Search

Израил, Ираны мөргөлдөөний үед хиймэл оюунаар бүтээсэн бичлэг түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1486

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Facebook платформд Тель-Авив хотын барилгууд сүйдэж буйг харуулсан бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Тель-Авив хотод барилгууд сүйдэж буйг харуулсан видео бичлэг нь хиймэл оюунаар бүтээгдсэн хуурамч бичлэг болохыг AFP болон BBC Verify зэрэг баримт шалгах байгууллагууд тогтоосон. Харин бидний шалгасан мэдээллийн тайлбарт дурдсан цохилтод өртсөн байршлууд нь бодитой бөгөөд энэ үйл явдлын талаар Al Jazeera, The New York Times зэрэг нэр хүндтэй эх сурвалжуудын мэдээлснээр, Ираны хариу цохилтын улмаас Бат-Ям, Тамра, Ришон ЛеЦион зэрэг орон сууцны бүсэд барилга байгууламж сүйдэж, нийт 24 хүн амь насаа алдаж, 592 хүн гэмтэж бэртсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургадугаар сарын 15, 16-нд Facebook платформд Тель-Авив хотын барилгууд сүйдэж буйг харуулсан бичлэг түгээжээ. Түгсэн бичлэгийн тайлбарт Тэл авив дроноор харуулж байна хэмээн түгээсэн байна. Тус постыг 633 реакц, 114 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 91 удаа цааш түгээсэн байна.

Мөн өөр хаягаас “Ираны пуужингийн довтолгооноос Израильд Газрын тосны үйлдвэр, Боомтын байгууламжууд зэрэг стратегийн объектууд хохирол амссан нь батлагджээ” гэсэн тайлбартай нийтэлжээ. Тус постод: 1. Газрын тосны үйлдвэр (Haifa)

  • Ираны пуужин Израилийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болох Haifa дахь BAZAN Group-ийн нефть боловсруулах үйлдвэрт оногдсон. Уг үйлдвэр нь Израилийн нийт түлшний эрэлтийг хангах томоохон гол төв бөгөөд үйл ажиллагаа зогсоод байгаа гэж мэдээлсэн. Хохирлын цар хүрээг одоогоор Израилийн Засгийн газар тодорхой мэдээлээгүй ч, “цохилт нь оновчтой бөгөөд стратегийн объектод чиглэсэн” гэж Иран мэдэгдсэн байна.

2. Боомтын байгууламжууд

  • Haifa боомтын ойролцоо пуужингийн дэлбэрэлт болсон талаар Израилийн хэвлэл мэдээлжээ. Энэ нь ачааны бүс болон тээврийн терминал байсан бөгөөд ачааны хөдөлгөөн зогссон байгаа аж.

Нэмэлт хохирол, онцлох газрууд

  • Тель-Авив, Реховот, Бат Ям зэрэг төв хотуудад пуужин унаж, олон нийтийн барилга байгууламж, зам тээврийн дэд бүтцэд хохирол учирсан.
  • Цэргийн объектод чиглэсэн пуужингийн ихэнхийг Iron Dome хамгаалалтын систем барьсан ч, 20 гаруй пуужин газар хүрсэн байна.
  • 130 гаруй хүн шархадсан, 8 хүн амь үрэгдсэн талаарх мэдээллийг Израилийн хэвлэл баталсан.

Ираны зүгээс хийсэн пуужингийн дайралт Израилийн энерги ба ложистикийн стратегийн чухал объектууд болох:

  • Газрын тосны боловсруулах үйлдвэр (Haifa)
  • Боомт, ачаа тээврийн терминал (Haifa Port)
  • Хотын дэд бүтэц, ард иргэдийн амьдрах орчин гэсэн төвүүдэд шууд хохирол учруулсан нь хоёр улсын хоорондын сөргөлдөөн улам стратегийн шинжтэй болж байгааг илтгэж байна” гэжээ.

Бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэнийг баримт шалгах байгууллагууд мэдээлэн, анхдагч эх сурвалжийг тогтоосон

Израил, Ираны хоорондын зэвсэгт сөргөлдөөн хурцадсан үед Тель-Авив хотын барилгууд сүйдэж буйг харуулсан видео бичлэг олон нийтийн сүлжээнд түгжээ. Харин тус бичлэгийг хиймэл оюуны технологиор бүтээгдсэн хуурамч контент болохыг AFP агентлаг баримт шалгалтаар тогтоосон байна. Тус бичлэгийг нийтэлсэн “@3amelyonn” нэртэй TikTok хаяг утсан байна.

