2025 оны тавдугаар сарын 02-ны өдөр “Чанартай Бараа” нэртэй Facebook хуудсаас “Хорт хавдар өвчин биш бизнес. Хорт Хавдар эмчлэгддэг. Хорт хавдар нь В17 витамины дутагдлаас болон үүсдэг. Химийн эмчилгээ, мэс засал гэх мэт хүнд нөлөө үзүүлдэг эмчилгээний аргуудаас татгалзах хэрэгтэй..., Хорт хавдрын эсийг нэмэгдүүлэгч химийн эмчилгээнээс, нимбэг нь 10000 дахин үр дүнтэй” гэх агуулгатай пост түгээжээ. Тус пост 200 гаруй реакц, 4 сэтгэгдэл авч, 403 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Соёолсон вандуй (дүүяа) нь В17 гэгддэг амигдалин агуулдаггүй бөгөөд хорт хавдрын эмчилгээ гэж шинжлэх ухаанаар батлагдаагүй
Хавдрын судалгааны Cancer Research UK байгууллагын мэдээлснээр “Витамин В17” буюу амигдалин гэх бодис нь түүхий самар, гашуун бүйлс, чангаанзны үр болон интоорын үрэнд агууллагдаг. Хэдийгээр энэ бодисыг “витамин В17” гэж нэрлэсэн ч энэ нь витамин гэж батлагдаагүй бөгөөд хүний биед витамин шиг нөлөө үзүүлдэггүй байна.
Эсрэгээр үүний хэрэглээнээс шалтгаалан эрүүл мэндийн сөрөг үр дагаврууд гарах боломжтой байна. Тодруулбал, АНУ-ын хавдрын судалгааны тэргүүлэх байгууллагуудын нэг “Memorial Sloan Kettering” байгууллагын эм зүйч Саймон Юнгийн (K. Simon Yeung) мэдээлснээр “лаэтрил (амигдалин) нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдэг нь батлагдаагүй ба зарим өвчтөнд аюултай байж болно. Хэрвээ амигдалиныг хавдрын эсрэг хэрэглэх тохиолдол гарах бол амаар уухаас өөр хэлбэрээр шийдэхгүй бол амаар уух нь хортой мөн хэтэрхий аюултай” гэжээ.
Лаэтрил (амигдалин) нь цианид агуулдаг учир цианид хэрэглэсэнтэй адилаар хордох эрсдэлтэй байдаг байна. Ийм хордлогын үед халуурах, толгой өвдөх, толгой эргэх, элэг гэмтэх, цусны даралт унах гэх олон шинж тэмдэг илэрдэг. 2015 онд Стефаниа Милаззо (Stefania Milazzo) нарын лаэтрил болон амигдалины хавдрын эсрэг нөлөөг тоймлон судалсан өгүүлэлд дүгнэснээр “лаэтрил эсвэл амигдалин нь хавдрын өвчтөнүүдэд эерэг нөлөөтэй болохыг дэмжсэн нарийн тодорхой клиник дата байхгүй. Лаэтрил эсвэл амигдалины хэрэглээ ялангуяа амаар уусны дараа цианидаар хордох эрсдэл бий” гэж онцолсон байна.
- Шалгасан мэдээлэлд “…Дүүяа буюу соёолсон вандуй нь хорт хавдрын эсрэг гайхалтай ургамал. Энэ нь шингэн хүчилтөрөгч ба лаэтрилаар (В17 витамин) баялаг бөгөөд хорт хавдрын эсрэг хамгийн сайн зүйл. Лаэтрил буюу амигдалин нь алимны үрэнд ихээр агуулагддаг. “Хорт хавдрын үхэл” номын зохиолч Гарольд Мэннерын хэлснээр, лаэтрилын нөлөө нь хорт хавдрын эмчилгээнд 90%с дээш үр дүнтэй гэдэг…” гэжээ.
Европын Хүнсний аюулгүй байдлын агентлаг (EFSA)-аас вандуй болон соёолсон вандуйд амигдалин агуулагддаггүйг мэдээлсэн. Соёолсон вандуй (sprouted mung beans) нь уураг, эслэг, фолийн хүчил, антиоксидант, В бүлгийн аминдэмээр баялаг тэжээллэг хүнс хэдий ч хорт хавдрын эмчилгээний зориулалттай биш. Үүнийг баталгаажуулсан клиник түвшний судалгаа одоогоор байхгүй бөгөөд зарим in vitro буюу эсийн түвшинд туршилтаар эсийн хорт нөлөөг бууруулах, эсийн мөчлөгт нөлөөлөх боломжтой талаар судалгаа хийгдсэн ч энэ нь эмчилгээний баталгаа биш юм.
Түүнчлэн, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) болон Хорт хавдрын эсрэг Үндэсний Хүрээлэн (NCI) нь амигдалин болон түүний химийн хувилбар болох лаэтрилийг хорт хавдрын үр нөлөөтэй, баталгаатай эмчилгээ гэж хүлээн зөвшөөрдөггүй байна.
