Search

Синнамон дотор өөхийг хайлуулдаг гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1475

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Синнамонтой ус уух нь дотор өөхийг хайлуулдаг гэх агуулгатай богино хэмжээний бичлэг түгээжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Синнамон дотор өөхийг хайлуулдаг болохыг харуулсан өргөн хэмжээний, клиник судалгаа одоогоор байхгүй.

2025 оны 05 дугаар сарын 30-нд @aldar.mn гэх Instagram  хаягаас “Энэ яваа насандаа үүнээс илүү дотор өөх хайлуулах арга олсонгүй… Зүгээр л буцалсан усанд синнамон дүрээд уухад л болчихлоо” гэх тайлбартай богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1300 гаруй реакц, 75 сэтгэгдлээр идэвхжүүлж, 673 удаа цааш түгээжээ.

Синнамон (Cinnamon) нь Cinnamomum модны хатаасан холтосноос гаргадаг амтлагч юм. Синнамоны гол хоёр төрөл нь Кассиа синнамон (Cassia cinnamon- Cinnamomum aromaticum)  буюу хүнсний дэлгүүрт хамгийн түгээмэл худалдаалдаг, Цейлон синнамон (Cinnamomum verum) юм. Синнамон нь амин тос, циннамальдегид, синнамоны хүчил, циннамат зэрэг идэвхтэй нэгдэл агуулдаг. Мөн антиоксидант, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг шинж чанартай.  Холтос хэлбэрийн синнамон нь 65-80 хувийн циннамальдегид (cinnamaldehyde), 5-10 хувийн евгенол (eugenol) агуулдаг байна.

Синнамон нь цусан дахь сахрын хэмжээг бууруулж, бодисын солилцоог нэмэгдүүлэхэд нөлөөлдгийг харуулсан судалгаа бий ч энэ нь дотор өөхийг багасгах хүчин зүйл болохгүй.

Мичиганы их сургуулийн судлаачдын 2017 онд “Metabolism” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд синнамонд агуулагдах циннамальдегид нь хулгана болон хүний​​ өөхний эсэд (adipocytes) шууд үйлчилдэг болохыг харуулжээ. Уг судалгааг лабораторид хийсэн бөгөөд липидийн солилцоог сайжруулж, термогенез процессыг эхлүүлдэг хэд хэдэн ген, фермент нэмэгдэж байгааг харуулсан. Термогенез нь бие илчлэгийг шатаах дулаан үүсгэх процесс юм. Гэсэн хэдий ч судлаачид циннамальдегидийн бодисын солилцооны ашиг тусыг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрхэн яаж ашиглах талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатайг анхааруулжээ.

2019 онд нийтлэгдсэн “Эрүүл насанд хүрсэн хүмүүсийн цусан дахь глюкозын янз бүрийн хэмжээгээр синнамон хэрэглэхэд үзүүлэх нөлөө” судалгаанд 41 оролцогчийг 3 бүлэгт хуваан (синнамоныг өдөрт 1, 3, 6 гр-аар хэрэглэсэн 3 бүлэг) 40 хоногийн турш судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд гурван бүлгийн оролцогчдын биеийн жингийн индекс (body mass index-биеийн өөхний хэмжээг тооцоолохын тулд өндөр, жингийн харьцааг хэмжих), сүүлийн 2-3 сарын цусан дахь сахрын дундаж түвшний (glycosylated hemoglobin (HbA1c)) үзүүлэлтийн ялгаа нь статистикийн хувьд ач холбогдолгүй байсан. Харин хоол идэхийн өмнөх цусан дахь глюкозын хэмжээг харуулсан (Preprandial Blood Glucose) үзүүлэлт тодорхой буурсан байжээ. Уг судалгаанд судлаачдын тусгай бэлтгэсэн синнамоныг хэрэглэсэн ба судалгаанд хамрагдахаас өмнө, 20 дахь, 40 дэх хоногт үзүүлэлтүүдийг хэмжсэн байна. Мөн судалгааны дүгнэлтэд синнамон хэрэглэх тухай илүү нарийвчилсан, урт хугацааны судалгаа хийх шаардлагатайг дурджээ.

Синнамоны нэмэлт нь насанд хүрэгчдийн биеийн жинд үзүүлэх нөлөө: хяналттай эмнэл зүйн туршилтуудын системчилсэн тойм, мета-анализ” судалгаанд нийт 1480 хүнийг хамруулсан 21 хяналттай эмнэл зүйн туршилтад шинжилгээ хийсэн. Тус судалгааны үр дүнд синнамонтой нэмэлт бэлдмэл нь биеийн жингийн индекс, жин, бэлхүүс-ташааны харьцааг мэдэгдэхүйц буруулсан. Харин биеийн өөхний масс, бэлхүүсний тойрогт нөлөө үзүүлээгүй байна. Өндөр чанартай, урт хугацааны хяналттай эмнэл зүйн судалгаа хийх шаардлагатай тухай дүгнэлтдээ тусгажээ.