Тухайлбал, бичлэгийн хэсгийг зураг хэлбэрт шилжүүлж, Google Lens хэрэглүүрээр хайхад уг дүрс анх AI ашиглан контент бүтээдэг TikTok хаягнаас нийтлэгдсэн нь илэрчээ. Мөн тухайн бичлэгт автомашинууд хоорондоо давхцаж, бие биенээрээ нэвтлэн өнгөрч буй мэт дүрслэгдсэн нь хиймэл оюунаар бүтээгдсэн контентод нийтлэг тохиолддог визуал алдааны нэг болохыг AFP тайлбарлажээ.

Мөн BBC Verify “Израил-Ираны мөргөлдөөний үеэр хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэгүүд олон нийтийн сүлжээнд худал тайлбартайгаар тархаж байна” хэмээн мэдээлжээ.

Иран-Израилын мөргөлдөөний талаарх хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгийн мэдээ, Эх сурвалж: BBC Verify

Иран пуужингийн цохилтод Хайфагийн нефть боловсруулах үйлдвэр болон Реховотын их сургуулийн барилгууд өртжээ

“Times of Israel” мэдээллийн сайтад, “2025 оны 6-р сарын 14-15-нд Иран улс Израил руу нийт 70 баллистик пуужин болон хэдэн арван дроноор довтолж, өргөн цар хүрээтэй цохилт хийлээ. Харвасан пуужингийн нэг нь Израилын хамгийн том нефть боловсруулах төв болох Хайфа дахь Bazan үйлдвэрийн цогцолборт оногдож, дамжуулах хоолой болон тоног төхөөрөмжүүдэд хохирол учруулсан” хэмээн мэдээлжээ.

Мөн Израил дахь Adani Group-ийн удирддаг Хайфа боомт нь Ираны сүүлийн баллистик пуужингийн дайралтад өртсөн ч ямар нэгэн хохирол амсаагүй гэж CNBC-TV18-ийн эх сурвалжууд мэдээлжээ. Боомтын ачаа тээврийн үйл ажиллагаа мэдээлэлд дурдсан шиг зогсоогүй харин хэвийн үргэлжилж байгаа аж.

The New York Times “Иран Израил руу ойролцоогоор 400 пуужин харваснаас 40 орчим нь агаарын хамгаалалтыг тойрч, орон сууцны бүсэд унажээ. Үлдсэн нь хамгаалалтын системд устгагдсан эсвэл эзгүй газар, тэнгис рүү унасан байна” гэжээ.

Доор зурагт, Израилын хотуудад сүйдсэн байршлуудыг Al Jazeera сувгийн Sanad нэртэй баримт шалгах баг бямба гарагаас даваа гаригийн хооронд болсон Ираны цохилтуудыг газрын зураг дээр тэмдэглснийг харуулжээ. Тухайлбал, Тель-Авив ба ойр орчмын бүсэд пуужингийн цохилт өгсөн бөгөөд хамгийн их сүйрэл Бат-Ям хотод гарсан байна. Мөн Тамра, Бат-Ям, Ришон ЛеЦион зэрэг орон сууцны бүсүүдэд пуужингийн цохилтод өртөж, барилгууд сүйдэж, олон хүн гэмтэж, амь насаа алдсан тохиолдлууд гарчээ.

Иранаас Израилд цохилт өгсөн байршлуудын мэдээлэл, Эх сурвалж: Al Jazeera

Мөн Al Jazeera мэдээллийн сайт зургадугаар сарын 19-нд “Ираны Израиль руу хийсэн хариу довтолгооны улмаас 24 хүн нас барсан” талаар мэдээлсэн байна.

Дүгнэхэд, Тель-Авив хотод барилгууд сүйдэж буйг харуулсан видео бичлэг нь хиймэл оюунаар бүтээгдсэн хуурамч бичлэг болохыг AFP болон BBC Verify зэрэг баримт шалгах байгууллагууд тогтоосон. Харин бидний шалгасан мэдээллийн тайлбарт дурдсан цохилтод өртсөн байршлууд нь бодитой бөгөөд энэ үйл явдлын талаар Al Jazeera, The New York Times зэрэг нэр хүндтэй эх сурвалжуудын мэдээлсэн. Тус мэдээлэлд “Ираны хариу цохилтын улмаас Бат-Ям, Тамра, Ришон ЛеЦион зэрэг орон сууцны бүсэд барилга байгууламж сүйдэж, нийт 24 хүн амь насаа алдаж, 592 хүн гэмтэж бэртсэн” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Facebook платформд Тель-Авив хотын барилгууд сүйдэж буйг харуулсан бичлэг түгээжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document