Search

Японд вакцинаас шалтгаалсан үхлийн улмаас онц байдал зарлаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1477

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Япон дахь вакцинжуулалтын хөтөлбөр, тус улсын засгийн газар онц байдал зарласан, вакцины аюулгүй байдлын талаарх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Японы засгийн газар вакцинжуулалттай холбоотойгоор онц байдал зарлаагүй ба вакцины аюулгүй байдлын талаарх хэдийн няцаагдсан батлагдаагүй, хуурамч мэдээллийг түгээжээ.

2025 оны зургаадугаар сарын 15-нд Taivanbayar Dugarsuren (архивлагдсан хувилбар) гэх Facebook хэрэглэгч Япон улсад вакцинаас шалтгаалсан үхлийн улмаас онц байдал зарласан гэх пост нийтэлжээ. Постод тэмдэглэснээр “Хүүхдүүдийн тодорхойгүй үхлийн давлагаа улс орныг хамарч байгаа тул үндэсний хэмжээнд онцгой байдал зарласан нь бүгд мРНХ- ковид тарилгатай холбоотой юм. Эмнэлгүүд хямралтай байна.” хэмээн вакцинаас үүдэн олон тооны хүүхэд нас барж байгаа гэж мэдээлжээ.

Үргэлжлүүлэн постод тэрбумтан Билл Гейтсийг вакциныг санаачилсан хэмээн “Нэгэн цагт дэлхийн байгууллагуудын итгэлийг хүлээсэн Японы шилдэг эрдэмтэд одоо Билл Гейтс болон эм зүйн элитүүдийг “эмийн” халхавч дор дэлхий даяар хүн амыг бууруулах кампанит ажлыг зохион байгуулсан гэж буруутгаж байна.” хэмээсэн байна. Мөн хүүхдийн эндэгдэл вакцинаас үүдэлтэй хэмээн тодотгож, “Энэ бол вакцин биш. Энэ бол трояны морь” гэж NIH-ийн зөвлөх асан доктор Кенжи Ямамото хэлэв. Эдгээр хүүхдийн эндэгдэл нь гаж нөлөө биш, харин вакцины төлөвлөсөн үр дүн юм.” гэжээ.

Өмнө нь ижил агуулгатай постыг Dashpurev Ojunchimeg (архивлагдсан хувилбар) гэх хаяг гуравдугаар сарын 29-нд нийтэлж байсан ба энэхүү мэдээлэл нь өндөр хандалттайгаар дахин түгжээ.

Бид дээрх мэдээллийн эх сурвалжийг баримт шалгалтын хүрээнд олж тогтоосон ба вакцин, улс төр гэх мэт олон төрлийн сэдвээр хуйвалдааны онол, батлагдаагүй хуурамч мэдээлэл түгээдэг вэбсайт байсан юм.

Бид постод ашигласан зургийн эх сурвалж хайхаар Google Lens хайлтын хэрэглүүрээр зургаар хайхад хамгийн анх буюу гуравдугаар сарын 23-нд “The People’s Voice” вэбсайтад Японд онц байдал тогтоосон тухай гарчиг бүхийJapan Declares State of Emergency as mRNA Vaccinated Child Deaths Surge (архивлагдсан хувилбар) мэдээллийг нийтэлсэн байна.

Google хайлтын илэрцийн үр дүн

Гэтэл энэ вэбсайт нь АНУ дахь хуурамч мэдээлэл тогтмол түгээдэг вэбсайтуудын нэг бөгөөд хуйвалдааны онол, хуурамч мэдээлэл түгээгчдийн дунд өргөн ашиглагддагийг 2018 онд АНУ-ын Poynter институт мэдээлж байсан ба өдийг хүртэл улс төр, вакцинжуулалт гэх мэт сэдвээр хуурамч мэдээлэл түгээсээр байгаа юм.

Бидний шалгаж буй мэдээлэл нь The People’s Voice-д анх нийтлэгдэн AMG-NEWS (архивлагдсан хувилбар) гэх өөр нэгэн хуурамч мэдээллийн вэбсайтад өөрчлөгдөн түгээснийг монгол хэлээр орчуулан нийтэлснийг харж болно. Өөрөөр хэлбэр монгол хэлээр нийтэлсэн агуулга болон AMG-NEWS-т нийтэлсэн агуулга таарч буй юм.

