2025 оны 06 дугаар сарын 15-нд Otgonpurev Bazarragchaa (архивласан хувилбар) гэх хаягаас “Энэ улсад эзэн байна уу? Цаазын ялаа сэргээгээч ээ. Эгч дүү гурвыг жирэмсэн болгосон байна шүү дээ. Монгол эмсийн цусыг яаж байгаа юм бэ?” гэх тайлбартай гурван жирэмсэн эмэгтэйн зургийг нийтэлжээ. Тус постыг нийт 253 реакц, 18 сэтгэгдлээр идэвхжүүлж, 99 удаа цааш түгээжээ. Харамсалтай нь, егөөдөж нийтэлсэн мэдээлэлдээ “хиймэл оюун ашигласан” тааг зүүгээгүйн улмаас цааш түгээгдэхдээ шууд утгаараа төөрөгдүүлсэн мэдээлэл болжээ. Үүнийг Мо Ни Ка, Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ зэрэг хаягаар түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн зургийг хиймэл оюунаар бүтээсэн контент шалгах хэрэглүүрүүдээр шалгахад Sight Engine 96%, Hive Moderation 89.6%-ийн хиймэл оюунаар бүтээсэн байх магадлалтайг харуулжээ. Мөн wasitAI, FakeImageDetector хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн, программ ашиглаж зурагт өөрчлөлт оруулсан гэж дүгнэсэн.


Үргэлжлүүлэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2025 оны 05 дугаар сарын 31-нд FodbiddenLove Youtube сувагт бичлэг хэлбэрээр “50 гаруй настай Америк эрэгтэй эгч дүү гурван монгол эмэгтэйг хүүхэдтэй болгожээ” гэх тайлбартай нийтэлжээ. Бичлэгт өөр дүрс огт оруулаагүй, зөвхөн хиймэл оюунаар гаргасан зургийг үзүүлж, зохиомол тайлбар уншсан байна. Тус Youtube сувагт үүнтэй төстэй хэд хэдэн бичлэг оруулсан. Тухайлбал, “Америк эр гурван энэтхэг эмэгтэйг жирэмслүүлжээ”, “67 настай эр 25 индонез эмэгтэйтэй гэрлэжээ”, “Америк эр гурван камбож эхнэртэй болжээ” гэх мэт гарчигтай хиймэл оюунаар бүтээсэн зураг хавсаргасан 30 гаруй минутын урттай бичлэг нийтэлжээ. Үүнээс харахад хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг ашиглан, зохиомол түүхээр хандалт авч, цааш түгээж байгааг харж болох юм.

Мөн ижил агуулгатай зураг ашиглан хэд хэдэн төрлийн бичлэгийг өөр youtube хуудаснуудад нийтэлжээ. Эдгээр бичлэг нь өөр дүрс огт ашиглаагүй, зөвхөн зураг оруулаад түүх зохиож уншсан, ижил агуулга бүхий зохиомол түүх оруулснаараа төстэй байна. Харин түүх болгонд дурдагдах гол дүрийн нэр өөр байх ба заримд нь япон, вьетнам эрэгтэй гэх мэтээр бичжээ.

Хиймэл оюунаар бүтээсэн зураг ашиглан зохиомол түүх түгээдэг youtube сувгийн мэдээллийг егөөдсөн тайлбартай хуваалцсаныг цааш түгээхдээ шуу утгаар нь ашиглажээ. Егөөдөл хуурамч мэдээлэл болдог жишээг баримтаар шалгасныг эндээс уншаарай.