2025 оны тавдугаар сарын 25-нд Tovch.mn нэртэй хуудсаас “Английн ЭМЯ: Никотинтай цахилгаан тамхи нь утаат тамхи татдаг хүмүүст тамхинаас гарахад тусалдаг бөгөөд никотин орлуулах эмчилгээ (наалт эсвэл бохь) эсвэл никотингүй цахилгаан тамхи хэрэглэхтэй харьцуулахад илүү үр дүнтэй байдаг. Энэ нь энгийн зөвлөгөө өгөхөөс илүү үр дүнтэй байдаг бөгөөд никотин цахилгаан тамхи татах нь хэрэглэгчдэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Тус пост 381 реакц, 45 сэтгэгдэл авч, 333 удаа цааш түгээгджээ.
- Энэхүү мэдээлэлд 2015 онд хийсэн “ашиг сонирхлын зөрчилтэй, нотолгооны чанар сул” гэсэн шүүмж авч байсан судалгааны үр дүнг 2025 оны тойм судалгаанаас гарсан мэтээр хоёр судалгааг хольж, төөрөгдүүлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Cochrane” олон улсын судалгааны байгууллагаас гаргасан “Тамхинаас гарахад электрон тамхины үзүүлэх үр нөлөө” системчилсэн тойм судалгаанаас “Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэсэн дүгнэлт гаргаагүй
“Cochrane” олон улсын судалгааны байгууллагаас гаргасан системчилсэн тоймд дурдсанаар, тамхинаас гарах нь зүрх судасны өвчин, уушгины хорт хавдар зэрэг олон төрлийн өвчний эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй. Гэвч олон хүний хувьд энэ үйл явц нь бие болон сэтгэл зүйн хувьд төвөгтэй тул электрон тамхи уг процесст хэр үр дүнтэй оролцдог болон хэрэглээний явцад гарч болох сөрөг нөлөөллийг тодорхойлох зорилгоор тус судалгааг хийж, 2025 оны 01 дүгээр сарын 29-нд нийтэлжээ.
- Тус системчилсэн тоймд 83 судалгааг хамруулснаас 68 нь ямар нэгэн тамхитай холбоотой байгууллагын санхүүжилтгүй, харин 15 нь тамхи, тамхины үйлдвэрлэлээс дэмжлэг авсан, эсвэл судлаачид судалгаанаас гадуур тамхины борлуулалт, үйлдвэрлэлээс дэмжлэг авсан гэдгээ нээлттэй мэдээлсэн байна.

Гэхдээ “Cochrane” судалгааны байгууллага энэхүү нөлөөллийг харгалзан үзэж, хамгийн бага зөрүүтэй байхаар тооцож үзсэнээ дурджээ.
Нийт судалгаанд 29,044 насанд хүрсэн, тамхи татдаг хүмүүс оролцсон бөгөөд эдгээр хүмүүсийг дараах бүлгүүдтэй харьцуулсан:
- Никотин орлуулах эмчилгээ (наалт, бохь)
- Эмийн эмчилгээ
- Никотингүй электрон тамхи
- Халааж хэрэглэдэг тамхи
- pod зэрэг шинэ төрлийн төхөөрөмжүүд
Судалгааны үр дүнд, никотин агуулсан электрон тамхи хэрэглэсэн оролцогчдын дунд илэрсэн гаж нөлөөнүүдэд хоолой, ам загатнах, ханиах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг багтжээ. Эдгээр нь уламжлалт никотин орлуулагч эмчилгээний үед нийтлэг ажиглагддаг хөнгөн гаж нөлөөнүүдтэй ижил байсан бөгөөд ихэнх тохиолдолд хугацааны явцад буурсан байна.
Харин “Ноцтой гаж нөлөөний тохиолдол харьцангуй бага бүртгэгдсэн боловч, орчин үеийн, илүү өндөр тунгаар никотин дамжуулдаг төхөөрөмжүүдийн урт хугацааны нөлөөллийн талаарх судалгаа хязгаарлагдмал байгаагаас тодорхойгүй байдал хэвээр үлдэж байна” гэж тус судалгаанд тэмдэглэжээ.
- Түүнчлэн “Никотин агуулсан электрон тамхи нь хэрэглэгчийг тамхинаас гаргах үр нөлөөтэй бөгөөд уламжлалт никотин орлуулагч эмчилгээнээс илүү үр дүнтэй байж болзошгүйг харуулж байна. Мөн никотингүй электрон тамхитай харьцуулахад үр дүн өндөр байж болзошгүй юм” гэжээ.
- Гэсэн хэдий ч урт хугацааны сөрөг нөлөөллийн талаарх нотолгоо хангалтгүй байгаа тул энэхүү төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг бүрэн дүгнэхэд нэмэлт судалгаа шаардлагатай хэвээр байгааг тус судалгааны дүгнэлт хэсэгт онцолжээ.
2015 онд Английн Нийтийн Эрүүл Мэндийн Газар (PHE) “Цахилгаан тамхи уламжлалт янжуур тамхинаас 95 хувиар бага хортой” гэсэн урьдчилсан үнэлгээ бүхий тайлан гаргасан боловч энэхүү дүгнэлт нь судлаачдын дунд маргаан, шүүмжлэл дагуулжээ
2015 онд Английн Нийтийн Эрүүл Мэндийн Газар (PHE)-аас гаргасан хараат бус шинжээчдийн дүгнэлтээр электрон тамхи нь утаат тамхинаас ойролцоогоор 95% бага хор хөнөөлтэй гэж тооцоолж, тамхинаас гарахад туслах боломжит хэрэгсэл байж болохыг дурджээ.