Ковидын вакцинууд буюу мРНХ технологид суурилсан вакцинууд дэлхийн хүн амыг бууруулахаар бүтээгдсэн, үүнд тэрбумтан Билл Гейтс гол үүрэгтэй байсан тухай хуурамч мэдээлэл 2020 онд коронавирусийн халдвар дэгдэхтэй зэрэгцэн олон нийтийн дунд түгж эхэлсэн.

Бид мРНХ-д суурилсан вакцин аюулгүй байдлын тухай өмнө нь хэд хэдэн баримт шалгалт хийж байсан (энд, энд ба энд) ба тус төрлийн вакцин ялангуяа ковидын вакцинууд нь үргүйдэлд хүргэдэг гэх мэт мэдээлэл нь батлагдаагүй, хуурамч мэдээлэл юм.

Тухайлбал 2022 онд 10 дугаар сард Vaccine сэтгүүлд нийтлэгдсэн “COVID-19 вакцины нөхөн үржихүйд үзүүлэх нөлөө – Системчилсэн тойм, мета-анализ” судалгаанд өмнө хийсэн вакцины аюулгүй байдлын талаарх судалгаануудыг нэгтгэн дүгнэхдээ “Өнөөг хүртэл нийтлэгдсэн судалгаануудад үндэслэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн COVID-19 вакцин болон нөхөн үржихүйн чадамж буурах хоёрын хооронд ямар нэгэн хамааралтай гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй.” хэмээн дүгнэсэн байна.

Постод дурдагдсан Япон эрдэмтэн Кэнжи Ямамото нь Японы “Okamura Memorial” эмнэлгийн зүрх судасны тасагт ажилладаг ба гуравдугаар сарын 14-нд Discover Medicine сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ мРНА технологид суурилсан вакциныг “вакцин биш” эсвэл “трояны морь” /домогт тройчуудын морийг оросууд ингэж нэрлэдэг/ гэж тэмдэглээгүй харин Япон дахь дархлаажуулалтын хөтөлбөрийг дахин үнэлэх шаардлагатай тухай дүгнэсэн байна. Ингэхдээ товлолт вакцинжуулалтын дараа гурван хүүхэд нас барсан тухай дурдан, энэ нь вакцинаас болсон эсэхийг тогтоох боломжгүй байсныг тэмдэглэсэн байна. Тэрээр өгүүлэлдээ “мРНХ вакцинжуулалтын эрин үед бүслүүр үлдийн өвчлөл ихсэж байхад одоогийн батлагдсан вакцинуудын эрсдэлтэй болон давуу талыг дахин судлах шаардлагатай байна” хэмээн дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр ковидын вакцинжуулалтын талаар биш, товлолт вакцинжуулалтын тухай хөндсөн бөгөөд вакцинжуулалтаас өмнө хүүхдүүдийн дархлал хомсдолын асуудалтай эсэхийг цусаар шинжлэх шаардлагатайг онцолсон болохоос эсэргүүцээгүй байна.

Мөн энэ оны гуравдугаар сарын 07-нд Хидэки Какэяа нарын хийсэн судалгаанд Япон улсад ковидын вакцинжуулалтаас хойш буюу 2022, 2023 онд нэг сая хүнд ноогдох үхлийн хэмжээ нэмэгдсэн тухай онцлоод, энэ нь вакцинтай холбоотой байж болох хэд хэдэн таамаглал дэвшүүлснийг тайлбарласан. Гэхдээ энэхүү өгүүлэлдээ вакцины ямар нэг нөлөөнөөс болсон гэх эцсийн дүгнэлт хийгээгүй юм.

Японы засгийн газар вакцинаас шалтгаалсан хүүхдүүдийн үхлийн улмаас онц байдал зарласан тухай баталгаат эх сурвалжийн мэдээлэл огт байхгүй бөгөөд Японы засгийн газар болон тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны вэбсайтад онц байдал зарласан мэдээлэл байхгүй байна.

Дээрх ковидын вакцины эрүүл мэндийн нөлөөний талаарх хуурамч мэдээлэл нь хэдийн няцаагдсан, хуурамч мэдээлэл түгээдэг гаднын вэбсайтын мэдээллийг хуулбарласан явдал юм. Японы засгийн газар болон баримт шалгах байгууллагууд, анхдагч эх сурвалжуудын ил тод мэдээллээс харахад онц байдал зарласан болон вакциныг аюултай болохыг тодорхойлон дүгнэсэн мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document