Search

Сирийн иргэний дайны үед авсан хүүхдийн зургийг худал тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1488

Ерөнхий агуулга

Израилын бөмбөгдөлтөд өртсөн хүү нас барахаасаа өмнө авхуулсан зураг гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зургийг Сирийн иргэний дайны үеэр авсан ба хүү нас бараагүй болохыг зурагчин мэдэгдсэн.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 20-нд Израилын бөмбөгдөлтөд өртсөн Палестин хүү гэх зургийг Facebook-т хэд хэдэн хаяг түгээн, өндөр хандалт авсан байна (энд, энд бас энд). Зурагт цээжин хэсэгт нь цус урссан уйлж буй хүүхдийг эмч нар тойрон хүрээлсэн нь харагдана. Тус зургийг тайлбарлахдаа “Юм гэдэг сонин шүү. Энэ гэрэл зураг интернэт орчинд дахин гарч ирж олон ч хүн шэйр хийж байна. Учир юу гэвэл 2013 онд Израилын бөмбөгдөлтөд өөд болсон палестин хүү үхэхээсээ өмнө би бурханд бүгдийг нь хэлнэ” гэсэн тухай тэмдэглэжээ.

Бид зураг болон мэдээллийн эх сурвалжийг хайхад энэхүү зураг нь палестин хүүгийн биш 2012 онд болсон Сири дэх иргэний дайны үеийн зураг болохыг тогтоосон.

Бид зургийн эх сурвалжийг Google хайлтын системд хайхад энэхүү зураг нь Сирид болсон иргэний дайны үеийн зураг болохыг онцолсон мэдээллүүд илэрцээр гарч ирсэн.

Google хайлтын системд зургийг хайхад гарч ирсэн илэрц

Тухайлбал BBC 2016 оны 12 дугаар сард нийтэлсэн мэдээлэлдээ Сири хүү бөмбөгдөлтөд гэр нь өртсөний дараа эмчийн тусламж авч буй тухайг тайлбарлан мэдээлж зургийн эх сурвалжид Getty Images-ийг дурдсан ба баримт шалгах FactCrescendo байгууллага 2019 онд энэхүү зургийн эх сурвалжийг хайн Сири хүүгийн зураг болохыг мэдээлж байжээ.

BBC 2016 онд нийтэлсэн Сири дэх хямралын тухай нийтлэлийн зураг, Эх сурвалж: BBC

Үргэлжлүүлэн Getty Images зургийн сангаас Сири хүүгийн зургийг хайхад энэхүү зургийг 2012 оны наймдугаар сарын 24-нд AFP мэдээллийн агентлагаас авсан болохыг тэмдэглэсэн байна.

Харин зурагт үлдсэн хүү “Би бурханд бүгдийг нь хэлнэ” гэж хэлсэн баримт байхгүй бөгөөд FactCrescendo тус зургийг авсан зурагчин Аррас Мессинис “энэхүү зургийн тайлбар нь худал” хэмээн мэдэгдэн, хүү нас бараагүй болохыг онцолсон байна. Мөн Getty Images дэх тайлбарт тус зургийг авахад үед хүү тэгж хэлсэн тухай дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл тус зураг нь Израилын бөмбөгдөлтөд өртсөн палестин хүү биш бөгөөд харин Сирийн иргэний дайн үеэр бөмбөгдөлтөд өртсөн хүү юм. Түүнлчэн тэрээр “бурханд бүгдийг нь хэлнэ” гэж хэлсэн баримт байхгүй, тухайн үед нас бараагүй ба зургийг авсан зурагчин үүнийг үгүйсгэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Израилын бөмбөгдөлтөд өртсөн хүү нас барахаасаа өмнө авхуулсан зураг гэх мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document