- Тухайлбал, “Янжуур тамхинд хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг олон төрлийн хорт бодис, ялангуяа хорт хавдар үүсгэгч нэгдлүүд агуулагддаг. Харин электрон тамхины утаанд эдгээр бодис янжуур тамхины утаатай харьцуулахад маш бага буюу дунджаар 5 хувиас доогуур, зарим тохиолдолд 1 хувиас ч бага түвшинд байна. Мөн электрон тамхинд агуулагддаг гол химийн найрлагууд нь өнөөг хүртэл хүнд хэлбэрийн эрүүл мэндийн эрсдэл үүсгэдэг болох нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдоогүй байна” гэжээ.
- Гэвч энэ дүгнэлт нь эрдэмтдийн дунд маргаан дагуулсан ба нотолгооны суурь нь хангалтгүй, ашиг сонирхлын зөрчилтэй эх сурвалжид тулгуурласан гэсэн шүүмжлэл дагуулж байжээ. Тухайлбал, The Lancet сэтгүүлд уг тайланг “PHE нь цахилгаан тамхины хор хөнөөлийг бууруулах талаарх дүгнэлтээ ашиг сонирхлын зөрчилтэй, нотолгооны чанар сул судалгаанд үндэслэж, олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх эрсдэлтэй” талаар анхааруулсан.
- 2015 оны энэхүү судалгаанаас хойш 4 жилийн дараа зөвхөн электрон тамхинаас үүдэлтэй EVALI гэх уушгины хүнд хэлбэрийн өвчин гарсан юм.
Хуулийн хяналтгүй, найрлага нь тодорхойгүй электрон тамхи нь уушгины хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин болох EVALI-ийн шалтгаан болж байна
EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) нь электрон тамхи болон вэйп бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой үүсдэг хүнд хэлбэрийн уушгины гэмтэл бөгөөд анх 2019 онд АНУ-д бүртгэгдэж байсан.
EVALI өвчний үүсгэгч хүчин зүйлүүдийн нэг нь витамин Е ацетат (vitamin E acetate) хэмээх бодис гэж үздэг. АНУ-ын Cleveland Clinic, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг бодис нь вэйпийн шингэнд, ялангуяа тетрагидроканнабинол (THC) буюу каннабисын идэвхтэй найрлага агуулсан бүтээгдэхүүнд түгээмэл агуулагддаг байна. Витамин Е ацетат нь тослог бүтэцтэй тул уушгинд орсон тохиолдолд уушгины альвеолын хананд наалдаж, амьсгалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж судалгаагаар тогтоожээ.
Витамин Е ацетатаас гадна зарим үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодис ашигладаг. Уг химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж, сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг тухай АНУ-ын “Johns Hopkins Medicine” албан ёсны сайтад мэдээлжээ. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.
Гэхдээ витамин Е ацетат, диацетил зэрэг бодис нь бүх электрон тамхины шингэнд агуулагддаггүй. Их Британи, Европын Холбоо зэрэг орнууд хууль тогтоомжоор диацетил ашиглахыг хориглосон байдаг.
- Харин хууль бус, баталгаагүй гаралтай бүтээгдэхүүнд тетрагидроканнабинол (THC) агуулагдах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор олон улсын эрүүл мэндийн байгууллагууд электрон тамхины бүтээгдэхүүний найрлагыг нарийвчлан хянах, хэрэглэгчдэд болзошгүй эрсдэл, найдвартай бус эх үүсвэр бүхий THC-шингэний талаар мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх шаардлагатайг онцолдог.
Шалгасан мэдээллийг хэдхэн хаягаас олон групп руу түгээжээ
Шалгасан мэдээллийг нийт 333 удаа хуваалцсан бөгөөд 7 хаягаас төрөл бүрийн Facebook групп руу шэйр хийж түгээжээ.


- Ийм байдлаар мэдээллийг зориуд, хиймлээр түгээх үзэгдэл нь олон нийтэд тухайн асуудлаар яг түгээж буй агуулгаараа ойлгуулахыг санаархсан зохион байгуулалттай мэдээлэл түгээх үйл ажиллагааны нэг илрэл юм.
Дүгнэхэд, хоёр өөр судалгааг хольж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ
- Шалгасан мэдээлэл эх сурвалжаа “Cochrane” олон улсын судалгааны байгууллага гэж дурдсан ч, уг байгууллагаас гаргасан “Тамхинаас гарахад электрон тамхины үзүүлэх үр нөлөө” системчилсэн тойм судалгаанд “Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэсэн дүгнэлт байхгүй байна.
Тухайлбал, шалгасан мэдээлэлд дурдсан “Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэх тоо баримт нь 2015 онд Английн Нийтийн Эрүүл Мэндийн Газраас (PHE) гаргасан судалгаанд онцолж байсан боловч, тухайн дүгнэлтийн нотолгооны суурь хангалтгүй, мөн ашиг сонирхлын зөрчилтэй эх сурвалжид тулгуурласан гэх шүүмжлэлийг дагуулсан.
Харин “Cochrane” олон улсын судалгааны байгууллагаас гаргасан системчилсэн тоймд нийт 29,044 насанд хүрсэн, идэвхтэй тамхи татдаг хүн оролцсон бөгөөд, “Никотин агуулсан электрон тамхи нь хэрэглэгчийг тамхинаас гарахад үр нөлөөтэй бөгөөд уламжлалт никотин орлуулагч эмчилгээнээс илүү үр дүнтэй байж болзошгүй” гэж үзсэн хэдий ч урт хугацааны сөрөг нөлөөний талаарх нотолгоо хангалтгүй байгаа тул энэхүү төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг бүрэн дүгнэхэд нэмэлт судалгаа шаардлагатай гэдгийг дүгнэлтэд онцолжээ.