн. Дэлбэрэлтийн хүч 10 сая к хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн дулааны 1 сая жилийг хангах хэмжээтэй. Энэ нь дэлхийн атмосферт нөлөөлж 3-5 хоног цочир хална. Хүнд үзүүлэх нөлөө: Даралт ихсэнэ, толгой өвдөж, дотор муухайрах, салгална, цус харвах эрсдэлтэй, хууч өвчин хөдлөнө, цус харвах эрсдэлтэй. Тиймээс онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байх, малгай өмсөх, толгойгоо норгох, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Зүрхний шигдээс хамгийн том аюул тул ус сайн уугаарай” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Бид нарны дэлбэрэлт” гэх түлхүүр үг ашиглан Google хайлтын системээс хайхад АНУ-ын Үндэсний Агаарын Навигац, Сансрын Удирдлагын газар буюу НАСА (NASA)-ийн албан ёсны мэдээллийн сайтад 2024 оны 6-р сарын 19-ний 19:50 минутад (АНУ-ын зүүн эргийн цагаар) нарны гадаргуу дээр дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Тус үйл явдлыг нарны үйл ажиллагааг байнга ажигладаг НАСА-ийн Solar Dynamics Observatory (Нарны динамикийн ажиглалтын хиймэл дагуул) гэрэл зургаар бүртгэн авсан байна.
Түүнчлэн “Нарны дэлбэрэлтүүд нь асар их хэмжээний энерги ялгаруулдаг. Иймэрхүү дэлбэрэлт болон нарны бусад идэвхжил нь радио холбоо, цахилгаан эрчим хүчний сүлжээ, навигацийн дохио зэрэгт нөлөөлөхөөс гадна сансрын хөлөг болон сансрын нисгэгчдэд аюул учруулж болзошгүй” талаар дурджээ. Энэ удаагийн дэлбэрэлт нь X1.9 ангилалд хамаарсан байна. X ангилал нь хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийг илэрхийлдэг бол арын тоо нь тухайн дэлбэрэлтийн хүчийг илүү нарийвчлан тодорхойлдог.

2025 онд нарны гадаргуу дээр X ангиллын нийт 11 удаагийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн байна
Нарны үйл ажиллагаа, сансрын цаг агаарын нөхцөл байдлыг өдөр тутам мэдээлдэг, олон нийтэд зориулсан SpaceWeatherLive мэдээллийн сайтад 2025 онд бүртгэгдсэн хамгийн хүчтэй 50 нарны дэлбэрэлтийн ерөнхий тоймыг багтаажээ.
Тухайлбал, 2025 он гарснаас хойш нарны гадаргуу дээр X ангиллын нийт 11 удаагийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн байна. Эдгээр нь дэлхийн соронзон орон, хиймэл дагуул, холбооны системд тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн гэж олон улсын шинжлэх ухааны байгууллагууд мэдээлжээ.

Үүнээс харахад наран дээр байнгын дэлбэрэлт болж, тэдгээрээс илүү хүчтэй дэлбэрэлтүүдийг хянаж, судалсаар байдаг байна.
Нарны дэлбэрэлт (solar flare) нь дэлхийн гадаргуу дээрх дулааныг нэмэгдүүлдэггүй
Нарны дэлбэрэлт гэдэг нь нарны гадаргуу дээрх огцом, хүчтэй цацраг идэвхт тэсрэлт юм. Энэ нь ихэвчлэн нарны толбо бүхий бүсэд явагдаж, рентген туяа, хэт ягаан туяа, цахилгаан цэнэгт бөөмсийг сансар луу цацдаг. Тухайлбал, нарны дэлбэрэлтийн үед ялгарсан энерги нь дэлхийн соронзон орон ба дээд атмосфер (ионосфер, термосфер)-т шингэж, буцаж сансарт цацагддаг байна.
Түүнчлэн дэлбэрэлтийн үеийн нарны бөөмс нь термосферийг халааж болох ч энэ нь цаг агаар, гадаргуугийн дулаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүйг Climate.gov сайтад онцолсон. Шалгасан мэдээлэлд дурдсан “нарны дэлбэрэлтээс үүдэж даралт ихсэнэ, толгой өвдөж, дотор муухайрах, салгална, цус харвах эрсдэлтэй, хууч өвчин хөдлөнө, цус харвах эрсдэлтэй” гэх мэдээлэл нь шинжлэх ухаанаар батлагдаагүй. Харин нарны дэлбэрэлтүүд нь дэлхийн орчинд дараах төрлийн бодит нөлөөллүүдийг үзүүлдэг:
- Туйлын туяа үүсгэнэ
- Хиймэл дагуулыг цацраг туяанд өртүүлнэ
- Дэлхийн тойрог замд буй хиймэл дагуулын эсэргүүцлийг нэмэгдүүлнэ
- Эрчим хүчний сүлжээ, радио холбоо алдагдаж болзошгүй
- Туйлын маршрутаар нисэж буй онгоцны зорчигчид ионжсон цацрагт өртөх эрсдэлтэй.
Зарим судлаачид нарны дэлбэрэлтээс үүдэж хүний биед цусны даралт ихсэх, зүрхний хэм алдах зэрэг эрүүл мэндийн асуудлыг холбон үздэг ч эдгээр хамаарлын талаар хангалттай, баталгаатай судалгаа одоогоор байхгүй байна. Энэ талаар NASA-ийн SABER хөтөлбөрийн судлаач Martin Mlynczak “Нарны дэлбэрэлтээс ирэх энерги нь дэлхийд ирдэг нарны ердийн энергиэс 100,000 дахин бага бөгөөд мэдрэгдэх хэмжээнд хүрэхгүй” гэжээ.




