Search

Аяны хэрэгсэл хямд зарна гэх хуурамч мэдээллээс болгоомжлоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1473

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“10×10 харьцаатай майхан аяны хоёр ортойгоо 100,000” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн үнээс хэт хямд бараа бүтээгдэхүүн сурталчилж, хуурамч мэдээлэл түгээж байна. Ингэхдээ мөнгө тараах, бэлэг өгөх, азтан шалгаруулах гэх мэтээр хүмүүсийг мэхэлж, дагагчдаа өсгөх оролдлого хийж байна.

2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр HM Store нэртэй хуудаснаас “10×10 харьцаатай майхан, аяны хоёр ортойгоо 100,000” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Уг пост 1100 гаруй реакц, 189 сэтгэгдэл авч, 610 удаа цааш түгээгджээ. 

Шалгаж буй мэдээлэлд харуулж байгаа майхны талаарх мэдээллийг хайхад, Amazon олон улсын сайтад 189$-оор (675,675 орчим төгрөг) худалдаалагдаж байна. Харин майхан дахь ор нь дунджаар 110$ буюу 393,250 төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ мэт зах зээлд буй үнийн дүнгээс хэд дахин хямд үнэтэй бараа худалдах, захиалга авах тухай мэдээллүүд нь хандалт цуглуулах цаашлаад залилан хийх зорилготой байх нь бий.

Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягтлах аргыг ашиглалаа.

HM Store нэртэй тус хуудсыг шалгахад түгээж буй мэдээлэлдээ холбогдох утас, дансны дугаар, хаяг байршил, бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт нэмэлт тайлбар оруулдаггүй. Зөвхөн хаягийг дагаж, цаашаа түгээхийг л уриалдаг байна.

Мөн хэд хэдэн хаягийг дурдаж дагахыг уриалахаас гадна бэлэг өгч, мөнгө шилжүүлэх тухай постуудыг ч нийтэлжээ. Тэдгээр хаягуудыг шалгахад түгээсэн мэдээлэл багатай шинээр нээсэн хуудас байна.

Энэ нь хуурамч мэдээллээр дамжуулан хуудасныхаа хандалтыг өсгөх оролдлого юм. Зарим тохиолдолд энэ төрлийн хуудсаар хүмүүсийн анхаарал татсан мэдээлэл, шагнал урамшуулал, барааны зар зэрэг энгийн мэдээлэл түгээж, хаягийн хандалтыг нэмэгдүүлсний дараа хуурамч мэдээлэл нийтэлж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж, манипуляц хийх зорилготой ажиллах нь бий. Иймэрхүү хаягуудаас түгээдэг мэдээллийн нийтлэг хэв шинж нь,

  • Хаяг нь тодорхойгүй буюу холбоо барих дугаар, нэмэлт тайлбар, байршил зэрэг нээлттэй мэдээлэлгүй.
  • Найруулгын болон үг үсгийн алдаа ихтэй. Энэ нь ихэвчлэн гаднын улсаас удирддаг хаягаар орчуулгын мэдээлэл түгээж, залилах тохиолдолд илэрдэг.
  • Хуурамч зураг, эвлүүлэг, AI-аар бүтээсэн бодит нөхцөл байдалд нийцэхээргүй дүрс, бичлэг ашигладаг.
  • “Энэ постыг шэйр хийвэл аз ирнэ”, “5 хүн рүү явуулаад үз” гэх мэт тухайн мэдээллийг олон хүнд хүргэж, хуваалцахыг шаарддаг.
  • “50,000 төгрөг шууд ав”, “Энэ постыг шэйрлээд шагнал хож” зэрэг бэлэг өгөх, мөнгө тараах агуулгатай урамшуулал амласан мэдээллийг байнгын давтамжтай түгээдэг.
  • Анхаарал татах гарчиг, өдөөн турхирсан үг зэргийг түгээмэл ашигласан байдаг.

Энэ төрлийн баталгаагүй мэдээллийг олон нийтэд түгээж, хуваалцах нь хүмүүсийг төөрөгдүүлж, аливаа хохирлын шалтгаан болох эрсдэлтэй. Иймд хуурамч мэдээллээр хандалтаа нэмэгдүүлэхээр оролдож буй хаягийг таньж мэддэг хэрсүү нэгэн байж үүнтэй ижил төстэй мэдээлэл түгээдэг хаягийг бусдадаа хуваалцахгүйгээр репорт хийж, хязгаарлалт тавьж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document