Олон улсын баримт шалгалт сүлжээний гишүүнй THIP media баримт шалгах төвөөс синнамонтой халуун ус уух нь жин хасахад нөлөөлдөг гэх агуулгад баримт шалгалт хийж, төөрөгдүүлсэн хэмээн тайлагнажээ. Тодруулбал тус баримт шалгалтад  хүнс хоол тэжээлийн ухааны доктор, эмч Свати Дэйв:

  • “Синнамон хэвлийн өөхийг шууд шатаадаггүй. Бодисын солилцоог бага зэрэг сайжруулж, цусан дахь сахрын хэмжээг зохицуулах замаар бүх биеийн жингийн ерөнхий менежментийг дэмжиж болох ч зөвхөн тодорхой хэсэгт нөлөөлөхгүй юм. Эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн нь тогтвортой үр дүнд хүрэх түлхүүр юм” гэх тодруулгыг өгчээ.

Дотор өөхлөлт нь хэвлийн хэсэгт ходоод, элэг, бөөр зэрэг эрхтэнийг хүрээлж бий болдог өөх юм. Дотор өөхийг дан ганц синнамонтой ус уугаад багасгах боломжгүй. Харин эрүүл, тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийж, чанартай нойр авч, стрессээ бууруулж, алкохолны хэрэглээгээ багасгах хэрэгтэй хэмээн Кливланд клиникийн эрүүл мэндийн мэдээллийн сайтад зөвлөжээ.

Синнамон хэт их хэрэглэх нь элгийг гэмтээх эрсдэлтэй.

Синнамонд агуулагдах кумарин нэгдлийг ихээр хэрэглэх нь элгийг хордуулж, гэмтээх эрсдэлтэй. Кассиа синнамонд 1%, цейлон синнамонд 0.004%-ийн кумарин агуулагддаг. вропын хүнсний аюулгүй байдлын агентлаг гаргасан аюулгүй кумарины хэмжээ кг тутамд 0.1 мг гэж заасан байдаг. Эрүүл мэндийн мэдээллийн сайт Healthline-д “Синнамоны тунг заасан судалгаа одоогоор байхгүй. Хэт их синнамон хэрэглэх нь түүнд агуулагдах курамины агууламжтай холбоотой их хэмжээгээр хэрэглэвэл элэг гэмтэх эрсдэлтэй. Өдрийн хэрэглээ нь хагас цайны халбагаас илүүгүй байх нь зүйтэй. Синнамоны төрлөөс хамаарч агуулах курамины хэмжээ өөр” гэжээ.

Дүгнэвэл синнамон нь цусан дахь сахрын хэмжээг багасгах, биеийн жингийн индексийг буруулахад тодорхой нөлөөтэйг харуулсан судалгаанууд бий ч хүн дээр туршсан илүү өргөн хүрээний эмнэл зүйн судалгаа шаардлагатай хэмээн судлаачид дүгнэсэн. Мөн судалгаануудад судлаачдын гаргаж авсан ханд, нунтаг синнамоныг өөр өөр хэмжээгээр ашиглажээ. Синнамон дотор өөхийг хайлуулдаг болохыг харуулсан өргөн хэмжээний, клиник судалгаа одоогоор байхгүй байна. Мөн синнамоныг хэт их хэмжээгээр хэрэглэх нь элгийг хордуулж, гэмтээх, цусан дахь сахрын хэмжээг хэт багасгах эрсдэлтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

АНУ-ын нэмэлт, цогц эрүүл мэндийн үндэсний төвийн сайт

Мичиганы их сургуулийн сайт 

“Циннамальдегид нь өөхний эсийн бие даасан термогенезийг өдөөдөг бөгөөд бодисын солилцоог дахин програмчилдаг.удалгааг” судалгаа 

Эрүүл насанд хүрсэн хүмүүсийн цусан дахь глюкозын янз бүрийн хэмжээгээр синнамон хэрэглэхэд үзүүлэх нөлөө” судалгаа 

Синнамоны нэмэлт нь насанд хүрэгчдийн биеийн жинд үзүүлэх нөлөө: хяналттай эмнэл зүйн туршилтуудын системчилсэн тойм, мета-анализ” судалгаа 

THIP media баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан 

Кливланд клиникийн эрүүл мэндийн мэдээллийн сайт

“Кумаринаар өдөөгдсөн элэгний хоруу чанар: Өгүүллийн тойм” судалгаа 

Хоол хүнс дэх кумарин ба тэдгээрийг тодорхойлох арга” судалгаа

Европын хүнсний аюулгүй байдлын агентлаг

Эрүүл мэндийн мэдээллийн сайт Healthline

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document