Хөлдөөсөн нимбэг 12 төрлийн хорт хавдрын аюулт эсийг устгах чадвартай гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
- Шалгасан мэдээлэлд “…Нимбэг нь (сitrus) хорт хавдрын эсийг устгагч маш хүчтэй бүтээгдэхүүн. Мөн нимбэгийн хальснаас ялгардаг таатай үнэр нь шүүснээсээ ойролцоогоор 10 дахин их аминдэм агуулдаг гэсэн баталгаа ч бий. Энэ нь бие организм дахь мансууруулах, сөрөг элементүүдийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг. Хамгийн гол нь хорт хавдрын эсүүдийг устгагч юм…, Хорт хавдрын эсийг нэмэгдүүлэгч химийн эмчилгээнээс, нимбэг нь 10,000 дахин үр дүнтэй…” гэжээ.
Нимбэг, түүнтэй ойр төрлийн жимсүүд зарим бактер, мөөгөнцөр, вирус болон хавдрын эсрэг үйлчилгээтэй боловч энэ “химийн эмчилгээг орлож чадахуйц биш” гэж 2019 оны 03 дугаар сарын 8-нд АНУ-ын Аркансасын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас мэдэгдсэн байна. Түүнчлэн, хэрэв энгийн нимбэг нь олон төрлийн хавдрыг устгах чадвартай байсан бол хавдрын эсрэг эмчилгээнд химийн болон радиологийн эмчилгээ огт шаардлагагүй байх байсан гэж Lead Stories төвийн баримт шалгалтын тайланд дурджээ.
“Хөлдөөсөн нимбэг нь хорт хавдрыг устгадаг” гэх мэдээлэл олон жилийн турш интернэт орчинд тархжээ. Эх сурвалжийг хайж үзэхэд нимбэгийг хавдрын эсрэг ашиглахыг зөвлөсөн текст нь АНУ-ын Балтимор дахь Эрүүл мэндийн шинжлэх ухааны институтийн гаргасан гэх зөвлөмжтөй таарч байгаа юм. Харин Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай АНУ-ын Snopes баримт шалгах төв 2011 онд тус мэдээллийг шалгаж, “Балтиморын институт нь уг зөвлөмжийг гаргаагүй” гэж мэдэгджээ.
Түүнчлэн дээрх төөрөгдүүлсэн мэдээтэй ижил агуулгатай мэдээллүүдийг IFCN-ий гишүүн PolitiFact, AfricaCheck, Fullfact, Lead Stories зэрэг баримт шалгах байгууллага үндэслэлгүй, худал мэдээлэл гэдгийг нь онцолжээ. Тухайлбал, 2022 онд Fullfact-ийн хийсэн шалгалтад “Нимбэг нь хими эмчилгээнээс 10,000 дахин хүчтэй” гэх мэдээлэл нь шинжлэх ухааны баталгаагүй, ташаа ойлголт юм. Нимбэгт агуулагддаг флавоноид зэрэг нэгдлүүд лабораторийн нөхцөлд хавдрын эсийн өсөлтийг сааруулж болох ч энэ нь хүний биед үр дүнтэйг баталсан нотолгоо биш бөгөөд хэрэглэсэн тун нь хүнсэнд нимбэг хэрэглэхээс хэд дахин их байдаг. Иймд нимбэгийг хорт хавдрын нотолгоонд суурилсан эмчилгээний оронд хэрэглэх нь эмчилгээний хийх хугацааг удаашруулах эрсдэлтэй” хэмээн мэдээлжээ.
Мөн бид 2022 онд “Хорт хавдрын эсийг нэмэгдүүлэгч химийн эмчилгээнээс, нимбэг нь 10,000 дахин үр дүнтэй” гэх ижил агуулга бүхий мэдээлэлд баримт шалгалт хийж байсан. Тухайлбал, химийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг адриамицин нь уушиг, гэдэс, хөх, давсагны гэх мэт олон төрлийн хавдрын эсрэг ашиглагддаг химийн эмчилгээний эм юм. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) “Адриамицин” эмийг уушиг, гэдэс, хөх, давсагны гэх мэт олон төрлийн хавдрын эсрэг ашиглагддаг химийн эмчилгээний эм гэж 1993 оны 09 дүгээр сарын 7-нд баталсныг 2003 оны 07 дугаар сарын 31-нд нийтэлжээ. Мөн тус эм нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-д байдаг ба хавдрын эсрэг ашиглахаар заажээ. “Адриамицин” гэж худалдааны нэр нь бөгөөд уг эмийг “Доксорубицин” /Doxorubicin/ гэж нэрлэдэг.
Дүгнэхэд, олон улсад түгээж, худал болохыг нь баталсан хуурамч мэдээллийг түгээсэн байна. Шалгасан мэдээлэлд дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдсан бодис хорт хавдрын эмчилгээ болохгүй бөгөөд витамин В17 гэж нэрлэдэг ч витамины үйлчлэл үзүүлдэггүй амигдалин буюу латриэл гэх бодис нь цианид агуулдаг тул амаар хэрэглэвэл хордох эрсдэлтэй байна.




