2025 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Наранцэцэг Батбаяр нэртэй хуудаснаас “Зөвхөн хүргэлтийн төлбөрөө төлөөд л хүүхдийн хувцас, хэрэгслээр дүүрэн бэлгийн хайрцаг авах боломжтой” гэсэн агуулга бүхий бичлэг нийтэлжээ. Уг пост 82 реакц, 12 сэтгэгдэл авч, 16 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах аргыг ашиглалаа.

Тухайн хаягийг шалгахын тулд хуудасны ил тод байдлын мэдээллийг нягталсан юм. Хуудасны ил тод байдалд тэмдэглэснээр дээрх хуудсыг 2023 оны 10 дугаар сарын 29-нд Kwiatkowski Olivia Luis нэртэй нээж байжээ.
Мөн тухайн хуудасны нүүр зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад 𝗦𝘁𝗲𝗹𝗹𝗮 𝗧𝗮𝗻𝗴𝗹𝗮𝗼 𝗭𝗮𝗰𝗮𝗿𝗶𝗮𝘀 гэх Филиппин загвар өмсөгчийн зургийг ашигласан нь илэрлээ. Түүнчлэн уг хуудас нь зөвхөн үнэгүй бэлэг өгөх тухай цөөн тооны мэдээллийг олон давтамжтай түгээсэн байна. Энэ мэт өөр хүний нэр, зураг ашиглан бэлэг өгөх, мөнгө тараах зэрэг баталгаагүй мэдээлэл түгээдэг хуудас нь ихэвчлэн залилан хийх зорилготой хуурамч хаягууд байх нь элбэг.

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан холбоосыг Zara брэндийнх гэж гарчигласан ч холбоост буй код нь тоо, тэмдэг, үсэг нийлсэн замбараагүй харагдаж байна. Энэ нь Zara-ийн албан ёсны хуудас бус фишингийн шинж бүхий залилангийн пост болохыг илтгэж байгаа юм. Мөн тухай холбоосоор дамжуулан нас, хүйс зэрэг хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуулга бөглүүлж байна. Хүний хувийн мэдээллийг цуглуулж буй уг үйлдэл нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал халдаж, хохирол үүсгэх эрсдэлтэй. Тиймээс холбоос нь үндсэн байгууллагын нэрээсээ зөрсөн, элдэв тэмдэгт, тоо үсгийг нэг дор олон агуулсан, сэжигтэй байвал нэвтрэхгүй байх хэрэгтэй.
Энэ төрлийн залилангийн мэдээлэл нь олон нийтийн анхаарлыг татах үг хэллэг ашиглан, “мөнгө хож”, “бэлэг ав” гэх мэтээр ашиг хонжоо амласан пост нийтэлж хүмүүсийг “урхиддаг”. Ингэхдээ ямар нэг холбогдох дугаар, хаяг байршил, нэмэлт тайлбар зэрэг нээлттэй мэдээлэлгүй зөвхөн холбоосоор нэвтрэх, чатаар харилцахыг л уриалдаг байна.
Иймд баталгаагүй хаягаас түгээсэн мэдээлэлд буй холбоосоор нэвтрэх, карт, банкны нууц үг зэрэг хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаж, хуурамч хаягийг ялгаж, мэддэг хэрсүү нэгэн байгаарай. Мөн холбогдох дугаар, хаяг байршил гэх мэт тодорхой мэдээлэлгүй, хуурамч нэр зураг ашигласан хаягуудыг таньж, репорт хийж хэвшээрэй.




