2025 оны тавдугаар сарын 20-нд Facebook платформд Израилын нийслэл Тель-Авив хот бөмбөгдөлтөд өртөж байгаа гэх зургийг түгээжээ. Түгсэн зургийн тайлбарт зарим хаягууд “Бодит болох боломжгүй гэж итгэсэн зураг. “Израилын Тель-Авив дахь тамын бороо” Эх сурвалж: National Geographic World” хэмээн түгээсэн байна. Тус мэдээллийг ижил агуулга, зурагтайгаар хэд хэдэн хаяг (энд, энд бас энд) түгээсэн ба бид зургийн эх сурвалжийг хайн баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны зургаадугаар сард Израил, Ираны хоорондын хурцадмал байдал улам даамжирч, хоёр улс харилцан пуужин болон дрон ашиглан довтолгоо хийх болсон. Энэ мөргөлдөөнд агаарт олон пуужинг харваж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд түгжээ.
Мөн Тель-Авивын орчинд 60 гаруй өндөр барилга байдаг болохыг тус улсын Haaretz мэдээллийн вэбсайт мэдээлж байсан ба бидний шалгасан зурагт намхан барилгуудаас бүрдсэн жижиг хот харагдаж байна.
Зургийг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэнийг баримт шалгах байгууллагууд мэдээлэн анхдагч эх сурвалжийг тогтоосон
Тель-Авивыг бөмбөгдөж буй гэх зургийг хэд хэдэн баримт шалгах байгууллагууд олон улсад түгэх үед шалгасан. Тухайлбал LeadStories баримт шалгалтдаа Буффалогийн их сургуулийн Media Forensic Lab зохиосон хиймэл оюун ухааны контент шалгагч DeepFake-O-Meter хэрэглүүрээр шалгахад 100 онооноос 100 оноо авч хиймэл оюун ухааны контент байх бүрэн магадлалтай болохыг тогтоосон байна.
Мөн энэхүү зургийг Google компаниас танилцуулсан SynthID хэрэглүүрээр шалгахад тус компанийн хиймэл оюун ухааны хэрэглүүрээр бүтээсэн болох нь тогтоогдсон. Америкийн баримт шалгах байгууллага Snopes баримт шалгах явцдаа тус зургийн эх сурвалжийг олсон үйл явцыг тайлбарласан ба хуурамч мэдээлэл судлаач Тал Хагин (Tal Hagin) Facebook хэрэглэгч Мхамад Юсиф (Mhamad Yusif) 2025 оны зургаадугаар сарын 13-нд тус зургийг Google AI ашиглан бүтээсэн хэмээн X хаягтаа мэдэгдсэн байна.
Мөн BBC Verify-д ажилладаг сэтгүүлч Shayan Sardarizadeh өөрийн Х хаягтаа Google AI ашиглан бүтээсэн зураг болохыг сануулсан байна.
Sorry to disappoint the 11 million users who viewed this tweet and the 127,000 who liked it, but this is AI. It certainly isn't Tel Aviv. https://t.co/8pRbuSBquT pic.twitter.com/1uWJcenKlk
— Shayan Sardarizadeh (@Shayan86) June 18, 2025
Зургийг хамгийн анх түгээсэн байж болох Мхамад Юсиф нь зургийн бүтэн хувилбарыг нийтлэн цааш түгэхдээ таслагдаж түгсэн байна. Харин түүний нийтэлсэн зургаас Mhamad Yusif гэх тэмдэглэгээ байгааг харж болохоор ба тэрээр бүр ямар текст коммандаар зургийг бүтээснээ постын комментдоо (архивлагдсан хувилбар) тэмдэглэсэн байна.

Тель-Авив хотод зургаадугаар сарын 14-нд болсон жинхэнэ бөмбөгдөлтийн бичлэгийг дараах CNN-ийн сурвалжилгаас харах боломжтой. Тус бичлэгт Израилын пуужингаас хамгаалах систем Iron Dome системийг нэвтлэн пуужин дэлбэрсэн болохыг харуулсан.
Харин “тамын бороо” гэх тайлбартай зураг нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бөгөөд National Geographic World гэх байгууллагаас тус зургийг аваагүй байна.


