Search

Аливаа барааг хэт хямд үнэтэй мэт хуурч, хандалтаа өсгөдөг хаягуудыг таних нь

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1490

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүйтэн уух зүйл бэлдэх машиныг 29900 төгрөгөөр аваарай” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олон улсын худалдааны сайтад 900-980 доллар буюу гурван сая гаруй төгрөгөөр худалдаалагдаж буй машиныг 29,900 хэмээн хэт хямдаар үнэлж, хүмүүсийн анхаарлыг татан, хандалтаа өсгөхөөр зорьж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Дори shop нэртэй хуудаснаас “Хүйтэн уух зүйл бэлдэх машиныг 29900 төгрөгөөр аваарай” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 145 реакц, 81 сэтгэгдэл авч, 59 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээлэлд үзүүлж буй машиныг Google Lens хэрэглүүрээр хайхад Alibaba.com олон улсын худалдааны сайтад 900-980 доллар буюу гурван сая гаруй төгрөгөөр худалдаалж байна. Үүнийг 29,900 төгрөгөөр борлуулна гэдэг нь бодит үнийн дүнгээс хэт хол зөрүүтэй байна.

Дээрх мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягталлаа. Хуудасны ил тод байдлаас нь харахад Дори shop нь 2024 оны 12 дугаар сард нээгдсэн. Маш хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний талаар богино бичлэг нийтэлж, түгээдэг хуудас байна.

Тухайн хаягаас түгээсэн мэдээллүүд нь холбогдох дугаар, хаяг байршил, бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй танилцуулга, захиалгын заавар, баталгаажуулалт зэрэг нэмэлт тайлбаргүй. Зарим бүтээгдэхүүн дээр үнийн мэдээлэл ч тэмдэглэхгүйгээр зөвхөн хаягийг дагаж, хуваалцахыг л уриалсан байна. Энэ нь худалдаа хийж, бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэйгээр хандалтаа өсгөхөөр зорьж буйн илрэл юм.

Хэт хямд үнэтэй бараа танилцуулж, сурталчлах нь хандалтаа өсгөх зорилгоор мэдээлэл түгээдэг хаягуудын ашигладаг түгээмэл аргуудын нэг юм. Мөн хүмүүсийн анхаарал татаж, сэтгэл хөдөлгөм мэдээлэл нийтлэх, ашиг хонжоо амлах, бэлэг, мөнгө тараах зэрэг хуурамч мэдээллийг түгээх нь элбэг. Ингэхдээ лайк дарж, сэтгэгдэл үлдээж, цааш түгээх гэсэн хялбар үйлдэлд уриалан олны анхаарлыг татаж хандалтаа нэмэгдүүлдэг.

Шалгаж буй мэдээллийг түгээсэн Дори shop гэх хуудас нь бэлэг тараахыг амласан пост түгээж байсныг өмнө нь бид шалгаж байсныг эндээс уншаарай

Хуудас хөтөлж, хандалтаа өсгөх нь хэвийн үзэгдэл ч зарим тохиолдолд энэ төрлийн хаягуудаар дамжуулан улс төрийн суртал ухуулга, хуурамч мэдээлэл зэрэг олон нийтийн санаа бодолд нөлөөлж, төөрөгдүүлэх зорилготой мэдээллүүдийг түгээдэг. Түүнчлэн энэ төрлийн хуурамч мэдээллээр дамжуулан санхүүгийн залилан үйлдэх нь ч бий. Иймд илт хуурамч мэдээлэл түгээж, хандалтаа өсгөхөөр зорьж буй хаягийг дагаж, хуваалцахаасаа өмнө хуудасны мэдээллийг шалгаж хэвшээрэй.

Дүгнээд хэлэхэд, хэт хямд бараа бүтээгдэхүүний мэдээлэл түгээж, ханалтаа өсгөж буй хуудаснууд нь хожим өөр зорилготой мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлэх магадлалтай тул илт хуурамч, баталгаагүй мэдээлэл нийтэлж буй хаягуудад хандахгүй байх нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хүйтэн уух зүйл бэлдэх машиныг 29900 төгрөгөөр аваарай” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document