2025 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Цахим Тогооч нэртэй хуудаснаас “Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй… Аяга сүүнд, атга хушны самар хийгээд /ястай / буцалгаад унтахын өмнө халуун бүлээнээр нь хамгийн багадаа 3 орой дараалан өгвөл нэн тустай байдаг” гэх агуулгаар пост нийтэлжээ. Уг пост 3400 реакц, 161 сэтгэгдэл авч, 3000 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Халуун сүүнд хушны самар хийж уух нь ханиадыг эдгээж, урьдчилан сэргийлдэг гэдгийг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй.
Хушны самар нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний түүхий эд болж зах зээлд борлуулагддаг. Тэдгээр бүтээгдэхүүний нэг нь самартай сүү юм. Уг сүүг зориулалтын технологи, биохимийн найрлагаар тусгайлан боловсруулсан байдаг. Харин шалгаж буй мэдээлэлд дурдсантай адил халуун сүүнд ястай самрыг шууд хийж хэрэглэх нь эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй.
Самар болон сүүний аль аль нь амин дэмээр баялаг, тэжээллэг шинж чанартай хүнс боловч халуун сүүнд самар хийж уух нь ханиадыг эдгээдэг гэж баталсан судалгааны материал илэрсэнгүй.
Хушны самар болон сүүнд агуулагддаг шим тэжээлийн тухай
Хушны самар нь уураг, эслэг, ханаагүй тосны хүчил, Е, К аминдэм, зэс, төмөр, магни зэрэг олон төрлийн шим тэжээлээр баялаг хүнс бөгөөд цусан дахь сахрын хэмжээг хянахад тусалж, зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархины эрүүл мэндэд тустай гэж олон тооны судалгаанд дурдсан байна. Тухайлбал,
- 2023 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн “Хушны самарт агуулагдах тосны хүчил нь үрэвсэл болон үрэвслээс үүссэн бодисын солилцооны алдагдалд нөлөөлөх нь” нэртэй судалгаанд хушны самарт агуулагдах пиноленой тосны хүчлийн нөлөөг судалжээ. Лабораторийн туршилт болон хүний гений зарим өгөгдөлд суурилсан тус судалгааны үр дүнд пиноленой хүчлийг архаг үрэвсэл, бодисын солилцооны эмгэгүүдийн үед хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу хавсралт эмчилгээний хэлбэрээр ашиглах боломжтой гэж үзжээ. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулж зүрхний эрүүл мэндийг дэмжих боломжтой гэж үзсэн ч самарт буй бусад бодисын хэмжээг судалж, үр нөлөөг нь илүү нарийн шинжлэхийн тулд өргөн хүрээтэй клиник судалгаа шаардлагатай гэдгийг мөн дурдсан байна.
- Сүүнд А, D, B12 амин дэм, кали, кальци, уураг, цайр гэх мэт олон тооны ашигтай шим тэжээл агуулагддаг. Ханиад хүрсэн үед халуун сүү уух нь өвчний шинж тэмдгийг бууруулж, тайвшруулдаг ч бүрэн эдгээх эмчилгээний арга биш юм. Энэ талаар 2014 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн зөгийн балын талаарх судалгааны материалд зөгийн балтай сүүгээр ханиалгыг намдаах боломжтой эсэхийг туршсан байна. Уг судалгааг 134 хүүхдийн дунд явуулсан бөгөөд гурван шөнө дараалан 90 мл сүү, 10 мл зөгийн бал уулгажээ. Үүний үр дүнд хүүхдүүдийн ханиалгын шинж тэмдэг намдаж, хоолойн өвдөлт буурсан гэдгийг тэмдэглэсэн байна. Гэвч уг туршилт нь хүүхэд бүрд харилцан адилгүй үйлчилж буйг дурдаж, эмчилгээний аргыг бүрэн орлоно гэж дүгнэж болохгүйг сануулсан байна. Өөрөөр хэлбэл дээрх арга нь зөвхөн ханиадны шинж тэмдгийг бууруулж, тайвшруулах замаар биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжихэд тустай ч бүх хүнд хүртээмжтэй байж чадах үр дүнтэй эмчилгээний арга биш юм.
Дүгнээд үзэхэд шалгаж буй мэдээлэлд дурдсан “сүүнд хушны самрыг ястай нь хийж буцалгаад гурван шөнө дараалан уух” аргын үр нөлөөг нотолсон шинжлэх ухааны судалгаа байхгүй. Иймд эрүүл мэндтэй холбоотой батлагдаагүй аргуудыг гэрийн нөхцөлд туршихгүй байх нь зүйтэй. Мөн ханиад хүрч, өвдсөн үед заавал мэргэжлийн хүнд хандаж, эмчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирсон эмчилгээний аргыг сонгох хэрэгтэй.